Э.СОЛОНГО
Бид ирэх намар хэдэн төгрөгөөр талх авч идэх нь тариаланчдаас шалтгаална. Тэд ургацаа бас хөдөлмөрөө хэдээр үнэлэхээс хамаарч талхны үнэ тогтдог. Гурван жилийн өмнө тариаланчид буудайг нь үнэгүйдүүлсэн Засгийн газар, гурилын үйлдвэрүүдийн эсрэг трактортойгоо жагсч байлаа. 2010 онд Монгол Улс социализмын үеэсээ хойш анх удаа хамгийн арвин ургац хураасан байдаг. Гэтэл Засгийн газар нь тариаланчдаас нэг тонн будааг 330 мянган төгрөгөөр тооцон авах амлалтаасаа ухарсан юм. Гурилын үйлдвэрүүд ч ялгаагүй элдвээр шалтаглаж буудайн үнийг хязгаарласнаас тариаланчид трактортойгоо тариан талбайд бус гуджинд зогсоход хүрсэн.
Нөгөөдөр тариалалт эхэлнэ. Тариаланчид ашгаа дор бүрнээ тооцоолж яваа. Өнгөрсөн онд тэд нэг тонн буудайгаа 280 мянган төгрөгөөр нийлүүлсэн. Энэ нь гурилын компаниудад боломжийн ханш байсан ч тариаланчид хохиролтой үлдсэнийг Газар тариалан холбооны тэргүүн Э.Жаргал хэлсэн. Мөн төрийн түшээд тариаланчдыг жил бүр алдагдал хүлээдгийг хүлээн зөвшөөрлөө. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Манай улс сүүлийн хэдэн жил гайгүй ургац авах бололцоо бүрдсэн. Гэтэл өмнөх жилүүдэд тариалалтын хувьд байнга алдагдалд орж байлаа. Үр тариа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн тухайд жилийн 12 сарын 11-д нь зардал гаргаж, нэгд нь л орлогоо олдог. Ганцхан сарын орлогоо цаг агаараас болж алддаг үе ч бий. Энэ мэтээр олон компаниуд дампуурдаг” хэмээсэн.
Тариаланчид ирэх намрын ургацаа нэг тонныг нь 380 мянган төгрөгөөр үнэлэхээр болжээ. Харин шинэ ургац, шинэхэн талхны түүхий эдийг гурилын үйлдвэрүүд хэрхэн үнэлэх бол. Энэ талаар зарим гурилын компаниудын саналыг сонссон юм. “Улаанбаатар гурил” компанийн борлуулалтын менежер Л.Пүрэврэнцэн “Тариаланчдын нийлүүлэх буудай чанарын шаардлага хангаж чадвал энэ үнээр авах боломжтой. Гэхдээ 380 мянга өндөр үнэ. Бид тариаланчдын санал болгосон үнээр буудай авч болно. Гэхдээ энэ нь эргээд гурил, талхны үнэд нөлөөлнө. Төрөөс олгож байгаа 50 мянган төгрөгийн урамшуулал тариаланчдад нэмэр болж байгаа. Гэхдээ урамшууллын хуваарилалтаас болж зах зээлд чанаргүй буудай их гарч байна гэлээ. Харин “Алтан тариа” компанийн Борлуулалтын албаны дарга н.Аюушжав “Тариаланчид буудайныхаа үнийг нэмвэл гурилын үнэ өснө. Үүнийг дагаад талх, гурилан бүтээгдэхүүний үнэ өснө” гэж ярилаа.
Ер нь гурилын компаниуд тариаланчдад буудайн үнээ өсгөвөл бид гурилынхаа үнийг ч нэмнэ гэсэн мессэжийг илгээсэн юм. Харин үр тариа эрхлэгчдид “Төрөөс “долоолгож” байгаа 50 мянгаар олон жил тэслээ. Урт хугацаанд бүтэн жилийн хөдөлмөрөө дутуу үнэлүүлж байна, бид” гэдгээ өнгөрсөн сард болсон Тариаланчдын улсын зөвлөгөөнөөр онцгойлон мэдэгдсэн.
Гэтэл “Талхны үнийг өсгөнө шүү” гэж айлгах гурилын компаниудад төрөөс хөнгөлөлттэй зээл олгодог юм билээ. Гурилын үнийг тогтворжуулахаар өнгөрсөн оноос Монголбанк Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Төр өнгөрсөн онд 61 тэрбум төгрөгийг гурилын үйлдвэрүүдэд хаяглаж арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Уг хөнгөлөлттэй зээл энэ онд мөн үргэлжилэх нь. Гурилын үнийг өсгөхгүй гэсэн амлалт өгсөн 40 гаруй компани байгаа аж. Тэгэхээр ирэх намар талхны үнэ хэр бодитой тогтох бол.