Ж.ЦОГЗОЛМАА
Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдал гэж ярьдаг хэрнээ эрчим хүчний бие даасан, эрсдэлгүй орчны талаар тэр бүр хөнддөггүй. Одоогоос 30-аад жилийн өмнөөс буюу 1983 оноос л Багануурт цахилгаан станц барина гэж шавыг нь тавьж төлөвлөж байсан түүхтэй. Эх хот маань шинэ мянганд эрчим хүчний хомсдолд орно гэдгийг тааварлаж байсан учраас ийнхүү төлөвлөлт хийсэн нь тэр байлаа. “Сүүлийн хэдэн жилд манайхан баахан улстөржөөд эрчим хүчний асуудлаа шийдэж чадсангүй л дээ. Өнөөдрийн байдлаар манайх эрчим хүчний системдээ бүх цахилгаан станц нийлээд 813 мгВатт-ыг үйлдвэрлэж байгаа” хэмээн Эрчим хүчний сайд М.Сономпил “Блүүмберг Монгол”-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Түүний хэлснээр жил бүр эрчим хүчний хэрэглээ 80-аад мгВатт-аар нэмэгдэж байгаа аж. Ингэхээр ганц тавдугаар цахилгаан станцыг бариад санаа амрах биш дахиад хэдэн эх үүсвэр бий болгож байж гэрэл асаах найдвартай байдалд хүрэх юм байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ ЯАХ ВЭ?
Түүнчлэн Эрчим хүчний хэмнэлтийг авчрах шинэ хууль анхаарал татаж байна. Шинэ хуулийг өлгийдөж авахаас өмнө дотооддоо эрчим хүчний найдвартай хэрэглээг бий болгох учиртайг мэргэжлийн хүмүүс нь сануулж байгаа. Өмнөх станц барина гэж баахан улстөржсөн хар жишээнээсээ сургамж авах учиртайг ч тэд хэлж байгаа юм. “Үнийн хувьд алдагдлын хувьд өнгөрсөн жил 56, энэ жил ч түүнээс дутахааргүй гүйцэтгэлтэй гарч ирнэ. Үнийн дарамтыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлчихье гэж хараахан бодохгүй байна” гэж салбарын сайд нь хэллээ. Өнгөрсөн хугацаанд бид 91.4 хувийг дулааны цахилгаан станцууд нийлүүлсэн бол 7.6 хувийг экспортоор авч, үлдсэнийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэжээ. Эрчим хүчний салбарынхан одоогоор 56 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Зөвхөн цахилгаан гэлтгүй дулааны хувьд томоохон асуудал бий болоод байна. Амгалан дулааны цахилгаан станцыг барих ажлыг Засгийн газар шийдэж ТЭЗҮ-ийг нь боловсруулж энэ сарын 1-нд ажлыг нь эхлүүлсэн бөгөөд газар чөлөөлөх ажил явагдаж байгаа юм байна.
ОЛОН ЖИЛИЙН НАСТАЙ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ
Энд ч болохгүй, тэнд ч болохгүй гэсээр тавдугаар цахилгаан станцын ажил олон жилийг үдсэн. Хужирбуланд барих гэтэл болохгүй гэжээ. Баянзүрхийн товчооны цаана барих гэтэл хувийн хэвшлийнхний газар гээд хөөгдсөн гэж салбарыхан нь хэлж байна. “Сүүлд “ТЭЦ-3” дээр баръя гэнэ. “ТЭЦ-3”-д хоёр сая тонн нүүрс орж ирэх болно. Мэдээж газар чөлөөлөх, ундны усны гээд олон асуудал босч ирсэн. Шинэчлэлийн Засгийн газрынхан дахин олон газар судалсан. Багануурт барих гэж оролдсон, Шивээ овоо, Налайх дээр очсон. Хамгийн оновчтой нь газар зүйн байршлын хувьд Хонхор байсан. Гэтэл бас л болоогүй” гэж салбарын сайд нь хэлсэн. Сүүлийн үед баригдаж байгаа цахилгаан станцууд ямар ч хор нөлөөгүй гэж тэр үзэж байгаа юм. Тавдугаар станц шаардлага хангасан, орчин үеийн техник технологиор босгох аж. Ямар нэгэн байдлаар агаар, хөрсний бохирдол үүсгэхгүй гэв. Дөрөвдүгээр цахилгаан станцын нийслэлийн ачааллын ихэнх хувийг үүрч яваа. Дулааны нөөцийн хувьд ханын материал, яармагийн чиглэлд дулааны нөөцтэй. Дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл ирэх оны зургадугаар сард дуусах юм. Удаан хүлээсэн эрчим хүчний салбарын бие даасан аюулгүй байдлын эрэл ийнхүү үргэлжилж байна. Энэ салбар улс орны амин судас хэрнээ олон жил “гацаа”-тай явсаар ирлээ. Тиймээс бодит шийдэл, стратеги нь Засгийн газарт хэрэгжих эсэхийг харах үлдлээ.