Х.МОНГОЛХАТАН

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай стратегийн орд болон уул уурхай дахь төрийн оролцооны талаар ярилцлаа.

МАНАЙД ОРД НЬ БИШ АШИГТ МАЛТМАЛ НЬ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ

-Стратегийн ач холбогдолтой орд гэдэг нэр томъёо хэрэглэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Яг ямар ордыг ингэж нэрлэдэг юм бэ?

-Ордуудыг нэн чухал, маш чухал ач холбогдолтой ашигт малтмал гэж нэрлэдэг болсон. Харин стратегийн гэдэг үгийг нэг талаас цэрэг дайны зориулалттайгаар тайлбарладаг. Нөгөө талаас тухайн улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотойгоор хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл өндөр хөгжсөн орнууд том үйлдвэрүүдтэй. Тэдэнд баялаг байхгүй учир зарим түүхий эдээ гаднаас авдаг. Дотооддоо үйлдвэрлэдэг байсан ч үйлдвэрлэлүүдээ таслахгүйн тулд түүхий эдээр хангах бодлого барьдаг. Эдгээрийг стратегийн ач холбог­долтой гэж нэрлэж иржээ. Түүнээс манайх шиг ашиг малтмалын орддоо төр нь оролцож үйлдвэрлэл явуулна гэсэн үг биш.

Монгол Улсад энэ өнцгөөс нь харах юм бол батлан хамгаалах чиглэлийн стратегийн ач холбогдол алга. Ямар ч онгоц, пуужин, буу, сум хийхгүй байна. Мөн дотооддоо гар утас, компьютер, зурагт үйлдвэрлэдэггүй. Эрдсийн бүтээгдэхүүн ашиглаад боловсруулах үйлдвэр алга. Тэгэхээр стратеги гэдэг үгийг Монголын хөрсөнд буулгаад үзэх юм бол хоёр л зүйл байна.

Дотоодын үйлд­вэрлэлийг хангах буюу нүүрс, барилгын материалаар хангах гэхээр орд нь биш ашигт малтмал нь өөрөө стратегийн ач холбогдолтой болох юм. Эсвэл экспортыг дэмжих бодлого. Экспортын орлогыг уул уурхайн салбарт явуулж байна. Хэрэв Монголын газар нутгаар төмс ногоо хөндлөн гулд тариад экспортлолоо ч, аялал жуулчлал хөгжүүлж дэлхийн хүн амын арван хувийг  авчраад ч уул уурхайн ашгийг гүйцэхгүй нь мэдээж. Дотооддоо мөнгө үйлдвэрлэх, зах зээл нь бага учир экспортыг дэмжсэн бодлого одоо ч байгаа, цаашид ч байна. Энэ утгаараа харах юм бол төр хувь хэмжээ эзэмшиж оролцох биш хяналт зохицуулалт хийж дэмжих, зогсоох, хязгаарлах бодлого явуулах ёстой.

-Тэгвэл стратегийн ач холбогдолтой орд газруудын ач холбогдлыг та ямраар харж байна?

-Үндэсний аюулгүй байдал нэн хаалттай гэж үзвэл дотоодын хэрэгцээг зайлшгүй хангах хуримтлалыг бий болгох юм. Бусад орон импортоор авдаг ашигт малтмалаа агуулахад нөөцөлдөг, эсвэл урт хугацаанд тогтвортой импортлох бодлого явуулж байна.

Харин манайх мөнгө олохын тулд байнга тогтмол, найдвартай, өндөр үнээр, үр ашигтай экспортлох ёстой. Төрийн оролцоо гэхээр ердөө төр л оролцохыг хэлээд байна. Гэтэл Канад, Австралид төр нь огт оролцдоггүй. Уранаа хүртэл 1971 онд хувьчилсан шүү дээ. Чилд төрийн өмчит ганц том үйлдвэр байдаг. Нийт үйлдвэрлэлийн гуравны хоёрыг энэ төрийн өмчит компани, бусдыг нь хувийн компаниуд хийдэг.

Гэхдээ Монголыг энэ улс орнуудтай жиших боломж алга. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчит компаниудыг харахад алдагдалтай ажиллаж, муу явж, шахаа хийх байгаа нь төрийн өмчит компани нь л байна. Учир нь төрийн өмчит компани Монголын нөхцөлд муу менежменттэй. Тэгвэл яагаад Чили улсын төрийн өмчит компани сайн ажиллаад байна гэвэл тэд компанийн нийтлэг дүрэм журмаар ажиллаж, ТУЗ нь хараат бус, захирлуудаа сонгон шалгаруулж томилдог, аудит нь ордог, төр нь үйл ажиллагааг нь хянадаг. Харин манайд хянан зохицуулах ажил алдагдаж, төр дотор нь орж ажиллаж байна. Төр 80 хувиар оролцчихоор яаж өөрийгөө хянах билээ дээ. Илэрхий ийм зүйлсийг сайн гээд магтаад байгааг би үнэхээр тэсч чадахгүй байгаа юм.

