Д.ОЮУНЧИМЭГ



Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв энэ жил орон нутгийн хөгжлийг 180 гаруй үзүүлэлтээр хэмжиж, аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг боловсруулан гаргажээ. Энэ талаар тус төвийн мэргэжилтэн Э.Тунгалагаас тодруулав.

-Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг яагаад гаргах болов?
-Манай төвөөс жил бүр Монгол Улсын өрсөлдөх чадварыг судалж, тайлан гаргадаг. Хэдийгээр хот, хөдөөгийн ялгаа хэт их байгаа ч нийгмийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудал хүнд байдаг. Энэ жил анх удаа 21 аймгийг хооронд нь харьцуулсан судалгаа хийлээ.
-Аймгуудын өрсөлдөх чадварыг нийслэлтэй харьцуулахад ямар байна вэ?
-Улаанбаатар хоттой харьцуулахад муу байна. Яагаад гэвэл, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг нийслэлд, 20 хувийг нь Орхон аймаг, харин үлдсэн 15 хувийг нь 20 аймаг бүрдүүлж байна. Нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 70 орчим хувь, хүн амын дийлэнх нь хотод төвлөрсөн байгаа юм.
-Энэ тайлангийн үр дүн?
-Судалгаанаас ха­ра­­хад ерөнхийдөө үйлдвэржсэн болон уул уурхай хөгжсөн аймгууд илүү өрсөлдөх чадвартай байсан. Хот хөдөөгийн ялгаанаас илүүтэй, аймгууд хоорондын ялгаа их байдаг нь ажиглагдсан. Тухайлбал, Орхон аймаг 100 оноо авч байхад Дундговь аймаг 27 оноо авч байх жишээтэй.
-Өрсөлдөх чад­вараараа дундаж яваа нь Төв аймаг юм байна. Нийслэлтэй ойрхон байдаг гэхэд яагаад ийм сул үзүүлэлттэй байна вэ?
-Төв аймгийн хувьд нийслэлтэй ойр, харьцангүй жижиг, хөгжилд илүү ойр байгаа. Гэхдээ тэнд дэд бүтэц, тээврийн хөгжил, боловсролын хамран сургалтууд муу байдаг гэсэн үр дүн гарсан. Мөн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл ихтэй, гэмт хэрэг их гардаг, эдийн засгийн хөгжлийн төвшнөөрөө 20 дугаар байранд явж байгаа юм. Орхон аймаг түрүүлсэн ч өрсөлдөх чадвар сайтай гэж ойлгож болохгүй. Бусад аймгуудтай харьцуулахад давуу талтай байсан. Гэхдээ энэ аймагт дутуу дулимаг зүйл их бий. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлт, орлогын тэгш бус байдал, хэт улстөржсөн зэрэг нь их нөлөөлдөг.
-Өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг зүйл юу вэ?
-Манай улсын хувьд дэд бүтцийн асуудал сул байдаг. Мөн эрүүл мэнд, боловсрол. Аймгуудын тухайд авч үзвэл мөн л дэд бүтэц муу байгаа нь харагдсан. Мөн хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдэд тулгардаг гол бэрхшээл нь зам. Бизнесийн орчны хөгжил муу, авлига, хүнд суртлын асуудал их байгаа нь ажиглагдсан. Түүнчлэн уул уурхайн орлогыг зохистой ашиглах талаар яригдаж байсан.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил бүр уламжлал болгон гаргах бөгөөд ирэх жил өмнөх оныхтой харьцуулсан дүн гарах боломжтой болно.