Э.ӨНӨР

Монгол Улс Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай болоод дөрвөн жил өнгөрчээ. Цаа­сан дээрээс цаашилдаггүй Монголын хуулиудын нэг энэ байв. Дөрвөн жил өнгөрсөн ч энэ хуулийн эсрэг үйлдэл гарсаар байна. Автомашинтай бо­лох гэсэн хүмүүсийн мөрөөдөл ам.доллараар хэмжигдэж, амьдрах орон байраа ч ялгаагүй мөнөөх гадны мөнгөөр авч байна. Хүүхдийнхээ явдаг сур­гууль, цэцэрлэгт мөн л гадны мөнгөн тэмдэгт ту­шаана. Энэ мэтээр валютын зөрүүнд хохирч буйгаа иргэд ШӨХТГ-т мэдээлжээ. Тус газрын удирдлагууд өчигдөр Монгол Улсад валютаар худалдаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг шаардлаа. Тэд иргэдийн гомдлын дагуу зарим компанид шалгалт хийж, “Таванбогд”, “Топ мебель”, “Алтжин” худал­дааны төв зэрэг газар автомашин, орон сууц, тавилгыг ам.доллараар худалдаалж байсныг тог­тоожээ. Үүнийг ШӨХТГ-ынхан Төлбөр тооцоог үн­дэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Харин эдийн засагчид бараа, үйлчилгээний төлбөр, тооцоог гадаад валютаар хийх нь  үндэсний мөнгөн тэм­дэгтийг сулруулах, өргөн хэрэглээний бү­тээг­дэ­хүүний үнэ өсгөсөн гэж дүгнэж байна. Үүний нөлөөгөөр дундаж ор­логотой иргэдийн худал­дан авах чадвар буурч байгааг тэд онцолсон. Харин Монголын нутаг дэвсгэрт гадны мөнгөн тэмдэгтийг “гааруулж” байгаа компаниудад хариуцлага тооцож энэ байдлыг хална гэдгээ ШӨХТГ-ынхан амлалаа. Тэгэхээр хууль хэрхэн биелэхийг ирэх долоо хоногт харах нь.