Ж.ЦОГЗОЛМАА

Иргэдийн хадга­лам­жийг даатгах корпорацийг байгуулах хууль батлагдсанаас хойш хагас жил өнгөрлөө. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай энэ хуулиар иргэдийн 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг даатгасан юм. Харин гол ажлыг нь хийх корпораци үүдээ нээх цагийг иргэд хүлээж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Санхүүгийн зохицуулах хороо “Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал ажилд шалгаруулж авна” гэж зарласан байдаг. Гүйцэтгэх захиралд тавих шаардлагууд нь гэвэл, ял шийтгэлгүй, өр зээлгүй, банк, санхүү, даатгал, эрхзүй, эдийн засгийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй зэрэг шалгуур тавьжээ. Гэвч өнөөдрийг хүртэл корпораци ч, захирал ч таг чиг.

 

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

 

Хадгаламжийн даатгалын тогтолцоо манай улсын хувьд шинэ сэдэв боловч гадаад улсуудад олон зуун жилийн турш хөгжсөн систем юм. Тухайлбал, БНСУ-ын KDIC компанийг дурдаж болно. Энэ корпораци нь иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргаж, тухайн банкаа ч хянадаг. Ер нь Азийн ихэнх орнуудад Хадгаламжийн даатгалын корпораци нь тухайн даатгасан банкныхаа “эрүүл мэнд”-ийн манаанд зогсох үүрэг хүлээдэг. Үүнээс гадна гадаад улсуудад хадгаламжийн даатгалын өөр нэг хэлбэр болох “Paybox” гэсэн тогтолцоо ч бий. Өөрөөр хэлбэл, даатгалын компани бус, эдийн засагчдаас бүрдсэн зөвлөл. Ингэхдээ тухайн банк эрсдэлд орвол санхүүгийн байгууллагуудыг хөлслөн, алдагдлыг нь бууруулахаар ажилладаг. Ийм систем ихэвчлэн барууны орнуудад үйлчилдэг. Даатгалын корпорацийн ажиллагааг АНУ-ын бодит жишээгээр тайлбарлахыг оролдъё.

2008 онд АНУ-д дөрөвдүгээрт жагсдаг хөрөнгө оруулалтын “Lehman brothers” банк дампуурснаар манай гаригийн санхүүгийн “зуд” эхэлсэн билээ. Үүнээс үүдэн тус улсад ганцхан жилийн дараа гэхэд 140 банк үүдээ барьсан. АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын байгууллага нийт 7760 банкны хадгаламжид баталгаа гаргажээ. Ингэснээр банк үүдээ барих бүрт тус байгууллага хадгаламж нэг бүрт 250 мянган ам.долларыг төлөхөөр хуульчлагдсан юм. 2010 оны есдүгээр сарын сүүлч гэхэд Холбооны хадгаламжийн даатгалын корпораци төлөвлөснөөсөө найман тэрбум ам.доллар илүү гаргасан байна.

Харин манай улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон Хадгаламжид баталгаа гаргах хуулиар түр хугацаанд иргэдийн мөнгийг төр батлан даасан юм. 2008 онд Засгийн газраас арилжааны банкуудад 300 гаруй тэрбум төгрөг байршуулж, иргэдийн хадгаламжийг төр хариуцахаар болсон билээ. Энэ удаад Хадгаламжийн даатгалын корпораци өөрийн эх үүсвэртэй ажиллах учраас өмнөх шиг төсөвт дарамт учруулахгүй хэмээн албаны хүмүүс нь мэдэгдсэн билээ.

 

КОРПОРАЦИЙГ ХЭРХЭН САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл, улсын төсөв болон Монголбанкнаас санд оруулсан эхлэлтийн хөрөнгө, хадгаламжийн даатгалын хураамж, Сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого, банкны актив хөрөнгийг борлуулсны орлого, Засгийн газар, Монголбанк, олон улсын байгууллагын зээл тусламж, корпорацийн гаргасан бондын эх үүсвэр зэргээс санхүүжүүлэх аж.

Банкууд корпорацид эхлэлтийн, улирлын, онцгой гэсэн гурван төрлийн хураамж төлөх юм. Тухайн банк дампуурсан тохиолдолд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын корпораци ажлын гурван өдөрт багтаан олгох юм байна. Түүнчлэн тус корпораци нь тухайн банкнаас аудитын дүгнэлт, санхүүгийн үзүүлэлтийг авах, хяналт шалгалт хийлгэх хүсэлтээ Монголбанкинд тавих бүрэн эрхтэй ажиллахаар хуульчилжээ.

Хадгаламжийн даатгалын корпорацийг удирдах дээд байгууллага нь Хадгаламжийн даатгалын үндэсний хороо байх бөгөөд долоон гишүүнээс бүрдэх юм. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч энэ хорооны дарга байх, мөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга нарын хүмүүс энэ хороонд ажиллах аж.

Ийнхүү хууль, дүрэм нь батлагдаад удаж буй ч корпораци үүдээ нээгээгүй л байна. Банкууд ч хураамжаа төлж эхлээгүй учраас цаасан дээрх хууль хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалж чадах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.