Д.Оюунчимэг
Логистик менежментийн тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ талаар Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой ярилцлаа.
-Сүүлийн үед логистик гэж нэлээд ярих болж. Энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго?
-Логистик менежментийн тулгамдаж буй асуудал болон ойлголтыг нэгтгэх зорилгоор энэ уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Манайд энэ төрлийн сургалт өндөр чанартай байж чадахгүйгээс ойлголтын зөрүү гараад байх юм. Энэ чиглэлээр суралцагчид нь гадаадад боловсорч байгаа учраас Ази, Америк, Европын логистикийн талаар арай өөр өнцгөөс ярьдаг. Тэгэхээр энэ ойлголтыг өөрийн орны хөрсөнд буухаар нэгтгэж бизнес эрхлэгчид болон судлаачид нэг ойлголттой болох хэрэгтэй. Мөн төрөөс логистикийн талаар авах арга хэмээний талаар ярихаас өмнө бизнес эрхлэгчидтэй ярилцан нэн түрүүнд тулгамдаж буй асуудлаа тодорхойлоно.
-Хурлаас гарах үр дүн?
-Эндээс хувийн хэвшлийнхэнтэй хамтарч зөвлөмж гаргах. Хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, логистикийн мэдлэгийг бий болгоход дутагдаж буй зүйлийг тодорхойлох. Логистикийн салбарт төрийн зохицуулалт шаардлагатай байдаг.Тиймээс логистикийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй болох. Эдгээр асуудлыг хэлэлцүүлэн гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлнэ.
-Төрөөс авч хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөр нь логистиктой хэрхэн уялдаж байгаа вэ?
-Аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд эцсийн хэрэглэгчид хүрэхдээ өөрийн өртгөөс олон дахин өсөхгүй байх тогтолцоог бий болгох ёстой. Одоогоор манайд зарим барааны үнэ 6-7 дахин нугарч хэрэглэгчдэд хүрдэг. Тэгэхээр логистикийг зөвөөр хөгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь социализмын үед логистикийн маш сайн хөгжүүлж, хэрэглэж байсан учраас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэг төвшинд байлгаж чаддаг байсан.
-Логистик хөгжүүлэх тухай ярьж байна. Гэтэл үүнд бас эерэг болон сөрөг тал бий байх?
-Худалдаа, үйлчилгээ болон бизнес эрхлэх боломж нь ганцхан Улаанбаатарт бүрдэж байна. Тэгэхээр үүнийг задалж, бүс нутгуудад хүргэхийн тулд тээвэр, агуулахын тогтолцоог оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Энэ хэт төвлөрөл нь логистикийг хөгжүүлэхэд сөрөг тал болдог. Эерэг тал нь мэдээж үнийн хэт өсөлтөөс сэргийлэх боломж бүрдэхээс гадна хүнсний аюулгүй байдлыг хангах бүрэн боломжтой.
-Хүмүүс логистикийн тухай ярихаар тээвэр зууч гэж ойлгодог. Харин энэ нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Тухайлбал, бизнес эрхэлж байгаа хүн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд зайлшгүй тээвэр болон хүнсний аюулгүй байдал, стандарт хангасан агуулах хэрэгтэй. Гэтэл манайд нэгдсэн үйлчилгээ алга. Үйлчилгээ эрхэлж буй компаниуд өөрийн гэсэн тээвэр, агуулахтай байдаг нь нэгж бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа. Одоогийн хэрэглэж буй тээврийг авч үзвэл 10 тонны даацтай машинаар таван тонн ачаа тээвэрлэдэг. Энэ нь үнэд шууд нөлөөлдөг. Яагаад гэвэл, ачааг хүргэхдээ 10 тонн ачааны зардлаа гүйцээж авахаас гадна буцах зардлыг ч мөн шингээдэг.
-Нэгдсэн тогтолцоонд орохын давуу тал юу вэ?
-Мэдээж тээвэрлэлтийн асуудал шийдэгдэнэ. Мөн агуулахын асуудлыг шийдвэрлэж болно. Ингэснээр зардал буурна. Одоогоор манай компаниуд тус бүртээ агуулах барьсан байдаг ч гүйцэд ашиглаж чадахгүй байгаагаас хадгалж буй нэгж тонн бараа бүтээгдэхүүндээ агуулахынхаа зардлыг шингээдэг. Харин нэгдсэн тогтолцоонд хүрснээр тээврийн зардлыг хэмнэх бүрэн боломжтой.
-Үүнд хүрэхийн тулд төрөөс ямар арга хэмжээ авах ёстой вэ. Одоогоор энэ талаар хийсэн төсөл бий юу?
