Ж.ЦОГЗОЛМАА
Хойд хөршийн төрийн ДУМ-д суудалтай Либераль ардчилсан намын гишүүн М.Дегтярев ам.долларыг дотоодын арилжаанаас бүрэн хасах хуулийн төсөл санаачилсан юм.
Рублийн ханшийг тогтвортой байлгаж, дотоодын зах зээлээ дэмжихэд энэ төсөл чиглэж буйг хууль боловсруулагч хэлж байна. Манай улсад ч үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдаа хийхийг хуульчилсан байдаг. Ингэснээр төгрөгийн ханшийг тогтвортой байлгах боломж бүрдэнэ хэмээн Монголбанк мэдэгддэг билээ.
“Ногоон”-ыг арилжаанаас хасах тухай яриа ОХУ-д шинэ сэдэв биш юм. 2010 онд гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Хятадын Ерөнхий сайд Вэн Зибаотой уулзахдаа худалдааны гэрээ байгуулахаар болсон нь ам.долларыг зах зээлээс шахах эхний шатыг тавьсан хэмээн ажиглагчид үздэг. Тэдний уулзалтаар хил худалдааг өөрсдийн валютаар хийх, худалдааны өртгийг бууруулахад чиглэсэн алхмууд яригдсан байдаг. Цаашдаа ч ам.доллараар нөөц бүрдүүлэх эсэхэд хэлэлцэх зүйл бий гэж онцолж байв.
Малайз болоод Германы худалдаа ам.доллараар хийгддэг. Тиймээс энэ валют нь дэлхийн худалдааны эргэлтэнд гүүр болсоор ирсэн юм. Ам.доллараар хийгдэж буй худалдаа нь улс орнуудыг өрийн сүлжээнд оруулж, АНУ-ын худалдааны алдагдал тэр хэрээр өсч байна. Улмаар инфляц “өгссөөр” байгаа юм. АНУ энэ бүхнийг мэддэг болоод удаж байгаа ч шийдвэрлэх арга замын эрэл өгөөжөө өгөөгүй. Вашингтон мөнгөн тэмдэгтээ муу нэр луу данснаас гаргахаар зарим төсөл хэрэгжүүлж эхэлсэн тоо баримт бий. Тухайлбал, тэд Иракийг эзэлснээр хар алтны худалдаанд ам.долларын оронд евро авч байна. Гэвч Ирак америкуудын хувьд заналхийлэл болон хувираад байгаа. Учир нь лалын шашинтнууд евро эсвэл Оросын рублиэр нефтийн тээвэрлэлтээ хийх хүсэлтэй байгаа юм.
Энэ зуур ОХУ болон Хятад ам.долларын хэрэглээг аажмаар эсэргүүцэж байна. Өмнөх жилүүдэд энэ хоёр улсын хоорондын худалдаа жилд 40 тэрбум ам.долларт эргэлдэж байсан. Зөвхөн Оросын тухайд Хятадтай хийж буй худалдаа нь АНУ-ын дотоод арилжаанаас хамаагүй том орон зай, мөнгөний урсгалыг бий болгоод байна. Кремлиэс Бээжинг чиглэсэн хар алтны экспорт дэлхий дахинд ашигт малтмалын төлбөрийг тодорхойлогч ам.долларын статуст томоохон заналхийлэл болж буй. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Хятад хэдийнэ эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болсон бол АНУ хар алтны ¹1 үүцлэгч хэвээр байна. Харин манай хойд хөршийн хувьд нефтийн экспортоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.
ОХУ-ын өнөөгийн байдал нь 2006 оны үеийг санагдуулж байна. Тухайн үед тус улсын Ерөнхийлөгч асан В.Путин газрын тос болон байгалийн хийн компаниудын хувьцааг рублиэр үнэлэх төлөвлөгөө боловсруулсан билээ. Ингэснээр рубль олон улсын худалдаанд илүү өндөр байр суурь эзлэх байлаа.
Ялалтын баяраа тэмдэглээд удаагүй Улаан талбайн эзэд валютын хаан гэгддэг ам.долларыг арилжаанаасаа хасч “дөнгөх” эсэх нь хүлээлттэй үлдээд байна.