Ж.ЦОГЗОЛМАА

“Блүүмберг”-ийн тоймч Уиллиам Пессек “Хүчирхэг юань Хятадыг олон талаар хохироож байна” гарчигтай өгүүллээ өчигдөр нийтэлжээ. Энэхүү нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Б.Обама, Ши Жинпин нар төрийн дээд хэмжээний уулзалт хийх зуур зургаан юань нэг ам.доллартай тэнцэв. Ингэснээрээ хятад мөнгөн дэвсгэртийн ханш анх удаа дээд цэгтээ хүрлээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцан зөвшөөрөөд буй нэг зүйл нь хямд юань АНУ-ын экспорт болоод ажлын байр бий болоход заналхийлж буй явдал билээ. Б.Обамагийн цаг үед юанийн үнэлэмж өмнөхөөсөө 10-аас илүү хувиар өсөөд байна. Гэвч их гүрнүүдийн “болзоо”-ны ард валютын дайн бүдгэрч хоцорсон билээ.

Мэдээж, хүчирхэг юань Америкт халтай. Ингэснээр “+86” гэсэн Хятадын кодтой утасны дуудлагууд хоёр улсын тэргүүнүүдийн харилцуурт тасрахгүй болох үе эхлэх гэж байна. Цагаан хэрмийн эздийн хэтэвч түнтгэр байгаа. Компаниуд нь ч адил. Тэдний худалдаа наймаа Б.Обама, Ши Жинпин нарын уулзалтаас илүү цар хүрээг хамраад байна. Тухайлбал, “Shuanghui International Holdings” компани “Smithfield Foods Inc”-ийг худалдан авахаар улайрч буй. АНУ-ын компанид санал болгож буй Хятадын хамгийн том компанийн 7.1 тэрбум “ногоон” шуугиан тарьсан нь энэ. Бяр, хөрөнгө нь амтагдсан хятад компаниуд АНУ-ын “Goldman Sachs Group”-ийн дараа “Boeing”, “General Electric” руу давшилтаа эхэлжээ. Хятадууд “Apple”, “Wal-Mart Stores”-аас ч илүү үйлдвэрлэлийн хаант улсыг цогцлоож чадах нь тодорхой.

Ши Жинпин болон Ерөнхий сайд Ли Кецян нар ирэх арван жилд Хятадын “Microsoft”, эсвэл “Toyota” гэх мэт дэлхий дахинд танигдсан өрсөлдөхүйц брэндийг бүтээхээр ажиллаж байна. Тэд юанийг улам хүчирхэгжүүлж нутгийн брэнд бий болгох урт уйтгартай замыг тойроод гарчихаж ч мэдэх. Мартаж болохгүй зүйл бол Хятад 3.4 их наяд ам.долларын валютын нөөцтэй, түүнийгээ “дайн”-ы шатар болгож буй явдал. Гэвч Хятадын баячууд хөрөнгө оруулалтын сонголтоор “цангаж” хамаг мөнгөө дотооддоо уусгасаар байна.

Дээр дурдсан Хятадын их худалдан авалтууд АНУ-ыг хүндхэн нөхцөл байдалд шахаж байна. Үндэсний аюулгүй байдлын талаарх хэлэлцээрүүдийн дараа дахин нэг гэрээ цуцлагдах зуур Б.Обама нээлттэй, ил тод байдлын талаар ярьж чадахаа больж байна. Хоёр нүүр гаргагчид Америкийн эсрэг турхиралтыг Хятадад улам өдөөж байгаа. Гэвч дэлхий дахины компаниудын нэгдэл, худалдан авалтын энэ их “дайралт”-ын дүнд хамгийн том хохирогч нь Хятад өөрөө болох гээд байна. Тус улсын 100 мянга хол давсан төрийн өмчит компаниуд эдийн засгийнхаа гол нүүр царай болж, ДНБ-ийнхээ тэн хагаст тулах их хэмжээний үйлдвэрлэлийг бий болгож байгаа юм. Нэг компани нөгөөгөө “залгих” бүрт бусдад нь томоохон “тэжээл” болох төдийгүй хямд санхүүжилт тул тэд үүнд яаравчилдаг. Хятадын хувийн компаниудын гадаадын аль нэг брэндийг худалдан авах алхмыг зогсоох зүйл алга. Учир нь бодит байдал дээр тэд бусдаасаа илүү “зэвсэглэсэн” байдаг билээ. Ингэхээр Хятад улс хэдийнэ төрийн өмчит худалдан авагч болон хувираад байна. Энэ л Хятадын эдийн засагт хэрэгтэй сүүлийн зүйл юм.

Төрийн удирдлага доорх бизнесүүд хувиараа үйлдвэрлэл эрхлэлтэд хориг саад болж байна.  Коммунист намын томоохон хүмүүс болоод эрх баригчид төрийн өмчит компаниудын ашгийг банкин дахь дансандаа дуртайяа “гулгуулж” байгаа. Төрийн өмчит компаниуд нь “эрүүл бус” өр зээлд хүлэгдэж, эцсийн дүндээ Засгийн газар тэднийг батлан даалтад авахаас өөр сонголтгүй үлддэг. Үндэсний аваргуудыг төрүүлэх гэж мэрийхийн оронд Хятадын удирдагчид илүү хүчтэй эдийн засгийг бүтээх цаг ирээд байна. Учир нь хувийн компаниудад тулгардаг аливаа хориг саадыг арилгаснаар тэднийг өрсөлдөх боломжоор хангаж, өнөөгийн төрийн монополиудыг замаас гаргах хэрэгтэй байна. Илүү ил тод худалдан авалтын үйл явц нь үр дүнтэй өсөлтийн тулгуур билээ.