Э.СОЛОНГО
Монголчууд ноолуураа биржээр арилжаалдаг болоод сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд 800 гаруй тонн эл түүхий эдийг зах зээлийн үнээр эздэд нь хүргэжээ. Өчигдөр тус бирж Архангай, Хөвсгөл аймгийн ноолуурыг 62-64 мянган төгрөгөөр хэлцэл хийлээ. Арилжааны мэдээг тэр дор нь орон нутаг, малчдад хүргэдэг аж. Биржийн арилжаа ажлын таван өдөр 11.00-12.00 цагт үргэлжилдэг. Гэхдээ зарим малчны захиалсан үнэ зах зээлийн ханшаас хол давдаг нь арилжаанд оролцох боломжгүй болгодгийг зарим брокер хэллээ.
БИРЖЭЭР АРИЛЖААЛААГҮЙ НООЛУУРЫГ ЭКСПОРТЛОХГҮЙ
Өнгөрсөн онд манай улс урд хөрш рүү 600 гаруй тонн ноолуур гаргажээ. Харин үндэсний үйлдвэрүүд 1200 тонныг цуглуулсан байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны тооцоолж буйгаар өнгөрсөн жилийн монгол ямааны гарцаас 3200 тонн ноолуур дутаад байна. Энэ жилээс бирж ажиллаж эхэлснээр хичнээн тонн ноолуур хаашаа явсан нь тодорхой болох юм. Бирж үүдээ нээснээр үндэсний үйлдвэрүүдийн захиалсан түүхий эдийг саадгүй нийлүүлэх зам бий болжээ. Монголын зах зээл дэх ноолуурын нийлүүлэлт баруун аймгуудаас бүрддэг. Зүүн гурван аймаг, Төв, Дорноговь, Дундговийн ноолуур цайвар өнгөтэй үнэд хүрдэг ч нийт ноолуурын 30 хувийг эзэлдэг байна. Биржид захиалсан аймгийнх нь ноолуур хэд хоног дарааллан орж ирэхгүй бол тухайн газруудын түүхий эд буруу гараар одож буй гэсэн дүгнэлтийг тэндэхийнхэн өгөөд байна. Зарим өдөр 1.5 тэрбум төгрөгийн ноолуур худалдаж авах санал ирсэн ч 500 сая төгрөгийн ноолуур зарах тохиолдол гардаг байна. Энэ түүхий эдийн арилжааг зүүн бүсийн гурван аймаг гэхгүйгээр улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Мөн Гаалийн ерөнхий газар биржээр арилжаалаагүй угаасан, самнасан ноолуурыг хилээр гаргахгүй байх үүргийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас авчээ.
Д.Мандалбаатар: НООЛУУРАА АРИЛЖВАЛ ТАТВАР ТӨЛӨХГҮЙ
Хөдөө аж ахуйн биржид 30 гаруй брокерын компани арилжаа хийж байна. “Ханбүргэд Хэнтий” компанийн брокер Д.Мандалбаатараас зарим асуултад хариулт авав.
-Брокероор дамжуулж ноолуураа арилжаалснаар үйлчилгээний төлбөрт хэдэн төгрөг төлөх вэ?
-Арилжаанд орж байгаа ноолуураас татвар авдаггүй. Биржээр дамжуулж ноолуур арилжсан тохиолдолд үнийн дүнгийн 0.3-0.6 хувийг биржид үйлчилгээний шимтгэл гэж төлөх юм. Мөн зуучилж байгаа брокер ийм хэмжээний төлбөр авдаг. Тэгэхээр нийт зарах ноолуурынхаа нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг биржээр үйлчлүүлсэн хөслөнд төлнө.
