Э.ӨНӨР
Татвараа төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Татварын ерөнхий газраас зарлалаа. Тус газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн хэлтэс өртэй компаниудыг ойрын хугацаанд татвараа төлж дуусгахыг анхааруулсан юм. Тэдний улсад төлөх татвар 800 гаруй сая төгрөгөөс 20 тэрбум төгрөг. Татвараа төлөөгүй байгууллагуудыг “Алтайн хүдэр”, “Олон-Овоотгоулд” зэрэг уул уурхайн компани тэргүүлж байна. Улсад их хэмжээний өртэй байгаа есөн компанид Татварын ерөнхий газар албан ёсоор анхааруулга өгсөн байна. Хуулийн дагуу улсад төвлөрүүлэх хөрөнгийг төлөхгүй удаж байгаа компаниудын үйл ажиллагаа, орлогын талаарх товч мэдээллийг хүргэе.
600 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ГРУПП ТАТВАРЫН ӨРТЭЙ
Ес гаруй тэрбум төгрөгийн татварын өртэй “Олон-Овоотгоулд” компани Олон-Овоотын алтны үндсэн ордыг эзэмшдэг. Тус компанийн борлуулалт 2010 оноос хойш гурав дахин өсч өнгөрсөн онд 600 тэрбум төгрөгт хүрчээ. “Олон-Овоотгоулд” компани “Жаст” группын нэг салбар. Тус группын бизнесийн салбар компаниуд газрын тос, банк санхүү, барилга, олон улсын худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин “Жаст” групп өөрөө 900 гаруй сая төгрөгийн татварын өртэй байна.
“АЛТАЙН ХҮДЭР” 15.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРААС ЗАЙЛСХИЙЖЭЭ
Говь-Алтай аймгийн Цээл сумын байгалийн баялгийг ашигласныхаа хариуд сумын захиргаанд багагүй татвар төлж, хөрөнгө оруулалт хийж байгаагаа тайлагнаж байсан “Алтайн хүдэр” компани 15.5 тэрбум төгрөгийн өртэй. Татвараа төлөөгүй тус компани жилд 2.4 сая тонн төмрийн хүдрийг Хятад руу экспортлодог аж. Нэг тонн төмрийн хүдрийн үнэлгээ дэлхийн зах зээлд 90-130 ам.доллар байна.
ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙ ТАТВАРЫН ӨРТЭЙ
Төмөр дэлхийн улс орны хөгжлийг хэмжих гол стратегийн түүхий эд. Энэ утгаараа дэлхийн зах зээлд нэлээд эрэлттэй бүтээгдэхүүн. Манай улсын төмрийн хүдрийн экспортын ихэнх нь Хятад руу чиглэдэг. Үүнд гол үүрэг гүйцэтгэдэг компаниудын нэг Хятадын хөрөнгө оруулалттай “Болдтөмөр Ерөө гол” компани. Урд хөрш рүү гаргаж буй нэг тонн төмөрт 1000 төгрөг төлж буй энэ компани өнгөрсөн онд 349.9 ам.долларын төмрийг тус улс руу экспортолжээ. Мөн 2011 онд энэ компани 95.4 сая ам.доллын үнэ бүхий 1.3 сая тонн төмрийн хүдэр, 108.2 сая ам.долларын үнэлгээтэй 1.7 сая тонн төмрийн баяжмалыг гадаад зах зээлд гаргасан байна. Үүнийг нэгтгэвэл “Болдтөмөр Ерөө гол” компани 2010, 2011 онд нийт 349.9 сая ам.долларын борлуулалт хийжээ. Энэ нь тухайн үед Монгол Улсын нийт төсвийн 5.3 хувьтай тэнцэж байсан тоон мэдээ бий. Ийм орлоготой компани өнөөдөр гурав гаруй тэрбум төгрөгийн татварын өртэй байна.
Үүнээс гадна “Цемент шохой”, “Зоос банк”, “Боршоо групп” зэрэг байгууллагыг татвараа төлөхийг Татварын Ерөнхий газраас санууллаа.