-Тэгвэл энэ үйл ажиллагааг сайжруулахын тулд юу хийх ёстой юм бэ?

-Компанийн тухай шинэ хуулиа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. ТУЗ-ийн 51 хувь нь хараат бус байж, захирлуудыг нь нээлттэй уралдуулж сонгон шалгаруулдаг, захирал нь хариуцлага хүлээдэг, баг нь өөрийгөө бүрдүүлдэг байх ёстой.

-Төр яаж оролцвол хамгийн зөв хувилбар болох вэ?

-Зохицуулалт гэдэг зүйлийг манайхан ойлгохгүй байна. ТУЗ-д нь төр өөрийнхөө төлөөллийг байлгаж болох ч, компанийн менежментийн баг нь ямар дүрэм журмаар ажиллах заавар зөвлөгөөг яамнаас сайн хийж өгөөд, юу хийж болох болохгүй, буруу үйлдлийнхээ төлөө ямар хариуцлага хүлээх зэргийг суулгаж өгөх хэрэгтэй. Угтаа бол төр өөрөө бизнест оролцохгүй, эдийн засгийн механизм, хууль дүрмээр зөв зохицуулалт хийчихээд дүрэм журмаа хянаад чангалж суух ёстойгоос өөрөө дотор нь орчихоод эрх мэдэлтэй байж болохгүй. Компанийн сайн дүрэм, засаглалыг бий болгож чадвал зохицуулалт хийж болно. Татварыг энгийн сайн авах ёстой. Орлого, зарлага болон байгаль орчин дээр хөндлөнгийн хяналт тавьдаг байх зэргээр бизнесийн зарчим руу ажилладаг болох хэрэгтэй. Төрийн өмчит компанийг бизнесийн зарчим руу оруулах хэрэгтэй.

Харин хувийнхийг нь сайн хянаж, үр ашгаа өгдөг бол татвараа сайн авах хэрэгтэй. Мөн олон улсын жишигт нийцсэн үнээр худалдаж чадаж байна уу гэдгийг хянаж байх ёстой. Манайх гэтэл Хятадын вэб сайтыг тавьчихаад, Тяньжиний үнээр жишиг тогтоож байгаагаа өндөр байна гэж ярьдаг. Энэ нь буруу юм. Төр өөрөө чадавхитай болж, бодлого боловсруулдаг нь бодлогоо, хэрэгжүүлдэг нь ажлаа хийж, төрийн өмчит компаниуд нь нэг толгой компанийн бодлогоор явах ч хувийн өмчит компанитай тэгш эрхтэйгээр хянаж оролцох ёстой. Төрийн өмчит компанид давуу эрх олгож болохгүй.

 

7000 ЛИЦЕНЗЭЭС ДОЛООН ТОМ ОРД Л НЭЭГДЭНЭ ГЭСЭН ҮГ

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт тусгай зөвшөөрөл олгосон гэсэн яриа байдаг. Үнэхээр сөөм газар үлдээлгүй зөвшөөрөл олгосон хэрэг үү?

-2006 онд Монголын газар нутгийн 44 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байсан. Гэвч стратегийн ач холбогдолтой орд 15 болсон. Монголын газар нутгийн 15 хувь нь тусгай хамгаалалттай газар байсан бол саяхан урт нэртэй хуулиар 30 хувийг нэмсэн. Одоо 45 хувь нь тусгай хамгаалалттай газар болсон. Орон нутгийн хэрэгцээнд 20 гаруй хувь байдаг. Ингээд 65 хувьд нь зөвшөөрөл өгөх боломжгүй юм. Үлдсэн боломжтой 35 хувийн 15-д 3000 тусгай зөвшөөрөл олгосон байна. Тэгэхээр замбараагүй олгогдсон зүйл байхгүй.

-Хамгийн дээд тал нь 1997 оны хуулиар 44 хувь болж байсан. Энэ зөвшөөрлүүдийн ихэнх нь цуцлагджээ?

-Тийм ээ. Гэхдээ би 44 хувьд нь зөвшөөрөл өгч байсныг ололт гэж хэлнэ. Хүмүүс буруу гээд байдаг юм.

-Яагаад ололт гэж?

