Ж.ЦОГЗОЛМАА

 

Манай улсын “хэтэвч” ханзарч, иргэдийн татварт төлсөн мөнгө түүгээр урсан үгүй болж байна. Үндсэн шалтгаан нь хоёр хувиар тооцсон алдагдал бараг дөрөв дахин өссөнийх. Тоймгүй их зардлыг цээж­ний бангаар төлөвлөж, эцэстээ хүний мөнгөөр хүүдэгнэсний гор ингэж гарав.

Хөгжлийн хэмээх гоё уриатай гавихгүй банк байгуулж, эзэн хааныхаа нэрээр хилийн чанадаас өндөр хүүтэй зээл авчих­сан нь төсвийн алдагдал хязгаартаа тулах эхлэл болсон юм. Өрөөлөөс авсан өрөөрөө бүтээж бос­гох олигтой хувилбаргүй хэрнээ эргүүлээд улсын төсвөөс төлөх даалга­вар­тай. Тэр үед төсвийн алдагдал сүүлийн 13 жилд байгаагүй хэмжээнд хүрч болохыг санхүүгийн цаг­даа гэгддэг Дэлхийн банк анхааруулж байна. Бадар барьж, хандивлагчдын хөрөнгөөр төсвийн цоорхойг “нөхсөн” 2008 оны гашуун түүх давтагд­вал Монголын нэрийг барих зай завсар үлдэнэ гэдэг юу л бол.

Том зургаар нь харвал энэ онд төсвөөс дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт  80 хувиар нэмэгджээ. Ингэс­нээр нийслэлд төмөр хөлөг зорчих газар ховордож, гудамж талбайг толь шиг “хивстэй” болгох их ажил ундарч эхэлсэн.

2011 оны хүчтэй газар хөдлөлтийн дараа гамшиг болсон замаа зургаахан хоногт хэвэнд нь оруулсан наран улс хохирлыг хожил болгосон туршлагатай. Харин бид хэдэн сараар сунж­руулсан ч ширүүхэн бо­роо­ны “хөл” даахгүй эв­дэр­хий зам барьдаг зур­шилтай. Энэ мэт нь төсвийн зарцуулал­тын энгийн жишиг бөгөөд алдагдалд хүргэж буй эх сурвалж юм.

Энэ зуур “Чингис” өрийн бичгийн орлогоор “Гудамж” төсөл хэрэг­жүүлж, зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор болсон. Ингэх­дээ зам биш “там” барь­чихвал муу дээр муухай гэгч болох биз. Энэ хэрээр төсвийн үр ашиггүй зар­цуулалтын төлөөс нэмэг­дэж, түүнийг иргэд нуруун дээрээ үүрэхэд хүрч бай­гаа юм. Хамгийн энгийн жишээ гэхэд Баянзүрх дүүргийн Амгалангийн замыг уншигчид мэднэ. Солир унасан юм шиг олон нүх нь автомашины эвдрэл гэмтлийн шалтгаан болж байгаа. Автомашины амин сүнс болсон амар­тизатор, өндгөн тулгуур, тиаг шарнер зэрэгт Монголын зам халгаатай. Гайгүй машин уная гэвч хагас жил болохгүй амар­тизатороо солиулахад доод тал нь 40-50 мянган төгрөг зарцуулж байна. Нэг өрхийн мах авах мөнгө төсөв “зувчуулагчид”-ын гайгаар ийн хасагдаж буй нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөөнд халдаж байгаа төрийн “терроризм”. Ингэж л иргэдийн нуруун дээр төсвийн үргүй зардал, алдагдал ачаа болж байна.

Долоон их наяд давсан улсын төсвийн зарцуу­лалт, зээлээ төлөх орлого­гүй Хөгжлийн банк, “Чингис” бондын талаар ганц сэдэв сөхөхөд ийм байна. Төс­вийн тогтвортой байдлын тухай хууль гууль болсныг энэ бүхэн баталлаа.

Төсвийг тогтвортой байл­гаж, иргэдийн амьд­ралыг өөд татна гэж төрд сонгогдсон түшээдийн ажлын үр дүн энэ. Уг нь тэд төсөвт алдагдал гарвал “оёдолчин”-ы үүрэг гүй­цэт­гэж, таны, бидний хэтэв­чийг үнэ­гүйд­лээс хам­гаа­лах учир­тай. Харин өнөө­дөр бидний дунд төсвийн “оёдолчид” биш харин “террористууд” байна.