Ж.ЦОГЗОЛМАА

 

Өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт 12.3 хувьд хүрсэн. Хар алтны диваа­жин Катарын 6.9 хувийн  графикаас өндөрт гарсан үзүүлэлт энэ болов. Иргэд нь ашигт малтмалынхаа буянд ажил хийгээгүй ч хаусанд амьдарч, толь шиг зам дээр тансаг хөлгөөр гангардаг баян шейхүү­дийн өмнө бид ийн гиш­гэжээ. Гэвч тоо ярихын өмнө Монголын талаар хашилтанд бичих өгүүлбэр бас бий. Хүн амынх нь 50 хувь нь сууцанд биш өн­гөр­сөн зууны гэрт толгой хоргодож, уул уурхайгаас өөр дугуй эдийн засагт нь байдаггүй гээд олон зүйлээрээ бид тэднээс ялгаатай.

Удаан дуншсаны эцэст байгуулагдсан Оюу­толгойн хөрөнгө оруулал­тын гэрээ нийтлэлийн эхэнд дурдсан их өсөл­тийн шимт хөрс нь байжээ. Энэ төслөөр өмнийн говиос Улаанбаатар хүртэл чинээлэг амьдралын ча­нарыг бий болгож,  Азийн дээвэр дор бар улс болох төлөвлөгөөг Засгийн газар танилцуулж байв. Гэтэл өнөөдөр төрийн түшээ­дээсээ авахуулаад гу­дамж­ны гуйлгачин хүр­тэлх өрийн сүлжээнд ор­чихлоо. “Чингис” бондоор өндөр хүүтэй зээл тавьж байж хотын хэдэн уулз­вараа засах тухай цэц бу­лаалдаж, үсрэнгүй хөгж­лийн буухиа биш төлбөр төлөөсний хэрүүлээсээ ангижраагүй байна.

Уг нь “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Ингэснээр энэ оны эхний хагаст зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүү­ний эхний тээвэрлэлтийг хийж Оюутолгойн бодит ашиг тусыг Монголын ард түмэнд хүргэхээр ажил­лаж байна” гэсэн. Тэд улсад нэг их наяд гаруй төгрөгийн татвар төлсөн, Өмнөговь аймгийн Хан­богд сумыг хөдөөгийн “зүрх” болгосон гээд олон үр дүнг тайлагнаж байгаа. Ингэхдээ Оюутолгойгоос Ханбогд сумын төв хүртэл эрчим хүчний шугамыг 5.9 тэрбум төгрөгөөр тавьсан, сумын ундны усны хан­гамжийг сайжруулахаар 1.68 тэрбум төгрөгөөр судалгаа хийсэн, техник сургалтын төв байгуулсан, Даланзадгад хотод уул уур­хайн жишиг сургуулийг долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа зэргээр говиос эхтэй мөнгөний “чимээ” жингэнэж байна.

Сумын хөрөнгө оруу­лалт нийслэлд хүртээлтэй юу, эдийн засгийн өндөр өсөлт нийт монгол өрх бүрийн гал тогоонд хүртээлгүй хэвээр байгаа, уул уурхайгаас өөр хөгж­лийн хөтөчгүй мухардаж буйн шалтгаан зэрэг эзнээ эрсэн олон асуулт бас бий. Үнэхээр Оюутолгой хөгжлийн хөдөлгүүр юм бол Катарын адил хан­галуун амьжиргаа хаана “нуугдчихаад” байна вэ.

Өнгөрсөн оны байд­лаар Оюутолгойгоос барилгын шатанд 649.3 сая, Монголын ажиллах хүчний зардал болон цалинд 160.9 сая, барил­гын шатанд Монголын бараа үйлчилгээний зар­далд 1.1 тэрбум, харин барилгын шатанд Монгол Улсад оруулах нийт мөнгөний урсгал нь 1.9 тэрбум ам.доллар байсан тухай “http://ot.mn/sites/default/files/documents/ESIA_OT_C7_Econo­mics_MN.pdf”-д дурдсан байлаа. Энэ бүгд тэр чигтээ нийлээд бараг л Монгол Улсын төсвийг тэр чигт нь бүрдүүлж бо­лохоор хэмжээнд хүрчээ. Ийм их мөнгө улсын санд цутгасан ч төсвийн алдаг­дал дөрөв дахин ихэссэн байх юм. Муу нэртэй ядуурал 2011 онд дөчин хувьд дөхсөн бол энэ удаад 27 хувьтай байгааг Үндэс­ний статистикийн хороо­ноос мэдээлсэн. Гэвч энэ тоо амьдралд нийцэхгүй байгааг олон эдийн засагч үгүйсгээд байна. Үүнээс гадна тус хорооноос өнгөрсөн пүрэв гаригт энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж орлого 954 мянган төгрөг болж өссөнийг мэдээлсэн. Ийнхүү орлого өсч, ядуурал багассаны шалтгаан нь баялгийн хуваарилалт, үндэсний компаниудын үйлдвэрлэл­тэй холбоотой хэмээн тэд тайлбарласан юм.

Шинээр хэрэгжүүлэх гэж буй 8-9 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрт хамрагдах өрхийн орлого нэг сая төгрөгийн босгыг давсан байх учиртайг Засгийн газар сануулж байгаа. Зөвхөн энэ хөтөл­бөр гэлтгүй арилжааны банкуудын хэрэгжүүлж буй зээл ч ийм шалгуураар иргэдэд очиж буй. Гэтэл нийт зээлийн дөнгөж 6.1 хувийг ипотекийн зээл эзэлж буй нь өрхийн орлого нэг сая төгрөгт хүрсэн эсэхэд эргэлзээ төрүүлээд байна.

Шуудайд хийсэн үх­рийн эвэр шиг хоорондоо үл нийцэх тоо баримтууд ийнхүү хөвөрч буйн араас Оюутолгойн их мөнгөний чимээ хаана очиж арилаад байгаа нь бас л тодорхой­гүй үлддэг. Монголын эдийн засгийг “цатгаж” буй тухайгаа “Оюутолгой” олон хуудас тайлангаар цээжилтэл тараагаад бай­даг, харин хөрөнгө оруу­лалтын гэрээ үр өгөөжгүй боллоо гэж улс төрийн намууд нь шуугилдаад салдаггүй, иргэний хөдөлгөөнийхөн өөлөөд дуусдаггүй.

Үүний үргэлжлэл болж улс төрийн намуудын ярианы гол сэдэв нь хөрөнгө оруулалтын гэрээ. Амтай бүхэн өөр өөр тоо хэлээд байгаагийн цаана бодитоор хэдэн тэгтэй тоо байгааг бас л тодорхойл­сон зүйл алга. Ингэхээр Азийн Катар болох холын мөрөөд­лийг үнэн, худлын дэнсээр ялгах цаг болсон биш үү. Хэн нь хэдийг өгсөн, авсан нэг нь хэрхэн зарцуулсан хийгээд хэр үр өгөөжтэй үрсэн талаараа “шүүлтүүр”-гүй барим­туудыг хэзээ дэлгэх вэ.