Ж.ЦОГЗОЛМАА
Орон сууцны зээлийн журмаа эцэслэн батлахаар Монголбанк, Засгийн газар хуралдаад завгүй байна. Энэ зуур шинэ, хуучин зээлийн хөтөлбөрийн ялгааны талаарх асуулт иргэдийн дунд олон байна. Урьдчилгаа 10-30 хувь, 80 хүртэлх ам метр талбайтай байрыг жилийн 7-9 хувийн хүүтэй зээлээр авах боломжийг шинэ хөтөлбөр санал болгожээ. Түүнчлэн зээлд хамрагдах хүмүүсийн тоонд хязгаар тавиагүй, цаашдаа төрөөс бус Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр “тэжээгдэх” хөтөлбөр хэмээн Засгийн газар тайлбарлаж байна.
СОНГУУЛЬТАЙ УРАЛДАХ ШАЛТГААН
Зургаан хувийн зээл дампуураад удаагүй байхад шинэ Засгийн газрын гэнэт бодоод гаргасан найман хувийн хүүтэй зээлийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө яарч батлах шалтгаан юу байв. Саалийн үнээ болсон “Чингис” бондын санхүүжилтийн эхлэлээс шүүрч авсан 800 тэрбум төгрөгийг энэ хөтөлбөрийн үндсийг тавихад зарцуулахаар болсон. Харин энэ мөнгө нь дуусвал Засгийн газрын гишүүд халааснаасаа гаргаад цааш үргэлжлүүлэх үү, эсвэл таг зогсох уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Энэ тухайд Монголбанк болоод Засгийн газар нүүр тахлах ганц хариулт өгдөг нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр цаашид өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэсэн ойлголт.
Өнөөдрийн байдлаар банкуудад Засгийн газрын өгч буйгаас өөр орон сууцны зээлийг санхүүжүүлэх мөнгөний суваг алга. МИК буюу Монголын ипортекийн корпорацийн “хэтэвч” ч хоосон байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хасах тэмдгээр илэрхийлэгдэж байна. Энэ оны эхний байдлаар Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 400 гаруй тэрбум төгрөгт хүрснийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн. Засгийн газрын бонд авах, Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банкуудад хадгалах гэсэн гурван хэлбэрээр энэ мөнгийг өсгөдөг аж. Харин одоогийн байдлаар Засгийн газар 156.3 тэрбум төгрөгийг энэ санд буцаан төлжээ. Үлдсэнийг энэ ондоо төлнө гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын 2009 онд мэдэгдсэнээр бол уг нь Нийгмийн даатгалын санд төр хоёр их наяд төгрөгийн өртэй. Үүнийг ч Засгийн газар хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа амалсан. Тухайн үеийн эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд энэ өрийг барагдуулна гэдгээ ч мэдэгдсэн нь бий. Тэд 2010 оны төсвийн тодотголыг батлахдаа өрөө барагдуулахад ердөө л 17.5 тэр-бумыг тусгасан байдаг. “Нийгмийн даатгалын сан одоохондоо бас авлагатай, Засгийн газар дээр уг санг мөнгөжүүлэх асуудал яригдаж байгаа” хэмээн БХБ-ийн сайд Ц.Баярсайхан хэлснийг “News.mn” мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, одоо хэр нь мөнгө нь орж ирээгүй, хэн хаанаас төлөх нь тодорхойгүй байгаа энэ сан найдвартай эх үүсвэр болж чадах уу гэсэн асуулт нээлттэй үлдэж байна. Ингээд л эцэс төгсгөлгүй, авцалдаагүй олон мэдээлэл урсахтай зэрэгцээд шинэ Засгийн газар шинэ хөтөлбөрөө зарлаж, дахиад л алдарт Нийгмийн даатгалын сангаар ипотекийг “барьцаалав”.
ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ДАМПУУРЛЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ?
Засгийн газраас шинэ хөтөлбөртөө нийт 800 тэрбум төгрөгийг бондын хөрөнгөөс төсөвлөөд байна. Үүнээс 380 гаруй тэрбум төгрөгийг барилгын компаниудад зээл болгон гаргажээ. Мөн барилгын материалын үнийг тогтворжуулахад 379 тэрбум, дотоодын барилгын үйлдвэрлэлд 57.6 тэрбум төгрөг төсөвлөх аж.Уг нь энэ зээлд хамрагдах иргэдийн тоонд хязгаар тавиагүй, заавал төрийн албан хаагч байх албагүй, хэдэн ч байр авсан тухайн хүний эрх гээд хуучин зээлээсээ ялгаатай талууд бий. Зээлд тавигдах ганц шалгуур нь өрхийн орлого нэг сая төгрөг буюу түүнээс илүү байх учиртай.
Ер нь энэ хөтөлбөрийн зорилтот бүлэг нь ажилтай, орлоготой хүмүүс байх учиртай. Нийгмийн даатгалын санд татвар төлж байгаа учраас тухайн хүний төлсөн татвар нь цаашдаа энэхүү зээлийг олгох санхүүгийн “цамхаг”-ийн тулгуур багана болно хэмээн Монголбанк, Засгийн газар үзэж байгаа. Мөн иргэдийг амьдралдаа өгөөжтэй хөрөнгө оруулалт, хуримтлалтай болгоно хэмээн тэд тайлбарлаж байна. Гэхдээ нийгмийн даатгалын сангийн хөрөнгө эргэн төлөгдөөгүй нөхцөлд энэ бүхэн өмнөх зургаан хувийн хүүтэй дампуурсан хөтөлбөрөөс ялгаагүй болох билээ.
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨӨР БАЙНА
Уг нь энэ хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр орон сууцны үнэ өсөхгүй хэмээн Засгийн газар амласан. Барилгын үнийг тогтворжуулах, дотооддоо үйлдвэрлэхэд багагүй хөрөнгө гаргаж байгаа учраас санаа зовох зүйлгүй хэмээн тэд мэдэгдлээ. Гэхдээ зах зээл дээр шинэ болоод хуучин орон сууцны үнэ өссөн хэвээр байна. Барилгын компаниуд ам метр талбайн үнээ нэмсээр байна. Компанийн удирдлагууд энэ бүхний шалтгааныг арматур төмрийн үнэ өнгөрсөн жилийнхээс хагас сая төгрөгөөр нэмэгдсэн хэмээн тайлбарлалаа. Зөвхөн нэг өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 37-70 сая, хоёр өрөө бол 50-102 сая, гурван өрөө бол бүр 90-120 сая төгрөгт хүрчээ. Шинэ орон сууцны хувьд ам метр талбайн үнэ өнгөрсөн онд нэг сая төгрөгт шүргээд байсан бол энэ оны эхээр хоёр сая төгрөгөөс эхэлж байв. Ялангуяа, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт шинэ болоод хуучин орон сууцны үнэ “тэнгэрт хадчихаад” байгаа юм.
Ингэхээр иргэдийн орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ “халиад” байна. Түүнээс Шинэ Засгийн газрын үнэ өсөхгүй гэсэн тайлбар зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулахад нөлөөлж чадахгүй нь. Эрэлтийг хангах барилгын нийлүүлэлт алга. Ийм байхад ипотекийн шинэ хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө зарлахыг Ц.Элбэгдорж шаардсан тухай зарим эх сурвалж ч мэдээлж байна. Иймд найман хувийн хүүтэй орон сууцны зээл Цагаан сарын өмнө яаран баталсан зургаан хувийн хүүтэй зээлээс ялгаа байна уу.