Д.ОЮУНЧИМЭГ, Э.ӨНӨР

 

Манай улсын төсвийн алдагдал сүүлийн 13 жилд байгаагүйгээр өссөнийг Дэлхийн банкнаас анхаарууллаа. Алдагдал цаашид үргэлжилвэл Монгол Улс 2008 оны хямралыг давтахад хүрнэ хэмээн тэд сануулсан юм. Төсвийн төлөв, эдийн засгийн өсөлтийн талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Сангийн сайд асан Э.Бямбажав, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэд профессор Д.Мөнхдулам,  доктор Л.Оюун, Өрсөлдөх чадвар, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми нар ийн хариуллаа. Энэ тухай V нүүрнээс уншаарай.

 

Д.Бямбасүрэн:

ЭДИЙН ЗАСАГ ХУРДАН ӨСӨХ ЦАГ ӨНГӨРСӨН

-Төсөвт алдагдал гар­на. Нүүрсний үнэ буур­сан. Өнгөрсөн онд сонгуу­лийн өмнө төсвийг дэндүү үрэлгэн зарцуулсан. Ийм гурван шалтгаанаас болж байгаа юм. Цаашид зардлаа хэмнэх хэрэгтэй. Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа үед аль болох тооцоотой байх хэрэгтэй. Манайхан эдийн засгийн өсөлт буурлаа гэж ярих юм. Хэт хурдан өсөх цаг өнгөрсөн. Ер нь эдийн засгийн өсөлт долоон хувиас дээш байхад хэвийн гэж үзэж болно.

Э.Бямбажав:

ТӨСӨВТ ХУУМГАЙ ХАНДСАНЫ ГОР ГАРЧ БАЙНА

-2013 оны төсвийг нарийн шинжилж судлаагүй гор гарч байна. Орлого анх төлөвлөснөөс тасарч байгаа, цаашид ч ийм байх төлөвтэй байна. Гол эх үүсвэр болсон нүүрсний үнийг нэг тонныг нь төсөв зохиож байхдаа 70 ам.доллараар тооцсон. Гэтэл одоо 53 ам.доллар байна. Нүүрс­ний үнэ ойрын хугацаанд өсөхгүй  “Чингис” бондоос зээлсэн хөрөнгөө зөв зарцуулах хэрэгтэй.

О.Чулуунбат:

БОНДЫН МӨНГӨТЭЙ БОЛВОЛ СЭРГЭНЭ

-Төсвийн тодотгол хийгдэнэ. Ер нь төсвийн орлого эхний хоёр улиралд хүнд байдаг. Сүүлийн хоёр улиралдаа гайгүй болдог тал бий. Бондын мөнгөөс эдийн засагт ороод ирэхээр сэргэнэ. Энэ шийдвэр гарахаар бүх зүйл хөдөлнө. Уул уурхай болон бусад зүйлээс шалтгаалан эдийн засаг саарч байгаа тухай ярьж байгаа ч бид нааштай байлгахаар ажиллаж байна. Эдгээрийн үр дүнд өсөлт сайжирна.

С.Ганбаатар:

ЧӨТГӨР НАРИЙН ШИРИЙНД НУУГДДАГ ЮМ 

-Алдагдалд ороод байгаа нь орж байгаагаа­саа илүү зарж байгаа хэрэг. Энэ нь зээл авсан гэсэн үг. “Чөтгөр нарийн ширийн дотор нуугддаг” гэдэг үг бий. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Мөн гадаадын хөрөнгө оруу­лалттай компаниуд их ашиг олж байгаа зэргээс хамаарч эдийн засаг өсөлттэй гэж харуулж байгаа бол энэ нь шилний цаанаас чихэр долоол­госонтой адил.

Д.Дамба:

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЯРИХАД ХЭЦҮҮ

-Би Дэлхий банктай нэг саналтай байна. Орлогоо нарийн тооцохгүй зарлагаа тогтоосон шүү дээ. Нүүрсээр мөнгө олох бодлого барьсан ч нэг хэсэг манайх нүүрсээ ч гаргахгүй байлаа. Энэ хугацаанд төсвийнх нь орлого зогссон. Харин зарлага нь хэдэн тэр­бумаар урсаж байлаа. Нүүрснээс өөр эх үүсвэр хайхгүй байна. Нүүрсээ борлуулах өөр гарцийг эрэхгүй байна. Энэ онд эдийн засгийн өсөлт тэдэн хувьд хүрнэ гэж хэлэхэд хэцүү байна.

Л.Оюун: ТОГТВОРЖИЛТЫН САН МОНГОЛЫГ АВАРНА 

-Төсөв алдагдалтай гарна гэдэг хэвийн үзэгдэл. Гол нь юунд зардал их гарсан, юу өөрчлөгдсөн бэ гэдгийг шинжилж үзэх хэрэгтэй. Энэ жил гайгүй өсөлттэй байна гэж харж байгаа. Уул уурхайтай холбоотой­гоор нэг хэсэг багассан байх. Гэхдээ эрс­дэлээс хамгаалах тогтвор­жил­тийн сан нь одоо ажлаа хийх цаг болсон гэдэг нь харагдаж байна. Орлого олж байсан хэрээрээ Тогт­вор­жилтын сангаа бүр­дүүлж байвал хэвийн үйл ажил­лагаагаа хангах боломжтой.

Д.Мөнхдулам:

ОРЛОГОГҮЙ ТӨСЛҮҮД ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА

-Энэ оны төсвийн хамгийн том эрсдэл нь орлогодоо тааруулж зарлагаа тооцоогүй явдал.  Мөн төсвийн ирээдүйн хандлага тийм ч сайн хараг­дахгүй байна. Төс­вөөс гадуурх хоёр зардал болох Хөгжлийн банк­наас орлого оруулахгүй төслүү­дийг санхүүжүүлж байгаа зардал, Төв банкнаас сан­хүүжүүлж  байгаа Үнийг тогтворжуулах хөтөл­бөрийн өртөг зэрэг нь хэтийн төлвийг хүнд бай­далд оруулж болзошгүй.

Б.Лакшми:

АЛДАГДАЛ ДААМЖИРВАЛ ДАМПУУРАХ АЮУЛТАЙ

-Төсөв алдагдалтай байна, цаашид ч алдагдал өснө. Мэдээж удаан хугацаанд алдагдалтай яваад байвал дампуурах аюултай. Үүнийг Европын зарим улс орнуудаас харж болно. Урьдчилан сэргий­лэхийн тулд хямралын эсрэг сантай байх ёстой. Мөн Тогтворжилтын болон Баялгийн сангуудаа ажиллуулах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт нь өмнөх оныхтой харьцуу­лахад сааралттай байх хандлага ажиглагдаж байгаа.