-Хуулийн зорилго нь ашигт малтмал хайх, нээх, олборлох, ашиглах шүү дээ. Үйл ажиллагааг нь зогсоочих юм бол олсон ордоо ашиглаад нөөцөө бэлдэж чаддаггүй. Нэг орд нээхэд тухайлбал, Оюутолгой шиг ордод 9-48 жил зарцуулагддаг. Тавантолгой нээгдээд 40 жилийн дараа ашиглалтад орлоо. Ийм цаг хугацааны болон олон янзын эрсдэлийг тооцоолон хайгуулын ажил тасралтгүй явж байх ёстой. 44 хувьд нь хайгуул хийж, тэр тайлангаа Монгол Улсын Засгийн газарт өгнө гэдэг нутаг дэвсгэрийнхээ хаана, юу байгааг мэдэж авах боломжтой юм. Мэдээж тэр 44 хувьд бүгдэд нь Оюутолгой, Тавантолгой шиг орд нээгдэхгүй шүү дээ. Дэлхийн хэмжээний дундаж статистикаар 1000 оролдлогоос нэг л том орд нээгдэж байдаг. Тэгэхээр 7000 лицензээс долоон том орд л нээгдэнэ гэсэн үг. Тиймээс ашигт малтмал хаана байгааг нь мэдэхгүй байж хайхыг нь зогсооно гэдэг зөв бодлого биш. Гэвч лиценз олгогдсоноор Монголын газар нутгийг худалдсан гэж ойлгоод, яриад, хүмүүсийг төөрөгдүүлээд зогсоосон юм.

-Хайгуулын үйл явцад орон нутгийг сэндийчиж хаяад, нөхөн сэргээхгүй байгаагаас нутгийн иргэд дургүйцэж, эсэргүүцдэг юм болов уу?

-Хайгуулын явцад уул уурхайн ашиглалт шиг сэндийчдэггүй. Хайгуул хийхээр олгосон талбайн орлого, ашигт малтмал олборлосон орлогоос орон нутагт өгөхгүй шүү дээ. Тиймээс яаж дуртай билээ. Газар нутгаа ашиглуулж байж хөгжих хэрэгтэй биз дээ. Түүнээс мал бэлчих бэлчээргүйдээ болоод дургүйцээд байгаа ч юм биш. Мөнгөгүй ядуу, орлого нь нэмэгдэхгүй учраас дургүйцэж байгаа юм. Татвар төлбөрөөр орлого цуглуулж, тэгш хуваарилалт хийхгүй байгаагаас энэ бүхэн үүдэж байна. Ашигт малтмалаас олсон орлого нийтийн эрх ашгийн тулд улсын төсөвт орж байх ёстой. Орон нутагт тодорхой хувиар орох ёстой. Төсөвт орж буй орлогоос Норвеги улс шиг сан байгуулж түүгээрээ ирээдүйн хөгжил, хүний эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарт шаардлагатай үед зарцуулдаг байх хэрэгтэй.

Төр зөвшөөрөл өгчихөөд хянадаг, зохицуулдаг ажлаа хаячихаад хувийнхныг буруутгаад байгаа юм. Засаглал муутай, муу төртэй учраас нийтийн эрх ашгийн төлөө биш цөөнхийн төлөө ажиллаад байгаа нь харамсалтай.

Нарийн төмөр замаар Монголын баялаг гадагшаа урсана, өргөн бол урсахгүй гэж ярих юм. Энэ бүхнийг төр нь бодлогоороо зохицуулах ёстой атал төмөр зам зохицуулна гэж юу байх вэ дээ. Хил, гааль, боомт байхад энэ бол үнэхээр марзан юм. Тодорхой бүлгийн юм уу, хүний ашиг сонирхолд хөтлөгдсөн явцуу шийдвэрээс болж төмөр зам шийдэгдэхгүй байсаар говь байгаль орчны доройтолд орлоо. Яагаад тэр нүүрсийг төмөр зам, конверээр/туузан дамжуулга/ зөөхгүй машинаар ачаад байгаа юм бэ. Элдэв саад тотгор ярьсаар машинаар зөөлгөөд байгаа нь ердөө л хэдэн хүний бизнес юм. Энэ бүхнийг төр л зохицуулах ёстой юм.

БАЙГАЛЬ ОРЧИН СҮЙДВЭЛ ЯАХ ВЭ?

-Монголын төр хүчгүй байна уу, анхнаасаа хууль нь муу гараад байна уу?

-Төрийг хүчгүй­дүүлээд байна. Хэрэггүй юманд төрийн хүч чадлыг зарчихаад олон боломжуудаас нухацтай сонгож, шийдэж төр, бизнесмэн, ард иргэд гурвууланд нь ашигтай боломж хувилбарыг хайхгүй байна.

-Энд улс төрийн тоглолтууд явагдаад байх шиг. Нэг нам нь ард  түмэнд хэрэгтэй зүйл хийчихвэл сонгуульд ялах учир нөгөө тал эсэргүүцэх жишээтэй. Эсвэл өөрсдийн бизнесийг дэмжих зорилгоор л улс орондоо хэрэгтэй шийдвэр гаргахгүй байна уу?

