Д.ОЮУНЧИМЭГ

Үндэсний их баяр  наадмыг тэмдэглэхэд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэ мөнгөөр  Хүй долоон худагт автозам тавьж, 3000 үзэгчийн суудалтай асар, 7000 автомашины зогсоол зэргийг барина. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг засч тохижуулах газар байрлуулах зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөжээ.

 

50 ТЭРБУМ БУЮУ ТАВАН ЭМНЭЛЭГ

Монголын эдийн засгийн үзүүлэлт буурч, төсөв танагдсан үед ийнхүү 50 тэрбумаар наадмын арга хэмжээг зохион байгуулж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Өнгөрсөн жилийн наадмыг 900 орчим сая төгрөгөөр тэмдэглэж байв. Үүний 28.3 хувь нь наадмын бэлтгэл ажлын зардалд, 32.5 хувь нь бай шагналд, 27.2 хувийг зайлшгүй хийж гүйцэтгэх ажилд зарцуулж байсан байна. Дээрх хөрөнгийн 120 сая төгрөгийг төсвөөс гаргажээ. Энэ жилийн тухайд 50 тэрбумын 80 хувь буюу 40 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад, 3.8 тэрбумыг зохион байгуулалтын болон урсгал зардалд төсөвлөжээ. Цалин өсөхийн хэрээр өрхийн хэрэглээ нэмэгддэг. Гэтэл төсөв хумигдахтай зэрэгцэн баяр наадамд зарцуулах хөрөнгө олон арав дахин өсчээ.

 

УЛСЫН БАЯРЫН ЗАРДЛЫН ӨСӨЛТ ӨРХӨД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ

Өнгөрсөн жил 900 сая төгрөгөөр баяраа тэмдэглэж байхад дөрвөн ам бүлтэй айл төв цэнгэлдэхэд наадам үзэхдээ 97800 төгрөг зарцуулжээ. Энэ нь зөвхөн автомашины зогсоолын зөвшөөрөл, тасалбарын үнэ, машины шатахуун, хуушуур, ус, ундааханд зарцуулагдана. Соёолонгийн уралдаан үзвэл зардал нэмэгдэнэ. Тэгэхээр нэг өрх хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр баярлажээ. Энэ жил улсаас гарах баярын зардал 50 дахин өсч байгаа болохоор үзэгчийн зардлыг төдий хэмжээгээр өснө гэж тооцвол 15 сая төгрөг болох нь. Энэ нь дөнгөж дундаж амьдралтай дөрвөн ам бүлтэй айлаас гарах мөнгө. Тэгэхээр улсын баяр наадам бага, дунд орлоготой иргэдийн бус олигарихуудын баяр болж хувирч буй аж. Жилийн жилд нар, хур нь тэгширсэн сайхан наадам болдогсон. Өнөө жилийн наадмаар “мөнгөөр” бороо орох вий.

 

“Онлайн парламент”-ийн төлөөлөгч Д.Мягмарсүрэн:

НААДМЫГ АШИГ ОЛДОГ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЬЕ

 

-Улсын баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар санал хүргүүлж байгаа тухайгаа тодруулна уу?

-Баяр наадмын зардлыг хувь хүмүүс болон хувийн хэвшлээс бүрдүүлэн ашиг олдог хэлбэрт шилжүүлье гэдэг саналыг Засгийн газарт гаргаж байна. Улсын баяр наадмын зардлын тодорхой хэсгийг Нийслэлийн төсвөөс гаргадаг. Энэ жилийн нийслэлийн төсвийн онцлог нь орлогыг өөрөө бүрдүүлж бас зарцуулах эрхтэй болсон. Тиймээс шууд ардчиллын зарчмаар энэ төсвийг иргэдтэй хэлэлцэн, тэдний зөвшөөрлийн дагуу ажил хийх ёстой. Тэгэхээр наадмын төсвийг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна.

-Наадмын төсөв яагаад хэт өссөн гэж үзэж байгаа вэ?

-Энэ жилийн наадмын төсөв өнгөрсөн оныхтой харьцуулахад 50 дахин их буюу 50 тэрбум төгрөг болсон. Баяр наадмын комиссоос санал хүргүүлж байна гэж тайлбарлаж байгаа ч тодорхой ажлууд нь эхэлчихсэн, гэрээ хийгдсэн.

-Өмнөх жилийнхээс өндөр байгаагаа бүтээн байгуулалттай холбоотой гэсэн тайлбарыг хийж байгаа шүү дээ?

-Бүтээн байгуулалтад 40 тэрбумыг зарцуулна гэж байгаа. Гэхдээ зайлшгүй хөрөнгө шаардлагатай тэргүүлэх чиглэлийн салбарууд бий. Тухайлбал, тавдугаар цахилгаан станцын асуудлыг олон жил ярьж байна. Сургууль, эмнэлэгтэй холбоотой гомдол, санал иргэдээс ирдэг. Түүнээс ганц удаа гурав хоног баярлахад зориулан ийм их хэмжээний мөнгө зарлагадаж болохгүй.

-Өвөл, зунгүй соёл спорт, урлагийн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж болно хэмээн албаныхан хэлсэн. Энэ арга хэмжээнээс зардлаа нөхөх боломж бий юу?

-Улсын баяр наадмаар тасалбар борлуулж байгаа ч тэр нь гаргасан зардлаа нөхдөггүй юм. Тиймээс иймэрхүү арга хэмжээ зохион байгуулснаар ашиг олно гэж байхгүй. Тиймээс бид баяр наадамд зориулж их хэмжээний мөнгө улсын төсвөөс зарлагадаж байхаар олон улсыг хамарсан бизнес болгох хэрэгтэй гэдэг санал гаргаад байгаа.