Д.ОЮУНЧИМЭГ

 

Уул уурхайн яамнаас боловсруулсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” баримт бичгийн төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 2013-2024 он хүртэл эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах зарчим, чиглэл, зохицуулалт, удирдлагын систем, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг энэ баримт бичгээр тодорхойлно. “Улсын геологийн зураглал”, “Нүүрс”, “Төмөр”, “Хайлуур жонш”, “Газрын ховор элемент”, “Зэс”, “Түгээмэл тархацтай ашигт малтмал”, “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин” зэрэг дэд хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд, богино хугацааны төлөвлөлтөд тусган төлөвлөж ажиллахаар төсөлд тусгажээ.

Экспортын чиг хандлагатай үйлдвэрлэл дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн үйлдвэрлэлийг манай орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон. Сүүлийн гурван жилд дотоодын нийт бүтээгдэхүүн дэх уул уурхайн салбарын өсөлт ес хүртэл хувь, экспорт 70 гаруй хувиар нэмэгджээ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 1170 орд газрын хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ба эдгээрээс стратегийн ач холбогдол бүхий 15, стратегийн ач холбогдолтой байж болох 39 орд байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар манай улсад 80 төрлийн ашигт малтмалын нөөц бүртгэгдсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын ажлын дүнд 900 гаруй орд, найман мянга гаруй илрэлийг тогтоож, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 1997 оноос хойш алт, зэс, нүүрс, хайлуур жонш болон бусад ашигт малтмалын нийт 270 орчим ордыг илрүүлсэн байдаг байна. Улсын төсвөөс геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж, 2000 онд 0.9 тэрбум төгрөг байсан бол энэ онд 7.3 тэрбум төгрөгөөр батлагджээ.