Ж.ЦОГЗОЛМАА

Монголын шинэ Ерөнхийлөгч тодроход ес хоног дутуу, харин намууд сонгуульдаад ид завгүй байна. Засгийн газар “Чингис” бондын хөрөнгийг зам, барилгад шингээж, хөрөнгийн зах зээлд “шинэ хуудас” нээсэн хэмээн мэдэгдэж байна. Гэвч Дэлхийн банк “Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ий 8.4 хувь болж, сүүлийн 13 жилд байгаагүй өндөр үзүүлэлтэнд хүрсэн. Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэх ёсгүй боловч долоон хувиас давах магадлалтай байна” хэмээн санууллаа.

Энэ зуур АНУ-д өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Засгийн газрын төсвийг танасан юм. Энэ онд нийт 85.4 тэрбум ам.доллараар төсвөө танахаар болсон бөгөөд үүний тэн хагас нь урсгал зардал. 2014-2021 он хүртэл энэ мэтчилэн төсвийг бууруулах юм. Засгийн газрын зардал жил тутам 238.6 тэрбум ам.доллараар үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Сангийн бодлогоо эсэргүүцсэн олон хүн гудамж талбайд жагсч байна.

ОУВС Вашингтоны энэ үйлдлийг “Хэтэрхий яаруу бас буруу төлөвлөгдсөн арга хэрэглэж байна” хэмээн буруутгалаа. Бас эдийн засгийн өсөлтийг “тайрч” байна гэж шүүмжилж байна. Энэ онд тус улсын эдийн засаг 1.9 хувиар өсөх төлөвтэй байсан ч өдгөө энэ таамаг 1.75 болж буурчээ.

 

“ӨСӨЛТ УДААШИРЧ БАЙНА, ГЭХДЭЭ ЯАРАХ ХЭРЭГТЭЙ”

 

“Төсвийн таналт нь богино хугацаанд нөлөө үзүүлэхгүй. Гэвч боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтыг ялгаваргүйгээр бууруулах нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг бууруулна. Үүний оронд шинэ орлого болон яамдын төсвийн саналыг бууруулвал илүү дээр шийдэл болно” хэмээн ОУВС мэдэгдэж байна. “ОУВС-гийн зөвлөгөө бол өсөлт удааширч байна, гэхдээ яараарай гэдэг утгатай шүү дээ. Удааширч байна гэсэн сануулгын дүнд тогтвортой өсөлт болоод ажлын байр бий болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин яараарай гэсний хариуд урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох ёстой гэж ойлгож байна” гэж тус сангийн тэргүүн К.Лагарде хэллээ.

 

ЗӨВ ГАРЦ

 

Өнгөрсөн онд АНУ-ын эдийн засаг 2.2 хувиар өссөн бол энэ онд 1.9 хувьд хүрнэ хэмээн ОУВС тааварлаж байгаа. Тэдний төсөөллөөр өсөлт ирэх онд дахин 2.7 хувьд хүрэх аж. Энэ зуур Холбооны нөөцийн сангаас бонд худалдан авч ажил эрхлэлт болоод эдийн засгийн өсөлтийг сайжруулах мөнгийг зах зээлд “цутгах” төлөвлөгөөтэй байна. Гэвч энэ бодлого дуусгавар болоход дэлхийн санхүүгийн зах зээлд сөрөг дохио очно гэсэн болгоомжлол хүчээ аваад байна.

 

МОНГОЛЫН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГ

 

Сангийн сайд Ч.Улаан “Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар хоёр тэрбум ам.долларын гадаад өрийн үлдэгдэлтэй байна

2012 оны тайлант хугацаанд 118.4 тэрбум төгрөгийн гадаад зээлийг ашиглаж, эргэн төлөлтөд 62.5 тэрбум төгрөгийг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2.751.2 тэрбум төгрөг байна” гэлээ. Харин “Чингис” бондын 1.5 тэрбум “ногоон”-ы хөрөнгө ч мөн дээрх өрийн адилаар авто зам, дэд бүтцэд зарцуулж буй нь ашиггүй салбарт мөнгөө дэмий урсгаснаас ялгаагүй болох гэж буйг Дэлхийн банкнаас сануулж байгаа. Гэсэн ч энэ хугацаанд Монгол Улс төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ   авсангүй. Алсын АНУ хүртэл төсвийн алдагдлаа бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлээд эхэлчихсэн байхад Монгол Улс өр, зээлээс өөр юмгүй сууж байна.