Э.СОЛОНГО

 

Ирэх даваа гаригаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэд банкуудад дараалал үүсгэх нь. Гэр хороолол, түрээсийн байранд амьдарч буй 100 гаруй мянган өрх энэ зээлийн хойноос хошуурна. Учир нь төр тэдэнд “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг та нар шиг зорилтот бүлэгт зориулсан” гээд ам гарчихсан. Шалгуурыг нь тогтвортой ажлын байр, тодорхой орлоготой иргэнд олгоно гэсэн юм.

Мөн 10-30 хувийн урьдчилгаагаа бэлдээрэй гэж захисан. Бэлэн мөнгөний хуримтлалгүй залуу гэр бүлүүд Засгийн газраас зарласан 10, 20 хувийн урьдчилгаанд олзуурхсан. Гэвч урт хугацааны, 8 /±1/ хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувиас доошлохгүйг арилжааны банкууд болон албаныхан хэлж байна.

 

НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД НАЙДАХ УУ?

Ипотекийн буюу орон сууцны урт хугацаатай зээлийн журам хэрхэн хэрэгжихийг Ерөнхий сайд, Төвбанкны ерөнхийлөгч мэдээлсээр байгаа. Тэд “Бид есхөн сарын хугацаанд эдийн засгийн хувьсгал хийж чадлаа. Үүний нэг жишээ орон сууцны ипотекийн зээл” гэж хэлсэн. “10, 20 хувийн урьдчилгаа төлөөд зээлд хамрагдаж болох уу” гэсэн асуултад Ерөнхий сайд “Зээлийн урьдчилгаанд хэдэн хувийг авахаа зээл олгогч банк шийднэ. Хангалттай орлоготой, авах зээлийн хэмжээ нь бага бол урьдчилгаа 10 хувиа төлөөд зээл авах боломж бий” гэж хариулсан. Харин Төвбанкны ерөнхийлөгч энэ асуултад “Монголбанкнаас урьдчилгаанд тогтоосон тоо 30 хувь. 10, 20 хувь төлөх боломжтой иргэдийг хэрхэх нь Засгийн газрын асуудал” хэмээсэн юм. Ийнхүү Засгийн газрын тэргүүн, Монголбанкны удирдлага хоёрын хариулт иргэдийг “төөрүүлж” орхилоо. Энэ зээл дундаж давхаргынханд зориулсан хөтөлбөр. Энэ утгаараа Монгол Улсын дундаж давхаргын өрхийн сарын орлогыг Төвбанк “Хэт ядуу болон хэт баян хэсгийг хасаад үлдсэн хэсгийг дундаж давхарга гэж үзэж байгаа. Дундаж өрхийн сарын нийт орлого 900 мянган төгрөг орчим. Энэ тоо цаашид өснө” гэж тооцоолжээ. Тэгвэл сарын 900 мянган төгрөгийн орлоготой өрх 15-25 сая төгрөг буюу 30 хувийн урьдчилгааг төлөх боломжгүйг дундаж давхаргынхан хэлж байгаа юм. Харин залуу гэр бүл, ахмад настан зэрэг зорилтот бүлэгт зориулсан хөтөлбөрийг намраас эхлүүлнэ гэж Засгийн газраас мэдэгдээд байгаа. Энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь мөн л тодорхойгүй байна.

 

“МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН 30 ХУВИЙГ БАРИМТЛАНА”

Ипотекийн зээлийг нийслэлд арилжааны банкуудын 2000 гаруй салбараар олгох юм. Ингэхдээ Төвбанкнаас ирүүлсэн журмыг мөрдөх аж. Журамд зааснаар байрны урьдчилгаанд 30 хувийн бэлэн мөнгийг иргэдээс шаардах нь. Учир нь Монголбанкнаас зээлийн урьдчилгааг 30 хувь гэж тогтоосноо мэдэгдсэн юм. Арилжааны банкуудын төлөөлөл дээрх жишгийг баримтална гэдгийг онцолсон. Тэгэхээр ирэх даваа гаригаас хэрэгжих ипотекийн зээлд хамрагдах хүмүүс орон сууцны нийт үнийн 30 хувьтай тэнцэх мөнгийг бэлдэх нь.