-Энэ бол манай улстөрийн үнэн төрх. Хатуу намын гишүүнчлэлтэй. Намын санхүүжилт нь ил тод нээлттэй биш. Суудалтай намуудыг улсын төсвөөс адил тэгш суудлаар нь санхүүжүүлж бусад санхүүжилтийг нь хязгаарлаж, төсвийг  нь нээлттэй болговол арай цэвэршинэ. Гэтэл бизнесийнхнээс санхүүжилт аваад тэднийг албан тушаалд томилдог улс төр яваад байна. Энэ бол маш буруу систем. Намууд хамгийн их авилгал авч байна. Тэд бохир санхүүжилтээр сонгуульд ялж байна. Тэр мөнгөөрөө ард түмний тархийг угааж, хэзээ ч биелэхгүй амлалтуудаар ялж гардаг.

-Оюутолгойн гэрээг буруу, зөв гэж маргаж байгаа. Та энэ гэрээг юу гэж дүгнэж байна?

-Төр 34 хувиар оролцоод л гэрээ муухай болсон. Төр бизнесийн ажилд хэт хутгалдчихаад түүнээсээ гарч чадахгүй байгаа юм. Хэн чадамж­тайд нь эрх өгөөд төрөөс хяналт тавиад бизнесийн эрх чөлөөг нь олгох байсан юм. Тэгсэн бол Оюутолгой аль хэдийнэ ашиглалтад ороод үр ашгаа өгөөд эхлэчихсэн байгаа. Гэрээ гэж хуулинд байхгүй хэд хэдэн асуудлаар төр, хувийн компани хоёр тохиролцоо хийчихэж байгаа юм. Түүнээс хууль зөрчсөн зүйл байхгүй. Хянаж зохицуулна гэдэг л төрийн хамгийн том хийх ажил. Гэтэл төр нь бизнест хамтарч оролцоод ард түмний мөнгөний 34 хувиараа барьцаалагдан үүрэг  хүлээнэ гэдэг буруу юм. Дараа нь байгаль орчин сүйдвэл төр өөрийгөө шоронд хийх үү, улсаасаа хөөж гаргах уу. Тийм зүйл байхгүй шүү дээ. Ямар ч гэрээ төгс байдаггүй. Сөрөг болон сайн талтай. Яагаад тохиролцож байна гэхээр ашиг сонирхол илүү ойртсон учраас тэр. Засгийн газар УИХ-д хоёр, гурван удаа оруулаад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж зөвлөмжөө аваад, үүргээ өгөөд өөрсдөө батламжилсан шүү дээ.

Монголын төр ч, хувийн компани ч, ард түмний ч нийтлэг ашиг бол үр шимийг нь тэгш шударгаар хүртэх юм. Гэтэл энэ бүхэн гэрээний асуудлаас болоод таван жилээр хойшилсон. Ингэлээ гээд хэн ч хожоогүй. Гэрээний заалт бүрийг авч хэлэлцвэл сайн муу тал нь гарна байх. Харин гэрээний цаад зорилго нь төслийг амжилттай ашиглалтад оруулж түүнээс нийт борлуулалтын орлогын 55 хувийг татвар хураамж төлбөрийн хэлбэрээр Монгол Улс авах ёстой.

-Ашигт малтмал олборлоод ашиглаж, авч, үр дүнг нь үзэж болж байна. Хамгийн гол нь эргээд үлдэх эх нутаг минь шүү дээ. Энэ тал дээр төрийн бодлого ямар байна?

-Хууль гаргачихаад л нөхөн сэргээлт болчихно гэж бодоод байна. Гэтэл үнэндээ хөндлөнгийн хяналт, мониторинг хийж чадахгүй байна. 700 гаруй байгаль орны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага байна. 400 аж ахуй үйл ажиллагаа явуулж байна. Хоёр дахин их төрийн бус байгууллага ажиллаж байж яагаад олигтой үйл ажиллагаа явуулж чадахгүй дэмий л хэрүүл хийж сууна вэ. Нөхөн сэргээлт хийдэггүй компанид хяналт тавьж, албадан хийлгэж, сэргээлгэж хүлээн авах нь төрийн бус байгууллага болон төрийн үүрэг шүү дээ. Түүнээс биш улаан цаасан дээр торгууль бичиж, гурван өдөр юм уу, гурван сар хаачих нь зөв бодлого биш. Олон уул уурхай байгаа орон нутагт яагаад мэргэжлийн тасаг ажиллаж болдоггүй юм. Ганцхан хүн яагаад ч хүчрэхгүй шүү дээ. Тэгэхээр ард иргэд, засаг захиргаа, иргэний нийгмийнхэн ч компаниудыг ердөө айлгаж, дарамтлах, хөөж, туух, мөнгө авах л ажил хийж байгаа нь харамсалтай.