Э.ӨНӨР
Орон сууцны зээлийг ирэх даваа гаригаас шинэ шалгуур, нөхцөл, журмаар олгоно. Иргэд ипотекийн зээлд хамрагдахын тулд шинэ журамтай танилцсаны дараа судалгаагаа эхлэх нь гарцаагүй. Орон сууцны зах зээлтэй холбоотой зарим мэдээллийг хүргэж байна.
ХЯМД ОРОН СУУЦ СОНГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙНА
Нийслэлд байгаа орон сууцны ам метрийн үнэ 1.1-5.1 сая төгрөг байна. Хамгийн үнэтэй байр Хан-Уул дүүрэгт 80-310 сая төгрөгийн ханштай бол хамгийн хямд нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлалтай “Өгөөмөр” хотхонд орон сууцны ам метр 1.1 сая төгрөгийн үнэтэй байна. Тус хотхонд нэг өрөө байрыг 38 сая, хоёр өрөөг нь 44 сая төгрөгөөр борлуулж байгаа аж. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх 60 айлын орон сууцанд ам метрийг 1.2 сая төгрөгөөр үнэлжээ. Харин Баянзүрх дүүрэгт байрлалтай “Ургах наран”, “Ерөө” хотхоны ам метрийн ханш 1.1-1.2 сая төгрөг. Хотын төвд ойролцоо Сансар, Жуков, 100 айл, 10 дугаар хороололд 2-3 өрөө байр 64-92 сая төгрөгийн үнэтэй байна.
ЗЭЭЛ ТӨЛӨХ ХУГАЦАА 20 ЖИЛ
Хотын захад болон зуслангуудад байрлалтай орон сууцнаас ипотекийн зээлээр байр авахаар сонирхож, зэхэж буй хүмүүст бяцхан тооцоог танилцуулъя. Банкуудын орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувь байна. Энэ тоо ирэх даваа гаригт ипотекийн зээл хэрэгжсэн ч хэвээр байна гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Банкнуудаас одоо олгож байгаа орон сууцны бүх зээлийн хүү 16-17 хувиас найм болож буурах юм. Тэгэхээр урт хугацааны /20 хүртэл жил/ хүү багатай зээлээр дээрх орон сууцнаас сонголт хийхэд 2-3 өрөө байрны урьдчилгаанд 12-27 сая төгрөгийг бэлдэж таарах нь. Харин хүүнд нь жилд дунджаар 2.5-7.5 сая төгрөг төлөх юм байна. Үүнийг сарын 800 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх төлөх боломжтойг банкны мэргэжилтнүүд хэллээ. Ирэх даваа гаригаас шинэ журам, шинэ нөхцөл, шалгуураар банкууд орон сууцны зээл олгоно.
БАНКИНД ЗЭЭЛТЭЙ БОЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ
Их хэмжээний, хэрэглээний бага төвшний зэрэг банкинд зээлтэй бол ипотекийн зээлд хамрагдах боломжгүй юм байна. Харин өмнө нь авсан 16-17 хувийн хүүтэй орон сууцны зээлээ найман хувь руу шилжүүлэх эрх нээлттэйг Монголбанкны удирдлага онцолж байгаа. Ингэхдээ энэ зээл хэрэгжсэнээс хойш долоон сарын дараа энэ эрх нээгдэх юм. Найман хувийн хүүтэй зээл авах хүмүүст Засгийн газар чардайтлаа ажилла гэсэн шалгуур тавьж байгаа бол Монголбанк тэднээс тогтвортой ажлын байр шаардаж байна. Харин арилжааны банкууд тогтмол хугацаанд хуримтлуулдаг найдвартай орлоготой өрхүүдийг энэ зээлд урьж байгаа юм. Банкууд эрсдэлээс сэргийлж урьдчилгааг 30 хувиас буулгахгүй гэсэн байр сууриа баримтална гэдгээ онцолсон.
ЗУСЛАНГИЙН ОРОН СУУЦ ХЯМДАРЧЭЭ
Орон сууцны ам метрийн үнийг нэг сая төгрөгт барих боломж байгааг Барилгын холбооны удирдлагууд хэлж байсан. Гэвч байрны ам метрийн ханш өнөөдөр 1.1 сая төгрөгөөс дээш байна. Барилгын зарим компани өнгөрсөн сард орон сууцныхаа үнийг буруулсан ч нэг саяын үнэтэй талбай алга. Тэд байрныхаа үнийг хэрхэн хямдруулсныг сонирхоё.