Монгол Улсад сүүлийн хэдэн жил хамгийн их хэлэгдсэн  уриа нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэдэг сайхан үг. Энэ уриа гарснаас хойш хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж хэрэндээ л хичээж, ганц дарсан ногоо авахдаа хүртэл эх орондоо үйлдвэрлэснийг нь сонгож эхэлсэн байх. Гэхдээ ингэлээ гээд үндэсний үйлдвэрлэл сэргээд, дийлчихсэн юм алга. Учир нь манай улсад жижиг, дунд үйлдэрлэгчид, түүний дээр нь данхайсан импортлогч л байна. Ийм тогтолцоотой байхад яаж ч үйлдвэр хөгжөөд, иргэд аль үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих юм бүү мэд. Өнөөдөр Монголын том баячуудын тоонд орж байгаа эрхмүүд бүгд импортлогчид.

Тэд худал хэлсэн хүнд бүгд хүнсний сүлжээ дэлгүүр байгуулаад, импортоор бараа оруулж ирж зараад, үйлдвэрлэл эрхлэх гэж хичээж байгаа иргэдийн дээрээс “бул хар чулуу”-гаар дарж сандайлчихаад л сууж байна. Ерөнхийдөө импортын бүтээгдэхүүн дундаа хүнс голчилно.


Үүнтэй хол­боотойгоор хүнсний аюулгүй байдал алдагдаж, цаашлаад идэж ууж байгаагаасаа хамаараад хүн амын багагүй хувь нь ходоод гэдэсний өвчтэй болж байна. Өнөөх Монгол орныг тэр чигт нь дарлаад байгаа импортлогчдын хийж байгаа ажил ердөө л ийм. Уг нь манай улс сүүлийн хэдэн жил төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэглээгээ 100 хувь хангаад байгаа. Тийм байтал одоо болтол Хятадаас төмс оруулж ирэгсэд байсаар байна. Хүнсний ногооны хэрэглээг бараг л 100 хувь хангаж байгаа өнөө үед элдэв даршилсан ногоо үйлдвэрлэж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчид ч олширсон.

Гэтэл өнөөх импортлогчид нь гаднаас элдэв төрлийн дарсан огурци, салат оруулж ирээд, өөрсдийнхөө дэлгүүрийн лангууны хамгийн ашигтай талбайд тавьчихдаг. Харин үндэсний үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүмүүсийн бүтээгдэхүүнийг бараг л нуух шахуу юм болдог. Тэгсэн хэрнээ өндөр татаас авна. Тэр дундаа дөнгөж нээлтээ хийгээд, удаагүй байгаа үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бол бараг л авахгүй, зарахгүй. Сүлжээ дэлгүүрүүд ийм л “алуурчин”-ы шинжтэй ажилладаг. Өнөөдөр хүнсний сүлжээ дэлгүүр ажиллуулж байгаа компаниуд юу ч үйлдвэрлэдэггүй. Сайн­даа л ус, ундаа, архи, шар айрагнаас хэтрэхгүй. Зүгээр л энд тэндээс худал хэлсэн хүнд муудах шахсан хүнс, лаазалсан бүтээгдэхүүн зөөчихөөд сууж байгаа. Уг нь манайд архи, шар айрагны үйлдвэрээс их юм байхгүй байтал гадны орноос шар айраг, архи импортлоод байдаг.  Ингээд л үндэсний үйлдвэр хөгжих хөг өнгөрөөд байгаа юм. Уг нь төр засаг бодлогоор дэмждэг бол аятай юу. Хий дэмий “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гэж хоосон уриалж байхаар төмс, хүнсний ногоо, даршилсан салат энэ тэрийг импортлохыг хориглоно гэсэн шийдвэр гаргачихвал болоод явчихна шүү дээ.  Даанч энэ төр засаг өнөөх хэдэн импортлогчдынхоо атганд нь багтчихсан байдаг биз.

