Ж.ЦОГЗОЛМАА

 

Намрын шар нар, бүг­чим өдрүүдэд ид оволзох ургац хураалт айсуй. Хи­чээл, сургуультай зэрэг­цээд хүчит ком­бай­ны нүр­гээнт дуу ногоон талбайд хадах цаг гурван сар хүрэх­гүйн дараа эхэлнэ. “Анхны алхам” кинонд гардаг шиг хөлсөө дуслуу­лан ажиллах тариа­ланчид газар эхийн ши­мийг би­дэнд хүртээх их ажилдаа бэлдээд завгүй байна.

 “Атрын III” аянаас эхтэй хэрэгцээгээ дотоо­доосоо хангах алхам социализмаас хойш сэр­гээд байгаа нь энэ. Манай улс жилийнхээ хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.7 мянган тонн буудай шаардлагатай. Харин 2012-2013 оны хэрэг­цээнээс 172.8 мянган тонн буудай илүүдэлтэй байгаа юм. Мөн хүнсний ногооны­хоо 62.7 хувийг дотоодын ургацаас хангаж байна.

Уул уурхайн ашигт малт­малын үнэ их гүрнүү­дийн өрийн сүлжээнд “гацаж”, манай улсын төсвийг бүрдүүлдэг нүүрс, зэс наймаачдын нүдийг хужирлах нь багасч байна. Улсын төсөв алдагдалтай гарч, өр зээлээ “нөхөх” эрэл үргэлжилж байгаа.

Энэ зуур атар газрын “алт” дэлхий дахинд эрэлттэй, бас өндөр үнэтэй хэвээр байна. Металлын хараат байдалд “дэнжигнэж” байхаар үр тарианы экспортоор орлогоо өсгөх боломж бидэнд хаяанд иржээ.

 

УЛААН БУУДАЙН ҮНЭ ӨСӨХ ҮҮ?

 

“Agrimoney” цахим хуудаст “2013 онд улаан буудайн үнэ дахин өсөх үү” гарчигтай нийтлэл хэвлэгджээ. Энэ нийтлэлд олон улсын судалгааны байгууллагууд буудайн үнийг хэрхэн төсөөлснийг тоймлон хүргэе.

Энэ онд дэлхий дахины тариа, буудайн хэрэглээ 132.3 сая тоннд хүрэхээр байна. “Коммерсбанк”-ны мэдээлж буйгаар 2013-2014 онд буудайн тариалалтын талбай хоёр хувиар өсөхөөр байгаа юм. Буудайн үнэ нэг бушель буюу 36 кг нь 7.50 ам.доллараас өндөрт гарах тооцоог эдийн засагчид хийж байна. “Голдман сакс”-ын мэдээлж буйгаар буудайн нийлүүлэлт харьцангуй бага байх аж. Австрали, Аргентин зэрэг улсад буудайн нийлүүлэлт АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны төсөөлснөөс доогуур хэмжээнд байх юм. Энэ мэдээллүүд нь энэ оны эцэст буудайн үнэ өсөх хандлагатайг харууллаа.

 

МЕТАЛЛЫН ЭКСПОРТООС ҮР ТАРИАНЫ ХУДАЛДААНД...

 

Манай улсад тариа­ланчид гурилын үйлд­вэрүү­дэд улаан буудайгаа нэг тонныг нь 380 мян­ган төгрөг, мөн урам­шуулал 50-60 мян­ган төг­рө­гөөр худал­дана хэмээн мэ­­дэг­дэж бай­гаа. Ингэс­нээр нэг тонн буу­дайн үнэ 450-460 мян­ган төгрөгөөр тооцох төлөв бий. Монгол Улсад буудай илүүдэж хилийн чанадад худалдаж борлуулах гарц нээгдсэн. Ингэхдээ шатдаг “чулуу”, шар металлуудаас хэтэрхий хамааралтайн зовлон ч нимгэрэх бизээ.