Ч.ГАНТУЛГА
Зуны цагт хүмүүс гэр бүлээрээ аялалд явж, амрах сонирхолтой байдаг. Хэрэв та бага насны хүүхэдтэйгээ аян замд гарахаар зэхэж байгаа бол хүүхдийн их эмч О.Дуламсүрэнгийн зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
ДАВСТАЙ УС УУЛГА
Ямар ч хордлогын үед эхлээд ходоодоо зайлшгүй угаах хэрэгтэй. Хэдий хурдан хугацаанд угаана эмчилгээний үр дүн тийм байх аж. Ходоод угаах хэд, хэдэн арга бий. Шингэн ихээр ууж бөөлжүүлэх. Эсвэл зориулалтын хаймсуурын тусламжтай угаах. Гэхдээ дээрх аргууд элэгний өвчлөлтэй хүүхдэд аюултайг анхаараарай. Учир нь бөөлжүүлэх үед хэвлийн хөндийн даралт ихсэж түүнээс болоод цус алдаж магадгүй тухай О.Дуламсүрэн эмч онцолсон юм. Мөн хоолны хордлого авсан бол шингэн зүйл ихээр уух нь хамгийн зөв алхам аж. Учир нь давстай ус нь нянгийн эсрэг хийх хамгийн энгийн эмчилгээ юм. Бага насны хүүхдэд жамц болон энэтхэг хүрэн давсыг усанд уусгаж уулгах болон долоолгож болно гэв.
ХҮЙТЭН АЛЧУУРААР БИЕИЙГ НЬ АРЧ
Хүүхэд тань нарны хордлого авсан бол гэрийн нөхцөлд хэвтүүлээд, хөлийг нь бага зэрэг өндөрлөнө. Мөн зулай дээр нь хүйтэн жин тавих, биеийг нь усаар шавших зэрэг аргыг хэрэглэж болно. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уулга. Уух шингэний хэмжээ нь хүүхдийн нас, биеийн жингээс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, 1-З настай хүүхдэд 30-60 граммаар 30 минут тутамд. Харин 3-7 настай бол 60-100 грамаар 40 минут тутамд, 7-15 настай бол 100-200 граммаар 60 минут тутамд уулгах хэрэгтэй. Харин эдгээр шингэн нь халуун, бүлээн байх ёстой гэдгийг анхааруулсан. Хэрэв хүйтнээр нь өгвөл ходоодны үйл ажиллагаанд нөлөөлж, бөөлжих, гүйлгэх аюултай байдаг гэв.
- Хордлогын үед илрэх шинж тэмдэгүүд
- Бие сулрах
- Толгой эргэх
- Дотор эвгүйрэх
- Хөлс гарах нь багасах
- Анхаарал төвлөрөхгүй болох.
- Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх