Л.ХЭРЛЭН
Чингэлтэй дүүрэг дэх Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Нүүр ам судлалын сургуулийн шинэ лабораторийн нээлт, тус сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцыг ашиглалтад хүлээж авах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Тус сургууль 170 сая төгрөгийн өртөг бүхий 24 суудал, модель буюу хиймэл хүн, тоноглол бүхий сургалтын Ур чадварын лабораторитой болсон нь энэ юм. Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачлагаар сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцтай болсон байна.
Сургуулийн үүд хэсэгт төв зам, сургууль хоёрыг заагласан далан байдаг тул орохын тулд тойрохоос аргагүй нөхцөл байдал үүсдэг. Энэ тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан асуудлыг шийдэж өгчээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, академич Г.Батбаатар,Нүүр ам судлалын сургуулийн захирал Т.Ариунтуул болон тус сургуулийн багш, суралцагчид оролцсон юм.
Г.Баярсайхан сайд нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Миний бие 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгсч байсан. Энэ сургууль миний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс би энэ салбарын хүн, дээрээс нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо олон ажил хийхээр төлөвлөн ажилладаг. Энэ хүрээнд явган хүний болон автомашины гүүр барих ажлыг санаачлан эхлүүлж өнөөдөр ашиглалтад хүлээлгэж өглөө. Энэ сургуулийн багш, ажилчид, суралцагчид сургууль руугаа орохдоо бараг км шахам газраар тойрч ирдэг байсан бол өнөөдөр шууд төв замаасаа сургууль руугаа орох боломж бүрдэж байна. Энэ нь нэг талаар цаг хэмнэх, нөгөө талаар оюутнуудын сурах орчныг сайжруулсан ажил боллоо” хэмээн онцлон тэмдэглэв.
Сүүлийн жилүүдэд олон улсад шүд, эрүү нүүрний мэс засал болон арчилгаа, эмчилгээний салбар хурдацтай хөгжиж байгаа. Манай улсад ч гэсэн энэ салбар эрчимтэй хөгжиж, орчин үеийн техник тоног төхөөрөмжийг эмчилгээ, сургалтанд ашиглах болсон. Манай улсын Нүүр ам судлалын сургуулийн хувьд ч гэсэн ийнхүү олон улсын жишигт нийцсэн лабораторийг ашиглалтад оруулаад байна.
2011 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн сургалтын үйл ажиллагаа явуулж буй тус сургууль өнөөдөр ийнхүү олон улсын стандартын дагуу жишиг лабораторитой болж, суралцагчдад томоохон боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, суралцагчид сурч байх хугацаандаа модель(хиймэл хүн) дээр эрүү нүүр, шүдний сургалтыг хийж, дадлагажих юм.Модель дээр хэр сайн дадлага хийж сурна төдий чинээгээр өвчтөнг сайн эмчилнэ гэдгийг Шүд эрүү нүүрний эмнэлгийн захирал М.Соёлмаа ярьж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин