Б.СОЛОНГО

 

Өрнөдөөс гаралтай эдийн засгийн хямрал өдгөө дэлхийг яг л аалзны тор шиг хэрж байна.  Евро бүсийн хямралыг шийдэх оновчтой бодлого боловс­руулж чадахгүй бол Герман улсыг холбооноос гарахыг сануулсан хатуу­хан үг хэвлэлээр “ниссээр”. Гэвч Грек, Португаль зэрэг өрөнд баригдсан орнуудын гол санхүүжүүлэгч болсон Германыг бүсээс  гаргахад тийм ч амар биш гэсэн дүгнэлт ч байна. Хям­ралын гол буруутан болсон Евро бүсийнхэн болон АНУ-ын иргэдийн худал­дан авах чадвар буурч, тэр хэрээр бараа бүтээг­дэхүүний эрэлт багассан нь дэлхийн бусад хүчирхэг орнуудыг ээлж дарааллан хөлдөө чирч эхэллээ. Хямралд өртөгсдийн дунд нэр нь хараахан бичиг­дээгүй байсан Өмнөд Солон­гос, Япон зэрэг Азийн томоохон эдийн засагтай улсууд мөн л сө­хөрч эхэлжээ. Гадаад, до­тоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ суларснаас Өм­нөд Солонгосын хөрөнгө оруулалт царцанги бай­далд орж, мөн л хямралын шуурганд ганхаж байна. Японы Засгийн газар улсынх нь эдийн засаг хоёр улирал дараалан буур­сан үзүүлэлттэй гарсан тухай мэдээлэв. Ийнхүү дэлхийн гурав дахь том эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь Азийн эдийн засагт түгшүүрийн харанга дэлдэж эхэлснийг санууллаа. 2008 оны эдийн засгийн хямралыг давгүй туулаад гарчихсан Хятад улс бууж өгснөө мэдэгд­сэн. Америк, Европыг бүтээгдэхүүнээр хангадаг тус улсын хувьд худалдан авагчид нь ядуурсны ул­маас мөн л хэцүүхэн байдалд ороод байна.  Тэр дундаа Хятадын ган үйлд­вэрлэлийн салбар бүрэн зогсолтод орж,  бүтээг­дэхүүний нийлүүлэлт, бөөгнөрөл дээд цэгтээ хүрчээ. Хэдийгээр банкууд хөрөнгө оруулж байгаа ч гангийн эрэлт огцом буурч, үйлдвэрүүд нь 1.9 тэрбум юанийн алдагдал хүлээгээд байгаа талаар мэдээлж байсан. Хятадын гангийн сал­барын хямрал дэлхийн зах зээлд ашигт малтмалын, тэр дундаа нүүрсний үнийг огцом унагасан билээ. Томоохон улс ор­нуудын нэг нэгнээ мөрлөн унагаж буй хямралын сүлжээнд уул уурхайдаа хэт найдсан манайх мэт жижиг улс нь өртчихөөд байх юм. Экспортынх нь 70 орчим хувийг дангаараа эзэлдэг нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хэдийнэ савлачихаад байхад манайх ажиг ч үгүй суу­сан. Татварын орлого нь бүрдэхгүй, аж ахуй нэг­жүүд нь мөнгөгүй, улсын төсөв нь алдагдалтай гараад байхад хямралд өртөхгүй юм шиг л байв. Хоёрхон бүтээгдэхүүнээс хамааралтай улсын эдийн засгийг хэрхэн зөв залуурдах бодлого өнөө хэр нь гарсангүй. Гэтэл цаана чинь хямрал хэдийнэ ир­чи­хэж. Үндэсний статис­тикийн хорооны мэдээлс­нээр манай улсын гадаад худалдаа 1595.6 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оныхоос 30  хувиар өссөн байна. Өнгөр­сөн оны долдугаар сард манай улс экспортоос 348.9 сая ам.долларыг халаа­салж байсан бол энэ оны долдугаар сард 285 сая ам.доллар болж буур­сан байна. Улмаар өнгөр­сөн сард ердөө 167.9 сая ам.доллар олжээ. Хилийн боомт дээр тонн тутамдаа 50-60 ам.доллараар хямдар­сан нүүрс манай улсын экспортын 44 хувийг дангаараа эзэлдэг. Тэгэхээр нүүрсний наймаанаас олох орлого ингэж унах нь хэдийнэ тодорхой байлаа. Гэсэн ч зэс, нүүрсээс хамааралтай улсын төсвийг хамгаалах бодлого алга л байна.