Б.БАРС

Австралийн өдөр тутмын “Сидней морнинг хералд” сонинд гарсан нийтлэлийг товчлон хүргэж байна.

 

Австралийн экспор­тын зээлийн агентлаг үндэстэн дамнасан корпо­рациудад зээл олгодог мар­­­гаан дагуулсан үйл ажиллагаагаа үргэлжлүү­лэ­хээр шийджээ. Ин­гэс­нээр татвар төлөгч­дийн мөнгө “Рио Тинто”-д Мон­гол дахь уурхайг үр­гэлжлүүлэн барихад шаард­­лагатай 5.1 тэрбум ам.долларыг босгоход нь туслах болж байна.

Зээл авахад хүндрэл­тэй жижиг бо­лон дунд хэмжээний экс­порт­логч­дод түлхүү дэмж­лэг үзүүлэхэд төв­лөрч ажил­лахыг олон нийт шаарддаг ч Австралийн Экспортын санхүүжилт, даатгалын корпорац “Рио Тинто”-гийн Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын сан­хүү­жил­тэд оролцох болс­ноо мэдэгджээ.

Одоогоор “Рио Тинто” Оюутолгойд шаардлагатай 5.1 тэрбум ам.долларын санхүүжил­тийн дор хаяж талыг нь баталгаажуулаад байгаа юм. Энэ аварга том төслийн санхүүжилтэд орол­­­цож буй байгуул­ла­гуу­­­дын дотор Дэлхийн банк­ны Олон улсын сан­хүү­гийн корпорац хүртэл бий.

Ийм байхад Австра­лийн Экспортын санхүү­жилт, даатгалын корпорац жижиг экпортлогчдод түл­хүү зээл олгож байх тухай улсын Бүтээмжийн хо­рооны зөвлөмжийг үл хайх­ран дээрх төсөлд орол­цохоор болж байна. Уг нь Австралийн Засгийн газар тэрхүү зөвлөмжийн цаана байгаа юм. Тун удахгүй Засгийн газар тус корпо­ра­цийн үйл ажиллагааг шинэчлэх тухай хуулийн төс­лийг парламентад өр­гөн барих гэж байгаа билээ.

“Рио Тинто” бол Лон­дон болон Австралийн бир­жид бүртгэлтэй, нийт хувьцааны үнэлгээ нь 92 тэрбум ам.долларт хүрсэн том корпорац. Хэдийгээр энэ корпорац Австралид өргөн хүрээтэй үйл ажил­лагаа явуулж, үндэсний томоохон татвар төлөгч­дийн нэг гэгддэг боловч төв байр нь ч, хувьцаа эзэмшигч­дийн 70 орчим хувь нь ч Лондонд байдаг юм.

“Жубилий Австралиа” корпорацийн гүйцэтгэх захирал К.Полке хэлэх­дээ, “Рио Тинто” шиг том корпорац Оюутолгойнх шиг ийм төслийг санхүү­жүүлэх хөрөнгийг хаанаас ч олох чадалтай. Иймд би дээрх шийдвэрт шүүмж­лэл­­тэй хандаж байна” гэжээ.

Австралийн “ANZ”, “NAB” зэрэг томоохон арилжааны банкууд ч зэс, алтны Оюутолгойн уур­хайн цаашдын бүтээн бай­гуулалтад хөрөнгөөр тус­лахаа “Рио Тинто”-д амласан гэх.

Энд тэмдэглэхэд, Авст­ралийн Экспортын санхүүжилт, даатгалын корпорац аварга том кор­по­рацуудаас дан ганц “Рио Тинто”-д л зээл олгох гэж байгаа юм биш. Өмнө нь тус байгууллага АНУ-ын “Экксон Мобил” тэр­гүүтэй олон улсын консор­циумын Папуа-Шинэ Гвинейд байгалийн хий олборлох төсөлд нь 350 сая ам.долларын зээл өгч байжээ.

Уг нь энэ байгууллага Оюутолгойн төслийг бай­галь экологи болон нийг­мийн сөрөг үр дагавар да­гуулж болзошгүй гэж үзэн аюулын “А” зэрэглэл тог­тоож байсан юм. Иймээс К.Полке, “Оюутол­гойн уурхай говьд амьдар­даг нүүдэлчин малчдын амьдралын уламжлалт хэв маягийг эвдэж болзошгүй тухай яриа бишгүй л гар­сан шүү дээ. Төсөл хэрэг­жиж буй бүс нутгийн ту­хай дэлгэрэнгүй мэдээлэл авалгүйгээр ийнхүү зээл олгох болсонд сэтгэл дун­дуур байна” гэжээ.

“Рио Тинто” ийм шүүмж­лэлийг байнга эсэр­гүүцэж, Оюутолгойн уурхай 2019 он гэхэд ядуу Монголын экспортын та­вин хувийг дангаараа хан­гана гэх тооцоогоороо түрий барьсаар ирсэн юм. Сүүлийн саруудад Мон­голын Засгийн газар төс­лийн хоёрдахь шатны бү­тээн байгуулалтын өртөг нэмэгдсэн, үүнээс үүдэн Монголд орох орлого ба­гасч байгаа гээд “Рио Тинто”-той зөрчилдсөн билээ.

Гэвч тус корпорацийн гүйцэтгэх захирал С.Волш өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, хоёр тал хэл амаа ололцсоныг дурдаад уур­хайн эхний ээлж ирэх ирэх сарын 30-наас өмнө анхны бүтээгдэхүү­нээ гаргана гэсэн юм.