Ж.ЦОГЗОЛМАА

Бүхэл бүтэн улсыг мянга гаруйхан хүн 120 цагийн дотор “өөрчилсөн” жишээ өнгөрсөн долоо хоногийн онцгой сэдэв байв. Үүгээрээ Монгол Улс алдарт Гиннесийн номд ч бичигдэх эрх ямба эдэлж болох юм. Гадны гийчдэд улаан­баатар­чуудыг үргэлж мөнхийн баян цатгалан, инээд хөөртэй Жангарын орны оршин суугчид лугаа итгүүлэх гэж Ерөнхий­лөгчөөсөө авахуулаад замын цэвэрлэгч хүртэл завгүй ажиллалаа. Шаргал ордонд төрийн томчууд зочидтойгоо тансаг зоог барих зуур хүнсний захуудад махны үнэ 300-500 төгрөгөөр өсч байв. “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн мах 11 мянга, адууны мах 7500, хонины мах 8800, ямааны мах 6300 төгрөгийн үнэтэй болжээ. Төлийн дуунаар хоосон хонох шахам гүйхээс бусдыг хийсэн малчдын буруу гэж юу байхав. Ченжүүд үнэ өсгөчихвөл олон юм ярилгүй өгөхөө л бодохоос өөр үүрэг үгүй. Атгын чинээ үхрийн мах 4000 төгрөг болчихоор сүр дуу­лиантай ардчилсан ор­нуудын дээрх айлчлалын эргэн тойрны зохиомол “хөрөг”-үүд үнэнээс хол зөрнө. “Улс орныхоо нэрийг бодоорой” гэсэн дарга нарын “захиас”-ын хугацаа дууссан болохоор махнаас гарах уу. Хүнээсээ 20 дахин олон малтай боловч шинэ шөлний тухай ярих эдийн засгийн эрх чөлөөгөө алд­санаа ардчиллын алдрыг тэмдэглэсэн гадны зочдод муу нуухаар сайн илчлэх учиртай байсан ч юм шиг.

Уг нь энэ жил нийслэлийнхэн анх удаа ганц компани дангаараа бэлтгэсэн 16 мянган тонн  нөөцийн махыг 370 гаруй цэгээс худалдан авч, үнийн өсөлтөөс зүрхшээх зүйлгүй болно гэж хотын удирд­лагууд мэдэгдсэн. Хөрсөн дээрээ болохоор нөөцийн мах завгүй хэрэглэгчиддээ аз таарвал олдоно, гэхдээ ихэнхдээ л хаалга “мөргүүлж”, үгүй бол хоосон лангуугаар уг­таж байгаа юм. Мон­гол­чуудын махны хэрэглээ 2010 онд 177.3 мянган тонн байсан бол 2011 онд 180.6 мянган тонн, өнгөрсөн жил 183.8 мянган тонн болсон байна. Ингэхээр нөөцөлж буй мах нийт эрэлтийн дөнгөж 8.7 хувьтай тэнцэж байна. Харин малчдын хувьд нэг дор хэдэн сая мал нядлаад захуудад зарах унаа, тээвэрлэлтээс эхлээд ­эдийн засгийн боломж алга. Бас ойрын хоёр жилдээ махыг хөдөө аж ахуйн биржээр худал­даална гэж байгаа. Ин­гэ­вэл ченжүүдийг “чөдөр­лөх” хязгаар тогтоно хэ­мээн биржийнхэн итгэлтэй байна. Эцсийн дүндээ зам, дэд бүтцээ хөгжүүлэхгүй л бол махны үнийг бууруулна гэж хэчнээн сайхан хөтөлбөр зохиогоод нэмэр болохгүй нь. Малчид махаа зах бо­лон худалдааны төвүү­дийн лангуун дээр шууд нийлүүлдэг болохын тулд тээвэрлэлтээс авахуулаад агуулах хүртэл дэд бүтэц, логистикийг шийдэх алхам орхигдоод байна. 40 сая малтай мон­гол­чууд ганц килограмм мах авч идэх чадалгүйдээ тулах том шалтгааны эцсийн зогсоол нь энэ болж таарлаа. Иргэддээ эдийн засгийн эрх чөлөөгөөр ард­чиллын ач буяныг хүртээнэ гэсэн гэрийн даалгавартай төр, засгийн түшээд гол ба­рааны үнэд “салхи оруу­лах” завгүй улстөржөөд л. Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг талхны үнийг 300 төгрөг гэж “бурсан” нь одоо ч хуучраагүй сэдэв байтал МАН-ын дарга Ө.Энх­түвшин “Махны үнэ 1200 төгрөг байна шүү дээ” гэж төв талбайд хашхирч орхисон. УИХ энэ онд дэд бүтцийн хөрөнгө оруу­лалтыг 80 хувь нэмэхээр баталсан юм билээ. Гэвч өнгөрсөн жилүүдийнх шиг эзэн нь тодорхой тенде­рүүдээр шийдээд байвал там болсон замаар хэн зорчихыг хүсэх вэ.