С.УЯНГА

Сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцийнхөн номоор амьсгалав. Бусдыгаа номын баярт урин дуудсан пост хэчнээн ч хувийг нь эзлэв. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлал болон дөрөв дэх жилдээ болж буй  Үндэсний номын баяр өнгөрсөн бямба гаригт өргөн дэлгэр боллоо. Уншигч, уран бүтээлчдийг уулзуулдаг, номын ертөнцийг амьд, хөл хөөртэй болгодог энэ баярыг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд зохион байгуулжээ. Нээлтэд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БСШУ-ны сайд Л.Гантөмөр зэрэг албаны хүмүүс ирж Ерөнхийлөгчийн бичсэн таван боть номын дээжийг орон нутгийн номын сангийн төлөөлөлд гардуулсан юм. Мөн “Тэргүүний уншигч-Д.Нацагдоржийн тэмдэгтэн” шагналаар 20 сурагчийг, шилдэг номын санчдыг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.  Хүүхэд багачуудыг номонд дуртай, номыг дээдэлдэг болгоход гол зорилго нь оршиж буй номын баярын үеэр салбарын сайд нь хэлсэн үгэндээ “Уламжлалт зан заншлаа хөгжүүлж ард иргэд, хүүхэд залуусыг ном эрдэмд гэгээрэх хандлагыг нэмэгдүүлдэг энэ өдөр хэн бүхний хүлээдэг баяр болжээ. БСШУ-ны яамнаас “Ном” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж 350 цэцэрлэг, ерөнхий боловсролын 2569 бүлэг, бага анги номын сантай боллоо. Мөн ангийн багш нарыг номыг бүтээлчээр уншуулах аргазүйн сургалтад хамрууллаа” гэв.  Энэ аянаас оюутан залуус цөөхөн нь 2-5 ном, зарим нь үүргэвч дүүрэн номтой болжээ. Мэдээж ихэнх ном 20-50 хувь хямдарсны дээр  Ардын уран зохиолч П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Галсан зэрэг утга зохиолын мундгуудаас номыг нь гарын үсэг зуруулж авах ховор боломж тохиосон хэрэг. Номонд дуртай, номыг шимтэн уншдаг хүмүүсийн оюуны цангааг тайлсан номын баярт Монгол Улсын бүх номын сан, ном хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, зохиолч, орчуулагч нараас гадна 21 аймгийнхан  “номын богцтойгоо” зорьж ирсэн нь онцлог байв.  Түүнчлэн “Бид өөрсдөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, “Монголын нууц товчоо”-г хэн сайн мэдэх вэ, “Номтой нөхөрлөсөн хүүхэд нас” танин мэдэхүйн АХА тэмцээн, Монголын зохиолчдын 2015 онд гаргасан уран бүтээлийн үзэсгэлэн гээд номд дуртай хэн бүхэн нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Номын баярт ирж, уншигчидтай уулзаж, илэн далангүй яриа өрнүүлсэн Ардын уран зохиолчдын сэтгэгдлийг сонслоо.

П.Бадарч: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙД АЛДАРШУУЛСАН ЗҮЙЛ НЬ НОМ

 9-21-6й1

Би номын баярын талаар ганцхан өгүүлбэр хэлье. Хэрэв монголчууд Нууц товчоо гэдэг гайхамшигтай номыг бүтээж, бидэнд үлдээгээгүй бол юун Чингис хаан, Өүлэн хатан. Өнөө их түүх судрыг бид хаанаас ч олж харахгүй байсан. Тэгэхээр номын агуу их хүч чадал гэдэг ийм юм. Хэрэв нууц товчоог бидэнд үлдээгээгүй бол Монголынхоо түүх, Чингис хааны хатад, Есөн өрлөг баатруудыг бид юунаас олж харах юм бэ. Тэр үед зурагт, интернэт бүгд байгаагүй. Монголчууд биднийг дэлхийд алдаршуулсан зүйл  бол Монголын нууц товчоо. Харин Монголын нууц товчоо нь ном шүү дээ.

Ш.Дулмаа: УНШИГЧ, ЗОХИОЛЧДЫГ УУЛЗУУЛДАГ БАЙГААСАЙ

-Соёлын их уурхай номноос л гардаг. Залуу үедээ хэлэхэд номноос шинжлэх ухааны бүх мэдлэгийг, хүний амьдралын сайн сайхныг авдаг юм. Номтой нөхөрлөж, номоор өөрийнхөө оюун ухааныг цэнэглэж яваарай гэж уриалмаар байна. Дээр үед зохиолчдыг бүх аймаг, сум, багт аваачиж уншигчидтай уулзуулдаг байсан. Тиймээс залуусыг номонд дуртай болгохын тулд номын зохиолчидтой уулзуулбал их үр дүнтэй гэдгийг Боловсролын яамнаас хүсэх байна.

Т.Галсан: БУРХАН БАГШ ХОЁР НАС БҮТЭЭСНИЙ НЭГ НЬ НОМ

-Номын баяр тэмдэглэнэ гэдэг Монгол Улс соёлтой улсын шинж. Ном ихтэй айл бол бурхны ариун дагшин сүм шиг харагддаг. Номын баяр бол эрийн гурван наадам дээр нэмэгдсэн монголчуудын том баяр. Төрийн тэргүүнээс эгэл жирийн иргэн хүртэл номонд шимтэж байгаа нь сайхан санагдаж байна. Ер нь бурхан багш хоёр нар бүтээжээ. Нэг нар нь биднийг гийгүүлж байгаа. Нөгөө нэгийг нь хүн бүтээжээ. Тэр нь ном юм. 360 хоногт нар гэрэлтэж байдаг шиг айл бүрт номын цагаан буян дэлгэрч байх болтугай. Цагаан сараар аав ээж нь хүүхдэдээ, залуус бие биедээ хайр сэтгэлээ илчлэхдээ ном бэлэглээсэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

banner zm