Ж.ЦОГЗОЛМАА


“Хүннү коал”  компанийн ерөнхий захирал Т.Лхагвадоржтой ярилцлаа. Австралийн бирж дээр анхны арилжаагаараа 20 сая “ногоон” босгосон эл компанийг хөрөнгө оруулагчид “онилоод” удаж байна. Тэд Тайландын “Банпу” компанитай нүүрсний салбарт хамтрахаар гарын үсэг зурсан байна. Энэхүү илчит “чулуу”-ны үнэ дэлхийн биржүүдэд унаж байгаа энэ үед тэрээр байр сууриа илэрхийллээ.

 

-Юуны өмнө Мон­голын нүүрсийг Тайландын тал хэр сонирхож байна вэ?

-Тайландын талаас Монголын нүүрсэнд хө­рөнгө оруулсан гол зорилго нь олон улсын хэмжээнд манай нүүрсийг хэрхэн сурталчлах, гол зах зээл нь Хятад боловч цааш­даа далайд гарах боломж нь юу байхад урт хугацааны судалгаа хийх юм. Одоогоос 20-30 жилийн дараагийн асууд­лыг ярьж байна. Нүүрс­ний зах зээл сул байгаа ч эргээд сэргэнэ. Мэдээж, Хятад хэзээ сэргэхээс олон зүйл хамаарна. Хоёрдугаарт, Монголын дэд бүтэц хэр хурдтай хөгжихөөс шалтгаална.

-Хятадын эдийн зас­гийн өсөл­т судлаачдын урьд­чилан таамагласан дүнд хүрсэнгүй. Ингэхээр цааш­дын төлөв өөрчлөгдөх үү?

-Ер нь Хятадын зах зээлийг урьдчилан хэлэхэд маш хэцүү. Том улс учраас хөгжил зогсоно гэж байхгүй. Нүүрс, төмрийн зах зээл гэдэг өөрөө улс орны эдийн засгийн хөшүүрэг. Тус улсын дээд удирдлагууд нь солигдлоо. Ингэхээр хөгжлийн ханд­лагаа шинээр тодорхойлж байгаа болов уу. Ойрын 2-3 жилд нэлээд бага хурдтайгаар  сайжрах явц руугаа орох дүр зураг харагдаж байна.

-Уул уурхайн ком­паниудын хувьцааны ханш нэлээд унасан харагдсан. Байдал хаашаа эргээд байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн одоогийн байдал, бүс нутгийн эдийн зас­гийн байдлаас болоод одоогоор хувьцааны ханш өсөхөд нэлээд хэцүү. Гэх­дээ хувьцаа эзэмшигчид өнөө маргаашийг харсан нь ч бий, удаан хугацааны хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг харсан нь ч байгаа. Удаан хугацааны өгөөжийг харж байгаа хө­рөнгө оруулагчдын хувьд санаа зовох зүйл байхгүй.

-“Mongolia energy corporation”-ы хувьцаа нэлээд унасан байсан. Танай компанийн хувьд ч хувьцааны ханш хэлбэл­зэлтэй харагдсан?

-Тийм ээ. Нэлээд хэцүү байгаа. “Банпу” компанийн хувьд ч олон улсад нүүрс олбор­лодог тул зах зээлээ дагаад хувьцааных нь ханш уна­сан. Гэхдээ гол сурталчлах зүйл бол Монголын эдийн засаг, хууль зүйн орчин тогтвортой байх юм, хөрөнгө оруулах орчин тогтвортой байна гэдгээ бид ойрын зургаан сард баталж харуулж чадвал хөрөнгө оруулагчдын нүүр наашаа эргэнэ.

-Засгийн газар “Чалко”-той байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэхээр боллоо. Хүндхэн нөхцлөөс нийлүүлэлт явагдахаар болсон. Хүүнд төлбөр төлж байгаагаас гадна нүүрсний үнэ ч олигтой өссөнгүй?

-Нэгэнт байгуулсан гэрээг засч чадаж байна, нүүрсээ наймаалцаж чадаж байна гэдэг манай улсын наймаалцах чадвар сайн байна гэсэн үг. Гол нь манай улс менеж­мен­тээ сайжруулаад нүүрсээ тасалдалгүйгээр ний­лүүлж чадвал худалдан авагчийнхаа итгэлийг хүлээх чадалтай болно. Тэгэхгүйгээр байсхийгээд л гэрээнийхээ нөхцлийг өөрчилье, буцъя, больё гээд байвал цаашдаа үнийг тогтвортой барих, өсгөхөд маш хүндрэлтэй.

-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны төлбөрийг ком­паниудад буцааж олгохоор болсон байна. Энэ хувь­цааг 1525 аж ахуйн нэгж 27 тэрбум төгрөгөөр авсан байна лээ. Энэ шийд­вэрийг та юу дүгнэж байна вэ?

-Би одоогоор энэ талаар мэдээлэлгүй байна.

-Ер нь нүүрсний үнэ унаад байгаа нь “Хүннү коал”-ын хувьд сорилт болов уу, давуу талыг өгөөд байна уу?

-Энэ бол сорилт. Харин сайн тал нь гэвэл биднийг яаран нүүрсээ заралгүйгээр, ямар нүүр­сийг яаж зарах судалгааг илүү нухацтайгаар хийх боломжийг бий болгож байна.

-Энэ оны сүүл гэхэд манай эдийн засаг хэдэн хувиар өсөх бол. Нүүрсний үнийн уналтыг дагаад өсөлт ч хасах тэмдгээр илэрхий­лэгдэх гээд байна уу?

-Тоо хэлэхэд хэцүү. Хасах руу орно гэж байхгүй байх. Засгийн газрын бонд, хөрөнгө оруу­лалтаа эрчтэй явуулаад байвал оны эцэст тодорхой хэмжээний өсөлт гарах байх. Юманд өөдрөгөөр хандах нь чухал шүү дээ. Бүгдээрээ баларлаа гээд байвал ажил явахгүй. Юу нь болохгүй байгаад дүг­нэлт хийгээд, ганц нүүр­сэнд найдалгүйгээр бусад нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй.