Д.Оюунчимэг

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын талаар “Урбанек” компанийн захирал, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Нэмэгдсэн өртгийн албан татвар нь эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч төлдөг. Үйлчилгээ авсан хүний төлсөн мөнгийг татварт дамжуулж өгч байгаа нь тухайн байгууллага. Түүнээс аль нэг байгууллага үйлчлүүлэгчийн өмнөөс төлж байгаа төлбөр огт биш. Энэ татвар нь хяналтын систем болж чаддаг. Учир нь иргэд үүгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийн санхүүг хянах бүрэн боломжтой. НӨАТ нь улсын төсвийг бүрдүүлэх нэг хэсэг байхаас илүү эдийн засагт эргэлдэж буй мөнгийг зөв замд нь оруулж хяналтад оруулдаг. Анх дэлхийн хоёрдугаар дайны дараа Франц улсад мөнгөний урсгалыг хянах зорилгоор хэрэглэсэн байдаг. Үүний үр дүнд эдийн засагт эргэлдэж байсан хар мөнгийг бүгдийг илрүүлж чадсан. Ер нь татварын бодлогыг хэн сайн хийж чадна, тэр хүнд эрх мэдэл төвлөрдөг. Түүнчлэн татварын бодлогыг яаж хийснээс хамааран улс орон сэргэх, сөнөх нь тодорхойлогдоно. Тухайлбал, 2006 онд УИХ-аас дөрвөн 10-ын бодлого гаргаж бүх татвар 10 хувь болсон. Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10, 25 хувийн хоёр шатлалтай. Ингэж татварыг багасгаж, 2008 онд өршөөлийн хууль үзүүлсний үр дүнд хямралыг давж гарахад том алхам болсон. Мөн эдийн засаг гурав дахин өссөн. Үүнд татварын өршөөлөөр орж ирсэн дөрвөн тэрбум ам.доллар, Оюутолгойгоос орсон дөрвөн тэрбум, нийт найман тэрбум ам.доллар эдийн засгийн гол хөрөнгө оруулалт болсон.

-Нэмэгдсэн өртгийн албан татвар нь аж ахуйн нэгжид дарамт учруулж байгаа тухай бизнес эрхлэгчид ярьдаг. Харин шинэчилсэн найруулга нь мухардалд орж байгаа тухай эдийн засагчид хэлдэг. Үүнийг та юу гэж бодож байна?

-Нэмэгдсэн өртгийн албан татвар мухардалд орж байгаагийн гол шалтгаан нь татварын бодлогоо хийж чадаагүй, суурийг нь зөв тавиагүй, бүртгэлийн систем доголдолтой байгаа юм. Тиймээс эдийн засгийн хөгжилд чөдөр, тушаа болж байна. Уг нь энэ төрлийн татварыг зөв сууриар, зөв бодлого баримталж явуулвал хар зах зээлийг илрүүлдэг юм шүү дээ. Тухайлбал, 2008 оны татварын өршөөлийн хуулиас хойш таван жилийн хугацаанд дахиад 2000 компанийн захирал, нягтлан, нярав гээд тоолвол 6000 хүн хоёр их наяд төгрөгийн Нэмэгдсэн өртөгийн татвартай холбоотой өрд орсон байгаа. Үүнд голдуу барилгын компани хамрагдсан байдаг. 1997 онд 15 хувь байсныг 2008 онд 10 болгож өршөөлийн хууль батлахад нийт аж ахуйн нэгжийн хоёр хувь хамрагдсан нь харамсалтай. Гэтэл яагаад тавхан жилийн дотор байгууллагууд татварын өрд уначихав. Учир нь бүртгэлийн эрх зүй алдаатай байгаагаас болсон. Нэмэгдсэн өртөгийн албан татварын бүртгэл нягтлан бодох бүртгэлээс өөр байдаг. Манай улсын хувьд бүртгэл буруу хийснээс гажуудал үүсч байгаа хэрэг.

-Нэмэгдсэн өртөгийн албан татварыг төлөх босго 200 сая байх тухай заалт хуульд шинээр оруулсан гэдэг. Энэ нь хэр зөв бодлого вэ?

-Нэмэгдсэн өртөгийн албан татварын бүртгэгч болохын тулд 10 сая төгрөгийн орлоготой байх ёстой. Харин 200 сая болгож байгаа тухай ярьж байгаа. Гол нь босго тогтоосноос болж 1997-2008 онуудад маш олон компани томорч чадаагүй. Тиймээс энэ босгыг хэдэн ч төгрөг болгосон адилхан. Мөн нэмэгдсэн өртөгийн албан татварт хэрэглэгддэг зарчмыг хэрэглэхгүй байгаа. Аливаа нэг татвар төлөгч бараа бүтээгдэхүүн худалдан авсныхаа төлөө тухайн барааг борлуулагчийн татварын ял шийтгэлийг худалдан авагч хариуцах ёсгүй. Татвар төлөгч нь өөрийнхөө бий болгосон ашиг, орлого, баялагт ногдох татварыг хариуцдаг. Манайд нэмэгдсэн өртөгийн албан татвартай холбоотой бараа бүтээгдэхүүн авсныхаа төлөө хариуцлага хүлээх болдог. Тухайлбал, нэг барилгын компани байшин барихын тулд 100 айл дахь барилгын материалын дэлгүүр, захуудаас түүхий эд, материал авдаг. Ингэхдээ нэмэгдсэн өртөгийн баримт биш зарлагын баримт авсан байдаг. Гэтэл барилга барьсан компанид татварын газраас шалгалт хийгээд худалдаж авсан түүхий эд, материалынхаа татварыг төлөөгүй байна гэдэг. Ингээд л өрөнд уначихаж байгаа хэрэг. Барилгын материалын дэлгүүр, захуудад төрөөс зөвшөөрөл өгч ажиллуулж байгаа. Гэтэл тэр газраас бараа бүтээгдэхүүн худалдан авсан эцсийн хэрэглэгч нь буруутан болж байгаад учир бий. Үүнийг бид зөв системд оруулж засах хэрэгтэй.