Өнгөрсөн сард Булган аймгаар явахдаа “Хонгор агро Булган” гэдэг компанийн тариан талбай дээр очиж, гурилын үйлдвэртэй танилцлаа. Тэгэхэд тус гурилын үйлдвэр гурилаа зарж чадахгүй, 60, 70 тонноор нь агуулахдаа хадгалчихаад сууж байна билээ. Борлуулт нь тэг заачихаад байгаа гэсэн. Аль өнгөрсөн намраас авахуулаад л гурилаа арай гэж ганц нэг шуудайгаар нь зарж байгаад одоо бүр зарагдахгүй болчихсон юм байх. Уг нь чанар энэ тэр нь “Алтан тариа”-гийн гурилтай зүйрлэхгүй гэж байгаа. Гэтэл цагаан сараар улаанбаатарчууд Орос гурил кг-ыг  нь 2000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл “Хонгор агро Булган” кг гурилаа 500 төгрөгөөр зарж байх жишээтэй. Уг нь багахан зохицуулалт хийчихвэл энэ мэт эх орны үйлдвэрийн чанартай гурилаа бид хямд үнээр авах боломж байна. Гагцхүү энд жаахан бодлого хэрэгтэй байгаа юм.

Дахиад өөр нэг жишээ. Монголчууд өнөөдөр тахианы махыг хангалттай хэрэглэдэг болсон. Гэтэл дэлгүүрүүдээр зарагдаж байгаа тахианы мах бүгд импортынх. Зарим нэг компаниуд Америкаас тахианы мах авч ирлээ гээд “уран донгодоод” байдаг. Харамсалтай нь өнөөдөр манайд Хятадаас л тахианы мах орж ирж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна.  Гэтэл тахианы махны хэрэглээ өндөртэй энэ том зах зээлд шинэ махаар хангачих нэг ч компани алга. Бид сүүлийн хэдэн жил хэчнээн жил хадгалсан нь мэдэгдэхгүй хөлдүү мах идсээр л. Яг ачир дээрээ хөлдүү мах нь ямар ч амин дэмгүй, цаашлаад хүний биед хортой ч байж болох. ОХУ-д тахианы хөлдүү маханд насжилтын шинжилгээ хийсэн чинь 36 жилийн турш хөлдүү байсан гэсэн хариу гарсан гэж байгаа. Бүхэл бүтэн 36 жил хөлдүү байсан мах идвэл хүний биед ямар л олиг байв гэж. Манайд ч ийм байдал байгааг үгүйсгэхгүй. Харамсалтай нь манайхан насжилтыг нь хэмжээд, шинжлээд байхгүй л дээ. Бараг л хэн дуртай нь тахианы мах оруулж ирээд зараад байгаа юм чинь.

Харин ойрноос “Ажигана мах импекс” гэдэг компани монголчуудыг цоо шинэ, эх орондоо өсгөж бойжуулсан махны чиглэлийн тахианы махаар хангахаар ажиллаж байгаа юм гэнэ.  Ирэх сарын дунд үе гэхэд бид “Ажигана” гэсэн шошготой цоо шинэ тахианы мах идэх нь. Хятадаас оруулж ирсэн, хөлдүү мах биш цоо шинэ, загсаасан мах иднэ гээд бод доо. Сайхан хэрэг биш гэж үү.  Энэ бол импортын бүтээгдэхүүнийг бага ч гэсэн орлох үндэсний үйлдвэрлэл гарч ирж байгаа тод жишээ юм.

Хамгийн гол нь энэ мэт үйлдвэрээ өнөөх импортлогчдын хөлд үрэгдүүлээд, дарагдуулчих­мааргүй байна.  Аль боломжтой талаас нь дэмжээд өгөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ үндэсний үйлд­вэрлэл өргөжинө, тэлнэ. Өргөжих­ийн хэрээр ажлын байр бий болно. Ажлын байр нэмэгдэх тусам манай улсын нэг ч гэсэн хүн ажилтай болно биз дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн ач тус тийм өргөн. Харин зөвхөн урианаас хэтрэхгүй, сүлжээ дэлгүүр ажиллуулж, чихэх, жигнэмэг, элдэв хүнсний бүтээгдэхүүн импортолж оруулж ирдэг нөхдүүдийг өөгшүүлсэн бодлого бариад байвал хэзээ бид хөгжих юм.

Болдогсон бол ганзагын сэтгэлгээтэй баячуудыг хяхан хавчиж, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, даршилсан ногоо, гурилан бүтээгдэхүүн гаднаас импортлохыг хоригломоор байна. Тэглээ гээд монголчууд өлсөөд үхэхгүй нь лавтай байх.

Эх сурвалж: www.mminfo.mn