М.ХҮСЛЭН

“Брент” маркийн газрын тосны үнэ 2009 оноос хойш анх удаагаа 45 ам.доллараас доош унасан байна. БНХАУ-ын биржид үнэт цаасны үнэ унаснаас болж нэг баррель “Брент” маркийн газрын тосны үнэ 44.54 доллар болтлоо хямдарчээ. Энэ нь өмнөх өдрөөс 2.04 хувиар унасан үзүүлэлт аж. Тэгвэл WTI маркийн газрын тосны үнэ нэг баррельд 2.41 хувиар буурч 39.5 ам.доллараар зарагдсан байна. Өчигдөр Шанхайн хөрөнгийн биржид хувьцааны үнэ есөн хувиар унажээ. Түүнчлэн өнгөрсөн ням гаригт Хятадын эрх баригчид тэтгэврийн сангийн хувьцааг арилжаалахыг зөвшөөрсөн билээ. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн удаашрал болон Азийн бусад орнуудын газрын тосны эрэлт буурч байгаагаас ихээхэн болгоомжилж байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин