Р.ОЮУН

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвтэй ярилцлаа.

-Богдхан уулын дархан цаазат газрын Цэцээгүний тахилга болох гэж байна. Энэ талаартодруулахгүй юу?

-Цэцээ гүний овооны тахилага ирэх сарын 7-нд болох гэж байна. Үүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар таван жилд нэг удаа тахидаг. Төрийн тахилгат уулуудыг тахидаг хуваарь бий. Тэр жил нь Төрийн ёслол хүндэтгэлийн алба, бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар ярилцаад хэдний өдөр тахих вэ гэсэн товыг тогтоодог.

Энэ журмаар аравдугаар сарын 7-нд тахихаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Богдхан маань дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул.

Тэгэхээр Богдхан уулын овоог тахина гэдэг маш хүндтэй. Монголчуудын хувь заяаг дааж, төрийн сүлдийг өргөж байдаг уул. Монгол Улс гурван сая хүнтэй. Үүнээс хоёр сая нь Улаанбаатарт амьдарч байна. Хоёр сая хүний 800 мянган өрхийн ээж болгон өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг өргөдөг бол гэрийн эзэд өглөө босонгуутаа хөх тэнгэр, Богдхан уул хоёртоо мөргөж залбирдаг.

-Богдхан уулыг хэзээнээс тахидаг болсон юмбэ?

-Энэ тахилга их хүндтэй. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, өөрөө очиж хүндэтгэл үзүүлж, мөргөж сөгддөг, Монгол Улсаа даатгадаг төрийн тахилгатай уул. Мөн бурхан шашинтны тэргүүн хамба лам, Улаанбаатар хотын захирагч, Иргэдийн хурлын дарга нар, Төв аймаг, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс оролцоно. 1778 онд Хүрээний сайд Юндэндоржийн санаачлагаар Манжийн хаан тахиж байсан. 1957 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 31 дүгээр тоот тогтоолоор Богдхан уулыг Чойбалсан уул хэмээн дархалж байжээ. 1974 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар Богд уулыг дархан цаазтай газар болгосон. 1995 онд УИХ-ын тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль баталж, Богдхан уулыг Дархан цаазат газар болгосны 20 жилийн ой нь энэ жил тохиож байна.

-Танайхаас Цэцээ гүний овоог тахихтай холбоотой ямар ажил хийж байна вэ?

-Бид Богдхан уулын түүх, газарзүйн байрлал, ан амьтан, ургамал, рашаан булаг, гол горхитой нь холбоотой ном гаргаад Л.Одончимэд гуай редакторласан “Дархан цаазат Богдхан уул” гэдэг номоор бэлэг барьж байна. Богдхан уулаа сурталчилъя. Тэгэхээр цай, сүүнийхээ дээжийг учиртай өргөх нь. Үүнтэй холбоотойгоор хогноосоо салах, замын тэмдэг, тэмдэглэлүүдийг шинэчлэх, сандал ширээнүүдээ янзлах ажил өрнөж байна. Нэг маршрутаар 8.5 км явдаг. Таван ийм маршруттай учраас хийх ажил их байна. Бид өнөөдөр хулгайн ан, самарчид, мод тээгчид, хууль бус зорчигч, гал түймэр тавиг­чидтай тэмцэж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын захиргааг одоогийнхоос гурав дахин өргөжүүлэхгүй бол хоёр сая хүн цугласан энэ уулыг хамгаалж чадахгүй байна. Богдхан уулаа хайрла. Уул руу гарахдаа тамхи, асаагуураа орхиод, бууж ирэхдээ хогоо уутанд хийгээд ирдэг болоосой гэж байгаа юм. Түүнээс хүн бүр уул усандаа гар, мөргө залбир, хайрлаж хамгаал. Үүнийг бид хориогүй.

-Овоо тахихад хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Үүнийг хаанаас яаж гаргаж байгаа вэ?

-Богд уулаа хамгаалахад том компаниуд ухамсартай оролцох байх гэж бодож байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн түрүүлсэн бөх, зургаан насны морины байд долоон шинэ “Ланд-200” машин өгдөг юм билээ. Үүнийг үнэлбэл нэг тэрбум 400 сая төгрөг болно. Тэгэхэд Монголоор даяараа шүтдэг, газрыг нь авч эзэмшиж байгаа улаанбаатарчуудынхаа, Монголынхоо хувь заяаг даадаг, хүн бүр сүсэглэдэг, дэлхийн гайхамшигтай дархан цаазат уулаа тахихад нэг тэрбум 400 саяыг байг гэхэд 140 сая төгрөг гаргаад өгчихвөл энэ мөнгөөр нь их юм хийчихнэ. Тахилгад хэн нь хэдэн төгрөг өгснийг зарлана. Төр, засаг өнөөдөр төсөв хомс, мөнгө хэцүү байна. Үүнийг ойлгоод манайхан сэтгэлээрээ хамтраад болгочихмоор байна. Манайд суусан мөнгө байхгүй. Цөөхөн ажилтантай, цалин төсөв нь хүрэхгүй байгаа.

