Ж.АНУ

 

Манай гэр бүл орон сууцны зээлээ ам.доллараар тооцож төлдөг. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард банкинд сардаа 320 ам.доллар буюу 435 мянган төгрөг тушаадаг байлаа. Тэгэхэд “ногоон” 1357 төгрөг байв.

Өчигдөр зээлээ төлөхөөр банкинд очтол нийт 460 мянган төгрөг нэхэв. “Ам.долларын ханш тогтвортой байвал төлбөрийн хэмжээ нэг их өөрчлөгдөхгүй. Сардаа 400 гаруй мянган төгрөг л ту­шаах байх” гэсэн банкны ажилтны үг санаанд оров. Өчигдөр ам.долларын ханш 1435 төгрөг болсон байв. Жил гаруйн хуга­цаанд “ногоон”-ы хан­шийн өсөлт 100 төгрөгт эр­гэлдсэн байна. Энэ хэрээр бидний төлөх зээл ч “өгсөх” төлөвтэй. Дараа дараагийн жилүүдэд зээлээ төлөхдөө төгрөгийн бяр чадал нэмэгдэнэ гэж найдах уу, хэтэвчээ зузааруулах орлогын эх үүсвэрийн эрэлд гарах уу гэсэн хоёр сонголт үлдэж байна.

Сонины хуудас сөхө­хөд, 2008 оны зургадугаар сарын 13-нд ам.долларын ханш 1159.06 төгрөг байжээ. Өнгөрсөн жил 1300 төгрөгөөс буугаагүй бол 2010 онд 1290-1300 төгрөгт тогтсон байх юм. 2009 онд юань 260, ам.доллар 1770 төгрөгт хүрснээс бусдыг тооцвол ханш тогтуун байгаа ч энгийн бидний өрхийн төсөвт жин дараад эхэл­чихсэнийг  банкны зээлийн нэхэмжлэл ха­руулж байна. Жилийн дараа гэхэд зээлийн төл­бөрийн жагсаалтад ам.долларын дүн өөрч­лөг­дөхгүй ч төгрөгийн хэмжээ нь хэд хүрч “томрох”-ыг таахад бэрх болоод байна.

Уг нь гадаадаас валютын урсгал нэмэг­дэж, хөрөнгө оруулалтууд ихсээд ирэхээр Монголыг чиглэсэн ам.долларын “да­­валгаа” төгрөгийн хан­шийг тогтвортой байлгаж, “ногоон”-ыг чангарах зай өгдөггүй гэж эдийн засагчид тайлбарладаг. Нэг үгээр, ам.доллар ховордохгүй, хангалттай зах зээлд нийлүүлэгдвэл төгрөг барааны лангуун дээр үнэгүйдэх учиргүй юм байна. Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэ­дээлснээр 2009-2012 онд Монгол Улсад 10.94 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Зөвхөн 2011 онд 4.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон нь манай улсын түүхэнд байгаагүй дүн болж байна.

Ногоон мөнгөний урсгал ийн өсөөд байхад ам.долларын ханш нэмэгдсээр байгааг ханшийн график харуулж байна. Мэргэжлийн хү­мүүс нь үүнийг зах зээлийн жам гэж тайл­барлаж байгаа ч энгийн иргэдийн хувьд орон сууцны зээл болоод ам метр талбай, сургалтын төлбөр зэргийн үнийг тооцож буй ам.долларт суурилсан жишгээс шалт­гаалан төлөх өр зээлийн хэмжээ нэмэгдээд байна.

Ирэх жилээс Оюутолгойн зэс дэлхийн биржүүдэд хүрч, ам.долларын урсгал тэр­бум тэрбумаараа Мон­голыг чиглэнэ гэж сайд нар хэлэв. Тэр үед нэг “ногоон” 2008 оных шиг биш юм гэхэд ядаж л 1200 төгрөгт хүрэх болов уу. Тэгвэл урт хугацааны зээлээ валютаар төлөв­лөсөн зарим өрхийн төсөвт нааштай мэдээ болох ч юм билүү.