-Эргэлдэх хөрөнгө нь 10 сая төгрөг хүрээгүй аж ахуйн нэгжээс бараа бүтээгдэхүүн худалдаж авсан бол яах ёстой вэ. Үүнийг өөрөөр зохицуулах боломж бий юу?

-10 сая төгрөгийн босго гэдэг нь нэмэгдсэн өртөгийн татвар бүртгэгч болж байна гэсэн үг. Харин төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг. Хил, гаалиар орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд татвар төлөгдсөн байгаа. Хамгийн гол нь баримт байхгүй учраас эцсийн хэрэглэгчид бараагаа өгч байгаа худалдагч зарлагын баримт бичээд өгчихдөг. Ингээд худалдан авагч гааль дээр төлөгдсөн татварыг дахиад л төлдөг. Энэ нь бүртгэлийн гажуудлаас үүдэлтэй. Мөн манай зах зээлд 10 саяас бага орлоготой аж ахуй эрхэлж байгаа хүн ховор. Ялангуяа барилгын салбарт бараа нийлүүлж байгаа хүмүүс. Тэд бүгд хуурамчаар баримт гаргаж өгдөг. Тэгэхээр манай эдийн засагт эргэлдэж буй мөнгө бүртгэгдэж чадахгүй, санхүүгийн бүртгэл хуурамч болж байгаа юм.

-Үүнийг илрүүлэх боломж бий юу?

-Байлгүй яахав. Өршөөлийн хууль гаргасан нь илрүүлэх боломж. Яагаад 2008 онд өршөөлийн хууль гаргаж байсан бэ гэвэл төр буруу бодлого явуулсан, мөн хууль нь алдаатай байсан учраас өршөөл үзүүлсэн. Харин үүний дараа процессын хуулиа янзлаагүй учраас таван жилийн дотор дахиад л маш олон компаниуд өрд унаж байна. Хэдийгээр өршөөлийн хууль гаргасан ч алдаагаа засахгүй байвал дахиад л энэ байдал давтагдана. Энэ доголдлыг дөрөөлөөд авлига хээл хахууль газар авна.

-Аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн татвар дарамт учруулдаг гэдэг. Тиймээс 200 сая төгрөгийн босго тогтоовол жижиг аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох боломж бүрдэнэ гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Энэ хэр оновчтой шийдэл вэ?

-Миний бодлоор босго байхгүй байх ёстой. Бүх аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн татвар бүртгэгч болох нь зүйтэй. Учир нь тэдгээр байгууллагууд өөрийнхөө орлогоос тэр татварыг төлж байгаа хэрэг биш. Үүнийг эцсийн хэрэглэгч болох иргэд төлчихдөг. Түүнийг нь аж ахуйн нэгжүүд бүртгэдэг. Тиймээс бүгд бүртгэгч болох хэрэгтэй. Тэгвэл ийм тэгш бус харьцаа үүсэхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэл бол хэвийн, цэгцтэй явж байгаа аж ахуйн нэгжид дарамт, хүндрэл болдоггүй. Босго тогтоож өгснөөс хүндрэл гарч байгаа. Яагаад гэвэл, ихэнхи аж ахуйн нэгж бүртгэгч болоогүй байдаг. Ялгавартай бодлогоос болж нийт 73 мянган аж ахуйн нэгжээс 8000 нь татвар бүртгэгч. Бусад нь 10 сая хүрэхгүй орлоготой гэдэг нэрийн дор орлогоо нууж байна. Гэхдээ энэ боломжийг төр гаргаж өгч байгаа юм. Тэгэхээр бүх аж ахуйн нэгжүүд бүртгэгч болох хэрэгтэй. Харин нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч төлж байгаа тул оны эцэст урамшуулал өгөх арга бодож олох хэрэгтэй. Жишээлбэл, 100 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан иргэнд 10 сая төгрөг эргүүлэн олгох хэрэгтэй. Ингэвэл барилгын компаниуд санхүүгийн тайлангаа зөв гаргаж өгөх болно. Урамшууллыг хамрах хүрээгээр нь ялгавартай олгож бас болдог. Үүний өмнө иргэнд биш барилга барьсан компанид урамшуулал олгосон нь алдаа болсон. Ингээд бодлогоо тодорхойлоод бүртгэлээ нягтлан бодох бүртгэлээс салгаад зөв хийгээд ирвэл цэгцтэй болно. Ер нь компаниудыг татварын орчноор хангаад дараа нь бүртгэлээр хянах нь тэдний хөгжилд маш том түлхэц болдог.