-Дархан цаазтай газарт газар авсан аж ахуйн нэгж, иргэдтэй яаж хамтарч ажиллаж байна вэ?

-Дархан цаазтай газрын эргэн тойронд газар авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай ам амаар нь гэрээ хийнэ. Дээр нь Хан-Уул дүүргийн бүх хороотой гэрээ хийж, идэвхтэн байгаль хамгаалагч, сурталчилгааны багийг ажиллуулна.

-Дархан цаазтай газарт компани, иргэнд газар олгох ёстой юу?

-Ёстой. Хууль байдаг. Дархан цаазат газарт газрыг олгохдоо дөрөв ангилдаг. Дархан цаазтай газрын хилийн зурвас гэж бий. Хилийн зурвастай хиллэдэг Хан-Уул, Баянзүрх дүүрэг, урдуураа Төв аймгийн Сэргэлэн сумын заагийг орчны бүс гэж нэрлэдэг. Заагийн дотор талд байгаа бүсийг компани, иргэнд аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглуулахаар олгож болно гэж Дархан цаазат газрын тухай хуульд бий. Түүнээс биш эзэмшүүлж, хувьчлахгүй. Иргэн хүн газар ашиглахаар хүсч болно. Тухайлбал, би майхан босгоод жуулчин хүлээж авъя. Зочид буудал, зоогийн газар барьж энэ газрыг чинь ашиглаж төлбөрийг нь төлье, орчноо цэцэрлэгжүүлье, уулаа хамгаалья гэсэн гэрээг хуульд нийцүүлж хийдэг. Энэ бол хязгаарлалтын бүсдээ байгаа юм. Одоогоор 1000 гаруй аж ахуйн нэгж, иргэнд газар олгосон байгаа. Хязгаарлалтын бүсдээ газар ашиглуулъя. Харин хязгаарлалтын бүс дэх хамгаалалтын бүсэд орж болохгүй.

20 жил улстөрчид хийгээгүй юмыг зургаан сар өдөр, шөнөгүй эд нартайгаа сууж байгаад Хөдөө, аж ахуйн их сургуулийн ойролцоо 30-60 жил амьдарсан өрхүүдийн газрыг ашиглуулахаар боллоо. Үүнийг Д.Оюунхорол сайд манлайлж хийсэн. Үүнд дэм үзүүлж, удаан хугацаагаар сэтгэж, зүтгэж хууль өргөн барьж явсан хүн бол УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар юм. Үүнийг мартаж болохгүй. Энэ жил Хан-Уулчуудын хувьд баяртай жил боллоо гэж бодож байгаа. Тахилгатай холбоотой Богдхан уул ивээлээ. Олон жил амьдарсан хүмүүсийн газрыг олгож байна гэдэг цаанаасаа юм нь бүтэж байна. Би бас ийм үед энэ газрын дарга байж, санаа нэгтэй бол дэмжлэг өгье гэж өдөр, шөнөгүй суусныхаа хувьд баяртай байна.

-Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хэдэн байцаагчажиллаж байна вэ?

-Амыг хамгаалсан ганцхан байцаагч түймэр, хулгай, газар олголттой тэмцэнэ. Мөн хэрэлдэж байгаа хоёрыг ч салгана. Энэ бүгдэд яваад хүчрэхгүй шүү дээ. Хоёр сая хүний төлөө 20-хон байцаагч ажилладаг болохоор хамтаараа нийлэхээс өөр замгүй болсон. Энэ захиргаагаа томруулахаас өөр аргагүй. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүмүүсийн тархинд, дараагаар нь Хан-Уул, Баянзүрхийн хороо болгонтой уулзаж ухуулга хийнэ. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай уулзахад харилцан хамгаалья, манайхаас хөрөнгө гаргаж, хүн хүч нэмж өгье. Манзушираа хүртэл хамгаалья гэж хэлсэнд их баярлаж байна. Энэ уултай холбоогүй хүн гэж байхгүй. Овооны гол шүншигтэй модыг бөө нар шатаачихсан. Үүнийг бид дахин шүншиглүүлээд, лам хар залаад уулнаасаа мод гуйж овоогоо тахих гэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин