Б.БАРС


Киргизстаны улсын төсвийн хамгийн том саалийн үнээ болох Кумторын алтны уурхайг тойрсон үймээн тус улсад сүүлийн найман жилд болсон гуравдахь хувьсгалд хүргэж болзошгүй гэнэ. Нөгөөтэйгүүр тус уурхайг эзэмшиж буй Канадын “Сентерра гоулд” корпорацийг Хятадын хөрөнгө оруулагч солих магадлалтай аж.
Киргизстаны Иссык-Кулийн мужид дөрвөн мянга гаруй км-ийн өндөрт тус улсын хамгийн том “Кумтор” гэх хамгийн том алтны уурхай байрладаг. Энэ уурхай өнгөрсөн жилд 10 тонн алт олборложээ. Канадын уул уурхайн томоохон компани болох “Сентерра гоулд“ эзэмшдэг энэ уурхай өнгөрсөн жил тус улсад элдэв татвар маягаар 128 сая ам.доллар төлсөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 12 хувь, үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг дангаараа хангасан аж.
“Кумтор” үүсч байгуулагдсан цагаасаа хойш Киргизстаны төсөвт нийтдээ 1.2 тэрбум ам.доллар шилжүүлснээс гадна “Сентерра гоулд” 2011 оноос хойш Киргизстанд бичил зээлийн агентлаг байгуулах, дунд сургуулиудыг засварлахад зориулан 32 сая ам.доллар зарцуулсан юм байна. Түүнчлэн Иссык-Кулийн мужийг хөгжүүлэх санд 27 сая ам.доллар төвлөрүүлжээ.
Хэдий тийм ч энэ уурхайн олборлолтын нөхцлийн талаархмаргаан сүүлийн хэдэн жилийн турш намжаагүй гэх. Киргизстаны удирдлага “Кумтор”-ын талаар Канадын компанитай байгуулсан 2009 оны гэрээг өөрийн орны хувьд хангалттай ашигтай болж чадаагүй гэж үзэн шинэчлэхийг зорьсоор ирсэн юм. Тэр ч бүү хэл буцаагаад улсын өмч болгох шаардлагатайг цөөнгүй улстөрч мэдэгдэж байжээ. Энэ нь манай Оюутолгойн гэрээг тойрсон асуудалтай төстэй.
Өнгөрсөн хоёрдугаар сард Киргизстаны парламент “Кумтор”-ын тухай ээлжит тайланг хэлэлцээд Засгийн газартаа уурхайн эзэмшигч “Сентерра гоулд” компанитай хийсэн гэрээг шинэчлэн байгуулах тухай үүрэг өгчээ. Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээнд гурван сарын хугацаа өгсөн байна. Гэвч хэлэлцээ өнөөг хүртэл ямар нэг тодорхой үр дүнд хүрээгүй ажээ. “Сентерра гоулд” 2009 оны гэрээг өөрчлөхгүй гээд тас гүрийсээр байгаа гэнэ.
“Сентерра гоулд” компанийн төлөөлөгч Родни Ступарик Киргизстаны Засгийн газарт сарын өмнө илгээсэн захидалдаа, “хэдийгээр “Кумтор” хамгийн том аж үйлдвэрийн газар, мөн хамгийн том татвар төлөгч боловч тус улсын бүх асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдэж өгөх ямар ч боломжгүй” гэжээ.


Тэгвэл хэд хоногийн өмнөөс “Кумтор”-ыг тойрсон асуудал хурцдаж, Иссык-Куль мужийн олон зуун оршин суугч жагсаал хийн уурхай руу явдаг замын хөдөлгөөнийг бүрмөсөн хаасан юм. Жагсагчид уурхайг гадны хөрөнгө оруулагчаас буцааж авахын дээр нийгмийн шинж чанартай нэлээд шаардлага тавьсан аж. Тэд мужийн засмал зам, усан хангамжийг бүрэн засварлах, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг барьж өгөх, дүүргийн бүх гэр бүлд жилийн таваас доош хувьтай 8-10 жилийн зээл олгох зэргийг шаарджээ.
Шаардлагууддаа ямар нэг тодорхой хариу аваагүй жагсагчид сүүлдээ 100 орчим цагдаа хамгаалж байсан цахилгаан станц руу хүч түрэн орж, уурхайн цахилгаан хангамжийг тасалсан байна. Уурхайтай хамт ойр орчмын бүх суурин газар тоггүй үлджээ. Үүний дараа л Киргизстаны удирдлага жагсагчдын эсрэг шийдмэг арга хэмжээ авч эхэлжээ. Жагсаалыг цагдаагийн хүчээр тараасан бөгөөд 90 гаруй хүнийг баривчилсан байна. Түүнчлэн уурхай байрладаг Жети-Огузын дүүрэгт хоёр долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарлав.
Гэвч энэ нь дайран дээр давс нэмнэ гээч болж, энэ дүүргийг тэр чигт нь хамаарсан үймээн болж хувирчээ. Үймээнд таван мянга гаруй хүмүүс оролцож, 20 гаруй цагдааг хүндээр бэртээн олон тооны цагдаагийн машиныг галдан шатаасан байна.
Ажиглагчдын үзэж буйгаар, үймээн цаашид газар авбал тус улсад дахин хувьсгал болж, төр засгаа түлхэн унаж болзошгүй аж. Ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан уурхайн нэг гэрээ томоохон үймээн, замбараагүй байдал үүсгэх шалтаг боллоо.
Ингэснээр зөвхөн “Сентерра гоулд” компани ч бус Киргизстан улс өөрөө ч багагүй алдагдал хүлээх нь тодорхой. Учир нь “Кумтор” уурхай үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсооход хүрээд байгаа юм. Бүхнийг муйхраар, хүчээр шийдэхийг эрмэлздэг Киргизстанд ардчилал соёолох төдий байгаа нь илт.