Б.БАРС

Дэлхийн хамгийн том уурхай АНУ-д оршдог ажээ. Уурхайг өдгөө аялал жуулчлалын салбарт хүртэл ашигладаг болсон гэх.

Уурхайгаас орчин тойрныг харж, хүний бүтээн байгуулалт ямар их далайцтай өрнөдгийг ажиглаж болохоос гадна тэсрэлт хэрхэн явуулахыг сонирхон 300 тонны даацтай аварга ачааны машинуудыг түрээслэн жолоодож болдог байна. Уурхайд түүнчлэн тусгай музей ч байгуулжээ.  ­

Дэлхийн хамгийн том талбайтай гэх уурхай АНУ-ын Миннесота мужийн Хиббинг гэх газар байрладаг Халл Раст бөгөөд найман км урт, хоёр км өргөн, 180 метр гүнзгий аж. Энэ уурхайд анх 1895 онд төмрийн хүдэр олборлож эхэлжээ. Уурхай өргөжих тусам зэргэлдээх Хиббинг хотыг нүүлгэхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Хотыг нүүлгэх ажиллагаа 1919 онд эхэлж бүтэн хоёр жилийн турш үргэлжилжээ. 185 барилга байшинг шинэ газар руу хэрхэн нүүлгэсэн тухай тус уурхайн музейн үзмэрүүдээс сонирхож болох ажээ. ­­

Жуулчид мөн уурхайн хамгийн өндөр хэсгээс эргэн тойрныг ажиглах дуртай гэнэ.

Халл Раст уурхайг ашиглаж эхэлсэнээс хойш 700 гаруй сая тонн төмрийн хүдэр олборложээ. Үүний тулд 1,2 тэрбум тонн хөрс хуулсан байна. Энэ нь дэлхийн цөмөөс гадаргуу хүртэл хонгил гаргахтай адил аж. ­­

Уурхайд өдгөө ажиллаж буй “Хиббинг таконит” компани жуулч­дад зориулан уурхайн бүхий л үйл ажиллагааг алган дээрээ юм шиг харж болох хэд хэдэн цамхаг ч босгожээ. Түүнчлэн уур­хайд анх ашиглаж байсан тэргэнцэр дээр сууж, хүрз зэргийг барин зургаа авахуулж ч болох аж. Жилд тус уурхайд хичнээн жуулчин ирэх тухай тоймтой мэдээлэл үгүй ч хүний хөл тасардаггүй аж. Ийнхүү сүйхээтэй америкууд уурхайг хүртэл аялал жуулчлалын төв болгон ажиглаж байна.