Д.ОЮУНЧИМЭГ

 

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫН АШИГ

 Өнгөрсөн оны нэг­дүгээр сарын 6-ны баасан гаригт бүх төрлийн шатахуун литр тутамдаа 230-260 төгрөгөөр өсч иргэдийг бухимдуулсан. Харин өнгөрсөн баасан гаригт энэ үнэ 50 төгрөгөөр буурлаа.

Энэ жилээс манай улс ОХУ, Солонгос болон урд хөршөөс шатахуун оруулж ирдэг болсон байна. Энэ удаагийн хямдрал нь иргэдэд сард дөрвөн тэрбумын хэмнэлт авч ирнэ хэмээн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлж байлаа. 2012 оны нэгдүгээр сарын 6-наас хойшхи 17 сарын хугацаанд монополь компаниуд дээрх 50 төгрөгийг 4-5 дахин өсгөж нийт 272 тэрбум төгрөгийн ашиг олжээ.

Ийнхүү шатахууны үнэ буурсныг сонгуулийн шоу болох вий хэмээн зарим хүн хардаж байв. “Шатахууны үнэ буурч байгаа нь иргэдийн амьдралд бага болов ч нэмэр болно. Өдөрт шатахуунаас 500 төгрөг хэмнээд бусад хэрэглээндээ зарцуулах боломжтой” хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Үүнийг иргэд төдийлөн сайшаахгүй байлаа. Баянзүрх дүүргийн иргэн Б.Болд “5-10 мянгад шатахуун хийдэг бидэнд төдийлөн анзаарагдахгүй” гэлээ. АИ-92 шатахууныг 10 мянган төгрөгт багтаавал таван литр 988 гр болдог. Харин 50 төгрөгийн хэмнэлтээр 0.184 гр илүү авдаг болжээ. Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дашжамц “50 төгрөгөөр ч болов хямдарсан нь сайн. Гэхдээ бид шатахуунаасаа 500 төгрөг хэмнэлээ гээд яахав дээ. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй бол төдийлөн амьдралд мэдрэгдэхгүй” гэв. Их хэмжээгээр авдаг аж ахуйн нэгж болон хэтэвч зузаан хүмүүст энэ хямдрал мэдрэгдэхийг хүмүүс хэлж байлаа.

 

МАХНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ

 Энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон үйлчилгээний үнэ тариф нэлээдгүй өссөн. Харин бизнес эрхлэгчид, худалдаачид 50 төгрөгтэй дүйцүүлэн үнээ буулгах хэрэгтэйг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлсэн юм.

2012 оны нэгдүгээр сард кг нь 4000 төгрөг байсан хонины махны үнэ 8000 хол давчихсан байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2010 оны арваннэгдүгээр сард хонины ястай мах 3000 төгрөг байсан бол дараа оны мөн үед 4000 төгрөг байжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хонины мах 4700 төгрөг байлаа. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 700 төгрөгийн зөрүү харагдаж байна. Харин шатахууны үнэ огцом өссөнөөс хойш махны үнэ хоёр дахин нэмэгджээ.

230 төгрөгөөр өссөн шатахууны үнэ 50 төгрөгөөр буурах гэж жил “дамнах” хугацаанд үнэ өндрөө авчээ.

 

10 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ ТАВ БОЛЖ БУУРАВ

 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн онд “НИК”, “Магнай трейд”, “Содмонгол групп”, “Жаст-Ойл”, “Шунхлай трейдинг”, “Ойн бирж”, “Петрожамп”, “М-Ойл групп” компанид шалгалт хийсэн. Ингээд нефть импортлогч найман компани хоорондоо ярилцаж үнэ нэмсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тухайн үеийн шатахууны үнийн өсөлтөд нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас бодит зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн гэдэг. Тэр үед “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг байсан байна. Шатахууны үнэ нэмэгдэх шийдвэр гаргасан үе болон түүний дараа валютын ханшийн өсөлтгүй үеийн шатахуун худалдаж байсныг ч мөн тогтоосон байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн өмнөх жилийн орлогийн 1.5-2 хувь  буюу 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн У.Батсуурь хэлж байв.

Ийнхүү давамгай байдлаа ашигладаг шатахуун импортлогчдыг зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн 10 сая төгрөгөөр торгож байсан ч тэгсгээд замхарсан. Хэдэн сая, тэрбумаар торгох шийдвэрийг зөвхөн цаасан дээр буулгадаг жишиг тогтов. Давуу эрхээ гарамгай сайн ашигладаг монополиуд өдийг хүртэл торгуульд нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр шатахуун импортлогчдод ногдуулсан 10 тэрбумын торгууль тав болон хувирчээ. Учир нь 10 тэрбумын торгууль нь компанийн тайлан тэнцэл Татварын ерөнхий газар ирээгүй байхад яригдаж байсан тоо гэнэ. Харин дээрх компаниудын татварт өгсөн тайланг үзэж борлуулалтын орлогыг нь тооцон таван тэрбум болгосон юм байна. 17 сарын өмнө 230-260 төгрөгөөр өссөн шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан нь том ололт болсон тухай салбарын сайд сайрхав. Тэгвэл 17 сар иргэдээс завшсан мөнгийг эс тооцвол сүүлийн нэг сарын дөрвөн тэрбумыг ч болов шатахуун импортлогчдоос нэхье.