Э.ӨНӨР
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай “Чалко”-той хийсэн гэрээ, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нүүрсний экспортын явцын талаар ярилцлаа.
-“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсээ гаргаад эхэлсэн. “Чалко”-той хийсэн гэрээний нөхцлийг өөрчлөх хэлцэл юу болж байна вэ?
-“Эрдэнэс-Тавантолгой” компани энэ сарын 22-ноос нүүрсний экспортоо эхлүүлсэн. БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан нүүрс экспортлох гэрээний нөхцлийг өөрчлөх хэлцэл үргэлжилж байгаа. Нааштай дүр зураг байгаа боловч дүгнэхэд арай эрт байна. “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу манай нүүрсний үнэ өнгөрсөн нэгдүгээр улиралд тонн тутамдаа 53 ам.доллар байсан бол хоёрдугаар улирлаас гурван ам.доллараар өсч 56 болсон. Энэ нь нүүрсний экспортыг эхлүүлэх нэг боломж болсон.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” нүүрсээ Тавантолгойн уурхайгаас Цагаан хадын гаалийн хяналтын бүсээр урд хөрш рүү экспортлож байсныг болиулж уурхай дээр гүний гааль байгуулсан. Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэж зардал хэмнэх нэг гарцийг бий болгоод байна. Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэхийн тулд Хятадын талтай 10 гаруй удаа уулзсан. Одоо ч гэсэн хэлцэл үргэлжилж байгаа.
-“Чалко”-той хийсэн хуучин гэрээгээр явбал Монголын тал алдагдал хүлээнэ гэж байгаа. Дээрх нөхцлүүд үүнд нөлөөлж чадах болов уу?
-Үнийн хувьд бага ч гэсэн ахиц гарлаа. Тээврийн зардлыг бууруулахад алхам хийлээ. Үүнээс гадна тус компани экспортоо сэргээснээр 2000 гаруй хүн ажилтай болж байгаа юм. Ямар ч байсан алдагдалгүй ажиллана гэж тооцоолоод экспортоо эхлүүлсэн.
-Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж байгаа. Үүний хүрээнд юу хийж байна вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан 15 ордыг “Эрдэнэс МГЛ” компанид төвлөрүүлэх ажил эхэлсэн. Шинээр стратегийн ордод хамруулахаар 30 гаруй ордыг судласан байна.
-Танай яамны “Роснефть” компанитай гэрээ байгуулах Ажлын хэсгийнхэн ямар үр дүнд хүрсэн бэ?
-ОХУ-ын “Роснефть” компанитай нийлүүлэлт, үнийг тогтворжуулах талаар ярилцаж, хамтран ажилласны дүнд тус компани шатахуунаа олон улсын зах зээлийн үнэд суурилсан аргачлалаар тооцож нийлүүлэхээр болсон. “Роснефть”-ийн манайд нийлүүлж байгаа шатахууны үнэ сүүлийн хэдэн сард бусад нийлүүлэгчдээс өндөр байснаас нийлүүлэлтийн хэмжээ огцом буурсан. Тухайлбал, энэ оны эхний улиралд “Роснефть”-иэс гэрээний дагуу хамгийн багадаа 135 мянган тонн бүтээгдэхүүн авах байсан боловч дотоодын компаниуд 64 мянган тонныг авсан. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус компанитай өнгөрсөн нэг, гуравдугаар сард уулзаж, үнэ болон нийлүүлэлтийн талаар ярилцсан. Хэлцлээр “Роснефть” компаниас ирүүлсэн үнийн томъёоллыг ярилцаж манай талаас бүтээгдэхүүний үнийг тодорхой төвшинд буулгах саналыг албан бичгээр тавиад байна. Тэдний зүгээс манай саналыг судалж үзээд хариу өгөхөөр болсон. Ямар ч байсан ирэх сараас шатахууны үнэ литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурна. Мөн ирэх сараас эхлэн дотоодын импортлогчид ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Белорус зэрэг орноос шатахуун оруулж ирэхээр гэрээ байгуулаад байна.
-“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг салбарын сайдад даалгасан. Танай яам үүнд ямар ажлуудыг эхлүүлээд байна вэ?
-“Оюутолгой” компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна шинээр барих шаардлагатай зургаан барилга байгууламжид газар эзэмших зөвшөөрөл олгох хэрэгтэй байгаа. Үүний дагуу баяжмал ялгах, гаалийн хяналтын талбай болон далд амны газрын зөвшөөрлийг Ханбогд сумын дэд бүтцэд бодиттой хувь нэмэр оруулах нөхцөлтэйгээр олгохоор тохироод байна. Мөн Зам тээврийн яам, “Оюутолгой”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн төлөөллүүд хэлэлцэж ирэх оны нэгдүгээр сар хүртэл одоогийн сайжруулсан хайрган замаар баяжмалын экспортыг дан чиргүүлээр тээвэрлэхийг Зам тээврийн яам зөвшөөрсөн. Одоо Тавантолгойн цахилгаан станцаас Оюутолгойн эрчим хүчний эх үүсвэрийг хангахаар зөвлөлдөж, “Оюутолгой” ХХК-ийг Тавантолгойд баригдах цахилгаан станцын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлыг ярилцаж байна. “Оюутолгой” баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээ ирэх зургадугаар сард экспортлохоор төлөвлөж байгаа.