Ч.ГАНТУЛГА

Өнөөдөр наймдугаар сарын 10. Энэ өдөр түүхэнд олон онцгой үйл явдал болсны нэг нь Мадагаскар арлыг нээсэн явдал юм. 1500 оны энэ өдөр Португалийн далайчин Диегу Диашын хөлөг онгоц Кабралын цуваанд орж, Энэтхэг рүү чиглэн явах үедээ далайн шуургатай тааралдан зүгээ алджээ. Бяцхан хөлөг онгоц Өмнөд Африкийг тойрч яваад нэгэн аралтай таарсан аж. Далайчин түүнийг Африкийн эрэг гэж бодоод хойш хөвөн Мозамбикийн боомтыг олохоор оролджээ. Гэвч эрэл мухардсан тул өнөөх арал дээрээ ирж, ундны ус аваад хойш хөвөн Адены булан хүртэл явжээ. Ийнхүү Диаш  Гибралтарын хоолойгоос Адены буланг хүртэл тойрсон анхны европ хүн болсон төдийгүй Мадагаскар арлыг нээсэн юм. Европт Мадагаскарын тухай мэдээлэл хүчтэй тарж, энэ үеэс дэлхий нийт энэ арлын тухай анх судалж эхэлсэн түүхтэй. Мадагаскар арал нь Африкийн зүүн эргээс Мозамбикийн хоолойгоор тусгаарлагддаг Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөв дэх том арал юм. Хэдийгээр халуун орны уур амьсгалтай ч урд зүгийн хошууддаа дулаан орны уур амьсгалтай. Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын хөвч Марумукутру унтарсан галт уул юм. Тус арал нь ургамал, амьтдаараа хосгүй бөгөөд сонирхолтой. Энд дэлхийн ургамал, амьтны зүйлсээс таван хувь нь бий. Тиймээс Мадагаскарыг хүн төрөлхтөн “бяцхан тив” гэж үзэх нь бий. Мөн энэ өдөр түүхэнд болсон бусад онцлох үйл явдлаас дурьдвал 2003 оны энэ өдөр Олон улсын сансрын станцын дарга Юрий Маленченко сүйт бүсгүй Екатерина Дмитриеватай сансарт гэрлэжээ. 1966 онд АНУ-д ам.долларын хоёртын дэвсгэрийг гүйлгээнд гаргахыг зогсоов. Мөн 1985 оны энэ өдөр Майкл Жексон “Битлз” хамтлагийн бүх дууг дуулах эрхийг 47.5 сая ам.доллараар худалдан авчээ. Харин 1833 оны энэ өдөр Чикаго хотын шавыг анх тавьсан юм. Тухайн үед хот 200 хүрэхгүй хүнтэй, Уинди Сити нэртэй тосгон байсан аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин