Б.СОЛОНГО
Энэ бол өчигдрийн байдлаар аймаг, орон нутгаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн ургац хураалтын мэдээ. Цагаасаа 15 хоногоор хойшилж эхэлсэн намрын ургац хураалт хөдөө аж ахуйн салбарынхныг сандаргаж эхэлжээ. Энэ жилийн зун бороо, хур элбэгтэй байснаас үр тарианы болц харьцангуй удаан байгаа гэнэ. Тэр ч байтугай зарим аймагт үр тариа ногооноороо байгаа нь сэтгэл зовоосон асуудал болов. Тодруулбал, Төв, Булган, Өвөрхангай аймагт болц нь гүйцээгүй тариагаа хураах уу, эсвэл хүлээх үү гэсэн хэцүү асуулттай тулгарсан байна. Одоогоор зөвхөн ангилан хадалт хийж, тариаланчид хүйтрэхээс урьтаж болоогүй буудайгаа ногооноор нь хадаж, тэжээл болгохоос аргагүй болох вий гэдэгт санаа зовж байгаа аж. Цаг агаарын мэдээгээр энэ сарын 20-ноос эхлэн ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байна. Хур тунадас орж, уулархаг нутгаараа нойтон цас орох аж. Тэгэхээр үлдсэн долоо хоногийн хугацаанд үр тарианы хураалтыг хэрхэн амжуулах вэ гэдгийг холбогдох албаныхан шийдэх хэрэгтэй боллоо. Уг нь цаг агаар таатай байвал ургац хураалт жигдэрч, тооцоолсон хэмжээнд хүргэх боломжтой гэж байсан. Гэвч энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар 16-22 хэм дулаан байх боловч үр тарианы болцыг гүйцээх нар ээхгүй нь тодорхой ажээ. Зарим нутагт шөнөдөө хасах нэг хэм хүйтэрнэ гэсэн мэдээ байна. Атрын аянаас хойш анх удаа 490 мянган тонн үр тариа хурааж, дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй, гадаадад экспортолно хэмээн тооцож байсан нь саяхан. Гэвч ургац хураалтын өнөөдрийн байдлыг харахад байдал тийм ч сайнгүй байгаа бололтой. Ургац хураалт эхлээд арав гаруй хонож байхад нийт үр тарианы хураалт дөнгөж 1.4 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт билээ. Өчигдрийн байдлаар үр тариа хураалт нь 100 хувь дууссан ганцхан аймаг байгаа нь Ховд. Гэвч тус аймагт ердөө л 140 га талбайд үр тариа тариалсан юм байна. Тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймагт 139330 га-д үр тариа тариалснаас 1420 га талбай дахь буудайг хураасан нь ердөө ганцхан хувийн явц аж. Түүнчлэн Төв аймгийн үр тариа хураалт 0.1 хувь, Булган аймгийн ургац хураалт 0.2 хувь, Хөвсгөл аймгийнх нэгхэн хувь, Архангай, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Орхон аймгийн үр тариа хураалт бүр эхлээ ч үгүй байна. Нийтдээ 490 мянган тонн улаанбуудай хурааж авах төлөвлөгөөтэй манай улс өчигдрийн байдлаар дөнгөж 5518 тонныг гар дээр авсан гэсэн үг. Харин төмс, хүнсний ногооны ургац хураалт 28.3-39.9 хувьтай байгаа гэнэ. Цаг нь тулсан ургац хураалтыг яаравчлахын тулд оюутан, залуусыг дайчлахаар болсон тухай албаныхан мэдээллээ. Ямар боловч цаг агаарын таагүй байдлаас урьтаад бэлэн болсон ургацаа алдагдал багатай хураан авч чадах уу, үгүй юу гэсэн хүндхэн даваа хөдөө аж ахуйн салбарынхныг хүлээж байна.