-Бид улсын хэмжээнд сүлжээ төлөвлөлт хийсэн. Өнгөрсөн онд гол нэрийн барааны үнийн хөөрөгдлийг хэрхэн бууруулах талаар манай холбооноос судалсан. Энэ судалгааны үр дүнд манай улсад хаана нь ямар хэмжээний логистик төв, терминаль байвал бизнес хөгжих боломжтой вэ гэдгийг гаргасан. Мөн газрын зураг дээр байршлыг нь тогтоож, хөрөнгө оруулалт, хүчин чадлыг нь тооцсон. Одоогоор Засгийн газарт танилцуулж байгаа. Энэ ажлыг бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч хийх ёстой. Монголд томоохон аж ахуйн нэгж нь өөрийн сүлжээгээ байгуулж байна. Харин жижиг компаниуд өсч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ байхгүйтэй холбоотой. Бусад улс орныг харж байхад энэ асуудлыг төрөөс дэмжлэгтэйгээр явуулдаг. Мөн аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, төмөр замыг зайлшгүй тавих шаардлагатай.
-Аймгуудын өрсөлдөх чадвар төдийлөн сайн биш гэсэн судалгаа гарчээ. Гэтэл логистикийг хөгжүүлэхдээ хэт төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт байршуулах тухай ярьж байна. Үүний тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Логистик төвийг зохион байгуулалтаар зохицуулж болно. Үүнд хөргөлт, дулаан, энгийн агуулахын сүлжээг улс орон даяар бий болгож бүгд адилхан ашигладаг байх ёстой. Энэ тохиолдолд орон нутагт үйлдвэрлэл хөгжих, зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл төрөөс ганц хөрөнгө оруулалтад анхаарах биш, хатуу дэд бүтэц буюу логистикийн дэд бүтцийг хамтад нь байгуулах хэрэгтэй. Мөн гадаад, дотоод зах зээлд ойртуулдаг бодлоготой байх ёстой. Ингэснээр орон нутагт бизнес хөгжиж тэнд амьдарч буй иргэд ажилтай, орлоготой болно. Манай улсын хувьд амьдралын чанар, ажилгүйдлийн өсөлт, өрсөлдөх чадвараар тааруу үзүүлэлттэй гарч байгаа нь логистикийн бодлого байхгүйгээс шалтгаалж байгаа юм.
-Нэг үеэ бодвол аймгийг нийслэлтэй холбосон авто замтай болж байна. Энэ нь логистикт хэрхэн нөлөөлөх вэ?
-Мэдээж дэд бүтцийг сайжруулах шаардлага тулгарч байгаа. Тухайлбал, замын асуудал нэн түрүүнд тавигдана. Өмнө нь аймгуудаас хөргөлттэй тээврийн хэрэгслээр мах зөөхөд тухайн машин ганц сар болохгүй эвдэрдэг байсан. Энэ нь замын чанараас шалтгаалж байгаа хэрэг. Одоо зам тавьж, дэд бүтцийг сайжруулж байгаагийн зэрэгцээ логистикийн дэд бүтцийг яаралтай байгуулах ёстой. Ингэснээр гол нэрийн бараа болон бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтвортой байлгах боломж бүрдэнэ.
-Чойрт логистик төв байгуулж байгаа. Энэ нь ямар шатандаа явж байгаа вэ?
-Чойрын уул уурхайн логистикийн паркийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа. Харамсалтай нь орон нутаг ажлаа хийхэд нь нэлээд садаа болж байна. Нэг үгээр хэлбэл түүнийг дэмжих төрийн бодлого алга. Одоогийн байдлаар тус паркад 7.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байгаа. Уг нь энэ паркийг яаралтай дуусгах эрэлт хэрэгцээ байгаа ч хөрөнгө оруулалт дутаад, зогсонги байдалтай байна. Хэрэв бид логистикийн паркаа байгуулж дуусвал бусад бизнес эрхлэгчдэд нэлээд дэм болно. Энэ парк нь уул уурхайн төслүүдэд ханган нийлүүлэлт хийх, экспорт хийх зориулалтаар хийгдсэн.
-Гол нэрийн барааны үнэ болон нийлүүлэлтэд нөлөөлөхөөр төсөл боловсруулсан уу?
-Улаанбаатарыг тойрсон логистик төсөл бий. Жишээлбэл, Налайх дүүргэд логистик парк байгуулах төсөл хийсэн. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд шалгараад арилжааны банк дээр хэлэлцүүлэгдэж байгаа. Гэвч банк дэмжихгүй гэдэг нь харагдаж байна. Хэдийгээр төсөл маш сайн хийгдсэн ч, бизнес эрхлэгчдэд тулгардаг барьцаа хөрөнгийн асуудал гарч байна. Дэд бүтэц сайтай төсөл байсан ч банкинд очоод л дээрх шалтгаанаар бүтдэггүй. Тэгэхээр аль хэдийнэ хөл дээрээ боссон, том ашгийн төлөө явдаг компаниуд үүнийг хийх болж байна. Энэ тохиолдолд үнэ буурахгүй, хэвээр байх болно.