Ж.ЦОГЗОЛМАА  

МҮХАҮТ энэ оныг “Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил” болгон зар­ласан. Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст дурдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээл сарын 1.8 хувийн хүүтэй байна. Жилдээ 20 хувь дөхсөн зээлийн хүүг ганц үйлдлээр нэг оронтой тоонд хүргэхгүй нь мэдээж. Жилдээ 10 хувийн хүү төлөөд банкнаас зээл авчихдаг болвол хаана хаанаа дэмтэй.

“Банкуудад зээл­дүүлэх сул хөрөнгө байна. Нэн шаардлагатай нөөцөө ба­риад, дахиад гурав орчим их наяд төгрөг буюу дэлхийн зах зээл дээр гар­га­сан бондоос хоёр дахин их мөнгийг банкууд зах зээл дээр гаргаж зээл­дүүлэх боломжтой байна” хэмээн Төвбанкны дэд ерөнхийлөгч асан, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болд хэлсэн юм. Харин энэ их мөнгө байгаа хэр нь яагаад зээлийн хүү хан­галттай буурахгүй байгаа тухайд тэрээр “Монгол­банкны бод­логын хүү өн­дөр байгаа учраас сул байгаа мөнгө үйлдвэр­лэгч­дэд очихгүй, Төвбанкны хүүгээр амьдрах үзэгдэл хэвээрээ байгаад байна” гэж хариуллаа. Монгол­банкнаас бодлогын хүүгээ өнгөрсөн сард нэг хувиар бууруулж 11.5 хувь болгосон юм.

Харин гадаадын бусад улсад зээлийн хүү хэрхэн буурч буй мэдээллийг тоймлон хүргэе. Хойд хөршид хамгийн сүүлд бодлогын хүү 8.25 хувь болж өөрчлөгджээ. Тус улсад 1993 онд бодлогын хүү 210 хувь болж хамгийн өндөрт хүрсэн бол 2010 онд хамгийн бага буюу 7.75 хувьд хүрсэн юм. Тэгвэл Бээжинд бодлогын хүү нь зургаан хувьтай байна. 1996 онд хамгийн өндөр буюу 6.44 хувь байсан бол 2002 онд 5.31 хувь болж хамгийн бага төвшиндөө хүрч байлаа.

Уг нь банкуудад мөн­гөний хур буугаад удаж байна. Цэнхэр дэлгэцийн өмнө суув уу үгүй юу л манайхаас зээл аваарай, урамшуулалд нь аялуулна, бэлэг өгнө, орон сууцтай болгоно гэсэн суртал­чилгаа тасрахгүй байна. Аливаа зүйл олдоц нь их­дээд ирэхээрээ хямдардгийн адил мөнгө нь илүүдээд ирэхээр зээ­лийн хүү буурах учиртай.

Арилжааны банкууд улсын төсвийн бараг тэн хагастай тэнцэх мөнгийг үүцэлчихээд ил гаргаж эргэлдүүлэхгүй бай­гаагийн учир юу вэ. Хувийн хэвшлийнхэн гэдэг хөлс хүчээ заран байж бизнесээ ашигтай байлгахыг боддог, манай улсын хувьд арилжааны банкууд энэ зарчмаар л яваа. Хатуу үг чулууддаг зарим нь банкуудыг мөнгө хүлээгчид хэмээн цол­лодог. Гэхдээ асуудлын гол нь тэдэнд зээлэх мөнгө байгаа ч эрсдэлтэй алхам хийхээс жийрхэж буйд байна. Өөрөөр хэлбэл, тэд мөнгөө эрсдэлээс хамгаалж зээлд гаргахгүй гүрийж байна. Монгол Улсын эдийн засаг тогт­воргүй, хөрөнгө оруулалт саарч, үнэ өсөөд ирэхээр зээлсэн мөнгийг нь эргүүлж төлөх иргэдийн хэтэвч инфляц буюу үнийн өсөлтөд “идэгдэх” учраас тэр.

Дэлхийн банкнаас өнгөрсөн сард Монгол Улсын эдийн засагт хийсэн хагас жилийн тайлангаа та­нил­цуулсан. “Төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ онд төсөвт зохицуулалт хийхгүй бол анх төлөвлөсөн хоёр хувийн алдагдал нь долоон хувьд хүрэхээр байна” хэмээн тайланд дурджээ. Төсөв алдагдалтай гарвал бусад зардлаасаа танаж онгорхой цоорхойгоо нөхөхөөс аргагүй болно. Төсвийн ажилчдын цалинг бууруулах, цом­хотгол хийхдээ тулж байсан үе бий. Ингэвэл цалин нь буурсан хүн яаж банкны зээлээ санаа зовох зүйлгүй, үр хүүхдийнхээ идэх хоолноос хасал­гүйгээр төлж чадах вэ.

Арилжааны банкууд цаашид хүүгээ бууруу­лахад улсын төсвийн өнөөгийн байдал хийгээд эдийн засгийн ерөнхий төлвийг байнга ажиглаг­лаж байгаа. Улсын төсөв алдагдалтай гарчихвал УИХ хэлэлцэж байгаад аль нэг зардлаа танаад асуудлыг шийддэг бол арилжааны банкуудад алдагдалтай ажиллах, өгсөн зээлээ үр ашиггүй болгон орхих эрх байхгүй. Энд л хамаг учир байна. Түүнээс биш аль нэг сон­гуулиар нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь мик­рофоны цаанаас зээлийн хүү зарладаг жишиг банкны салбарт үгүй байдаггүй юм.

Бодлогын хүү гэж юу вэ?

Монголбанк Төв банкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны долдугаар сараас бодлогын хүү болгон зарласан юм. Энэ хүү өөрчлөгдөхөд арилжааны банкны хадгаламж, зээлийн хүү ч өөрчлөгддөг. Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй энэхүү үнэт цаасыг долоо хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард нэг хувиар, 2008 оны гуравдугаар сард 1.35 нэгж хувиар, есдүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр 9.75 хувь болгон бууруулж байсан. 2009 оны гуравдугаар сарын 9-нд  бодлогын хүүг жилийн 14 хувь хүртэл нэмэх шийдвэрийг гаргасан.