Ж.ЦОГЗОЛМАА

Оюутолгойн уурхайг бүтээн босгоход “Рио тинто” Австралийн экспорт санхүү болон даатгалын корпораци “Рио”-чуудад тусламж үзүүлэхээ энэ сарын 12-нд зарласныг “Сидней морнинг хералд “ сонин мэдээлсэн байна. Одоогоор тэд хэдий хэмжээний санхүүжилтийг Оюутолгойд хаяглахаа ил болгоогүй байгаа ч зээлийн хэмжээ нэмэгдэж мэдэхээр байгаа юм. Ямартаа ч гадаад түншүүд нь “Рио Тинто”-д таван тэрбум ам.доллар зээлэхээ мэдэгдсэн билээ.

Анх энэ ордыг нэг тэрбум ам.доллараар ашиглана гэж мэдэгдэж байсныг уншигчид мартаагүй. Гэтэл тэр нь нэмэгдээд 30 тэрбум болоход ойрхон байна. Энэ хөрөнгө оруулалт 2030 онд нөхөгдөнө. Энэ олон жилийн дараа өмнийн говьд Заамараас ялгаагүй “домог” төдийхөн газар үлдэхийг мэргэжлийн хүмүүс нь үгүйсгэхгүй байна. Харин энэ тухайд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулна” гэсэн. Уг нь Ерөнхий сайдын өнгөрсөн оны захирамжаар ажлын хэсэг байгуулсан байдаг. Ингэснээрээ хаалттай бүхнийг ил болгох учиртай байв. Гэвч өнөөдрийн байдлаар төслийн анхны хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар нэмэгдээд байгаа. Цаад шалтгааныг нь Засгийн газраас одоо хэр нь тодорхой тайлагнаагүй байгаа. 

Бараг л 40 тэрбум ам.долларын өртэй байсан “Рио тинто” өнөөдөр Хятадын “Чалко”-той “ханьссан”. Гадаад түншүүдээсээ Оюутолгойн нэрээр олон тэрбум ам.долларын хөрөнгө босгоод байгаа. Лав л таван тэрбум ам.долларын санхүүжилт олох ажилд нь дээр дурдсанаарАвстралиас туслалцаа ирнэ гэдэг нь тодорхой болж байна. Харин Монголын Засгийн газар 30 тэрбумд дөхөөд байгаа нийт хөрөнгө оруулалтын хэдийг төлж, түүний дараа хэдэн жилийн дараа ногдол ашиг хүртэх, иргэддээ хувьцаа тараах вэ гэдэг нь оньсого хэвээр байна. Энэ компанийн 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар гэрээлсэн байдаг.

“Asia mining” сэтгүүлд “Оюутолгой” компанийн зах зээлийн үнэ цэнэ 309 тэрбум ам.долларт хүрснийг саяхан мэдээлж байв. Засгийн газар энэ үнэ цэнийг мэдэж байгаа л юм бол хөрөнгөө өсгөхөд юу хийсэн бэ. Хэдэн талд шил шилээ харсан яамдаас өөр Засгийн газрын дүр зураг бага байлаа. Дарханд газрын тосны үйлдвэр барьж байна гэж баахан шоудсанаас өөр Оюутолгойг уурхай болгох дорвитой алхам хийгдсэнгүй.