Д.ОЮУНЧИМЭГ

Цалин хүрэхгүй, өвдвөл бэлэн мөнгөгүй гээд хүн бүр бэрхшээл тоочдог. Гэвч бид хуримтлал бий болгож чадвал эдгээрийг төвөггүй давж чадах юм. Энэ талаар доктор Л.Оюунтай ярилцлаа.

 

-Хувь хүн цалингаасаа илүү гаргаж хэрхэн хуримтлал бий болгох вэ?

-Орлоготой хүн бүр хуримтлалтай байх боломж бий. Тиймээс авч буй цалингаасаа нэг мянган төгрөг ч байсан хадгалж сурах хэрэгтэй. Тухайн өрхөд орж байгаа мөнгөнөөс давсан зардал гаргаад байна гэдэг нь хуримтлалын эсрэг алхам болно. Түүнчлэн өрийн сүлжээнд орж байгаа хэ­рэг. Хүн бүр л хуримт­лалтай болохыг эрмэлздэг гэвч чадахгүй байгаад л учир бий. Тэгэхээр хам­гийн түрүүнд хийх алхам нь зардлаа зөв удирдах. Орлогоо хэрхэн зарцуулж байгааг тооцоолох ёстой.

-Мэдээж хүн бүр хуримтлалтай болохыг хичээдэг. Гэвч хэрэглээ­нээсээ илүү гаргаж чадах­гүй байгаа нь асуудал болж байна уу гэж хараад байна?

-Хүн өөрийгөө захирч сурах хэрэгтэй. Тухайн сард ямар, ямар зардал гарч байгааг эхний удаад бичээд жагсаа. Түүний дараа сард гарч буй зардлын аль нэгийг огт гаргахгүйгээр түүнд зар­цуулах мөнгийг хадгалаад үз. Тэгвэл аяндаа хуримт­лал бий болно. Гэхдээ хадгаламжтай болохыг хүсч байгаа хүмүүст маш их тэвчээр хэрэгтэй. Яагаад гэвэл тэд хадгална гэхээс илүүтэйгээр үрдэг зуршилтай болсон байдаг юм.

-Хүмүүс яагаад ху­римт­лал үүсгэж чадахгүй байна гэж та боддог вэ?

-Хадгаламжтай байна гэхээр бөөн, бөөнөөр нь мөнгө хадгалах ёстой гэж дийлэнх нь боддог. Харин яг бодит байдалд харвал аливаа зүйл алхам, алх­маар бий болдог гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс зардлаа хөтлөөд сурах хэрэгтэй, биедээ бэлэн мөнгө авч явахгүй байх. Ер нь хүний хэрэглээ тийм ч их биш, бид өөртөө түүнийг бий болгодог. Тэгэхээр орлого орсон өдрөө заавал мөнгө хий. Гэхдээ ихээр биш. Миний анзаарснаар ихээр хадга­лахыг зорьж байгаа хүмүү­сээс илүү бага, багаар хадгалдаг хүний хуримт­лал илүү өссөн байдаг.

-Тухайлбал, 1.1 сая төгрөгийн орлоготой хүн сард хэдэн төгрөг хад­галах боломжтой вэ?

-Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Нэг үгээр хэлбэл, сард 600 мянган төгрөгийн зээл төллөө. 350 мянгыг хүнс болон бусад хэрэглээнд зарцуулъя. Ингээд тооцвол 150 мян­ган төгрөг үлдэх боломж­той. Тэгэхээр хэдийг нь далд хийх вэ гэдэг нь өрхийн төсөв барьж байгаа хүнээс шалтгаална. Уг нь энэ айл сар бүр 150 мянгыг хадгалах боломж байна. Ер нь хадгаламжтай болох гэж байгаа бол өмнөө тавьсан зорилготой, түүнд хүрэх чин эрмэлзэлтэй, тууштай байх хэрэгтэй.

-Өнгөрсөн сард хүнсэнд зарцуулж байгаа мөнгөний тооцоог гаргаж үзлээ. Гэтэл би дэлгүү­рээс хариулж авч чадаагүй бутархай мөнгийг бодоход 96 төгрөг байх юм. Энэ нь хувь хүний хуримтлалд хэрхэн нөлөөлөх вэ?

-Би өмнө нь хэлсэн аливаа зүйл нэгээс эхэл­дэг. Хэдийгээр 96 төгрөг байгаад, энэ нь тийм ч их биш байгаа мэт харагдах байх. Гэвч үүнийг тухайн дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүсийн тоогоор үр­жүүл­бэл нэлээд их хэм­жээ­ний мөнгө болно. Тиймээс хүн бүр бүгдийг нямбай тооцоолж сурах хэрэгтэй. Энэ нь хуримт­лалтай болоход маш сайн зуршил болдог.

-Хэдийгээр хувь хүн хуримтлалтай болох ёстой гэдэг зорилго тавьж байгаа ч түүндээ хүрэхэд хэцүү байдаг. Тэвчихийн тулд юу хийх вэ?

-Тэвчиж чадахгүй байгаа бол гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо дунд амлалт өгөх хэрэгтэй. Тухайлбал, гэрийнхэндээ “Би энэ сар нэг ширхэг ч хувцас авахгүй”, ажлын­хандаа “Би энэ долоо хоногт гадуур хооллохгүй” гэх зэргээр амлаж болно. Хүн өөрийгөө хуурч болдог ч бусдыг хуурна гэхэд хэцүү байдаг юм. Хүмүүст худалч болж харагдахгүйн тулд тэр хичээдэг. Тий­мээс энэ нь тодорхой хугацааны дараа түүнд зуршил болж үлдэх бөгөөд илүү зарцуулж байсан мөн­гөө хадгалах боломж­той шүү дээ.