-Малчид арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Аймаг болгонд биржийн төлөөлөл, брокерын гишүүн байгаа тэднээр дамжуулаад хувь хүн, байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авсан брокерын компанид хандаж дансаа нээлгэж, гэрээ хийнэ. Тэгээд л малчны өмнөөс тухайн брокерын ажилтан ноолуурыг нь зарж өгнө. Харин малчид аймгийнхаа итгэмжлэгдсэн агуулахад түүхий эдээ хүлээлгэж өгнө.
-Арилжаанд үндэсний үйлдвэрүүд хэр оролцож байна вэ?
-Үндэсний томоохон компаниудаас захиалга ирдэг. Малчдад үндэсний үйлдвэрлэгчдэд ноолуураа шууд зарах боломж бас бий. Ноолуурын үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг утгаараа биржээр дамжин арилжаа хийх шаардлагагүй. Хуульд зааснаар анхан шатны боловсруулалт хийн ноолуур экспортлох хүмүүст биржээр дамжуулан арилжах нөхцөлийг тавьж байгаа.
-Арилжаанд ноолуурын үнийг хэрхэн тогтоодог вэ?
-Хүмүүс ноолуур авах, зарах саналаа компьютерт оруулна. Зарах гэж байгаа саналд дуртай үнээ хэлж болно. Зах зээлийн, нөхцөлт гэсэн хоёр янзын захиалга өгөх боломжтой. Тэрийг нь бирж дээр гаргахдаа авах, зарах захиалгын дундаас бодож үзээд хамгийн их хэмжээний бүтээгдэхүүн арилжаалснаар нь тогтооно. Тухайлбал, 62 мянган төгрөгөөр хамгийн их буюу хоёр тонн гаруй ноолуур зарлаа гэхэд тухайн өдрийн зах зээлийн үнэ болчихож байгаа юм. Харин 61 мянган төгрөгөөр зарах санал өгсөн хүний ноолуур 1000-аар ахиу зарагдаж байна гэсэн үг. Биржийн компьютеруудад арилжааны захиалгын бүртгэлийн программ суулгасан. Орон нутгаас энэ программ дээр захиалгаа шивээд явуулахад нийслэлд байгаа брокерууд захиалгыг нь 11.00-12.00 цагийн хооронд шивж оруулдаг. Захиалгын цаг дуусангуут дуудлага худалдаагаар үнийг нь бодоод тогтоодог.
Б.Буянхишиг: МАХНЫ ҮНЭД ЧЕНЖҮҮД НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
Хөдөө аж ахуйн биржийн Клиринг, төлбөр тооцооны албаны захирал Б.Буянхишигээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хөдөө аж ахуйн биржийн дараагийн үйлчилгээ юу байх вэ. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна?
-Түүхий эд бол том зах зээл. Ноос, ноолуур гэхэд жилдээ 330 тэрбум төгрөг болдог гэсэн тооцоо бий. Үүнийг зохион байгуулалттайгаар зах зээлд оруулаад банкны системээр дамжуулж төлбөр тооцоог нь хийвэл манай эдийн засагт өгөөжтэй. Ноолуурын арилжааг үргэлжлүүлээд ирэх зунаас ноосны арилжааг хйихээр төлөвлөж байна. Одоо дотоод систем, программ дээр ажиллаж байгаа. Мөн махыг Хөдөө аж ахуйн биржээр арилжих талаар ярилцаж байгаа. 1-2 жилийн дараа махыг биржээр арилжих төлөв бий.
-Махыг биржээр арилжснаар ямар өөрчлөлтүүд бий болох бол?
-Манхы чанар, үнэд өөрчлөлт гарна. Амьд малын арилжаа гэж 800 гаруй тэрбум төгрөгийн маш том зах зээл бий. Амьд малын зах зээлийн үнээс хамаарч махны жижиглэнгийн үнэ зөв тогтож эхэлнэ. Мах бэлтгэлийг үйлдвэрийн аргаар стандартын дагуу хийвэл чанарт бас нэг ахиц гарна. Мөн хянах, шаардлага тавих боломж гарч ирнэ.