Ж.ЦОГЗОЛМАА

Бээжинд төвтэй хөнгөн цагаан олборлогч “Чалко” компани өнгөр­сөн баасан гаригт Хонг­конгийн хө­рөн­гийн бир­жид хийсэн мэдэгдэлдээ энэ оны эх­ний гурван сарын байд­лаар нийт алдагдал нь 975 сая юань буюу 158 сая “ногоон”-д хүрснийг мэдээлэв. “Блүүмберг”-ээс гурван шинжээчийн дунд явуул­сан санал асуул­гаар энэ­хүү алдагд­лын хэмжээг 1.81 тэрбум юаньд хүрнэ хэмээн урьд­чилан тоо­цоолж байсан юм. Өнгөр­сөн улиралд тус ком­панийн худалдаа 1.9 хувиар өсч 34.2 тэрбум юаньд хүрсэн байна. Өнгөрсөн сард “Barclays Plc”-ийн Эфрэм Рави тэргүүтэй шинжээчдийн хэлж байснаар “Чалко”-гийн хувьд металлын буурч буй үнэ, өртгийн сорил­тууд нь үйл ажиллагаанд нь нөлөө үзүүлэхээр бай­сан билээ. Лондонд хөнгөн цагааны үнэ оны эхнээс өнгөрсөн улирлын дунд хүртэл үйлдвэрлэлийн илүүдлээс шалтгаалан найман хувиар буурсан байлаа. “Блүүмберг”-ийн мэдээлж буйгаар тус компани зургаан улирал дараалан алдагдалтай ажил­лаж байгаа юм. Энэ­хүү мэдэгдлийг хийхээс өмнө “Чалко”-гийн хувь­цааны ханш Хонгконгийн хөрөнгийн биржид 2.7 хувиар буурч 2.87 хонгконг доллар болжээ. Харин Хонгконгийн хөрөнгийн захыг тодорхойлж байдаг “Hang Seng” индекс 0.7 хувиар өссөн байна. Өн­гөр­сөн нэг жилийн хуга­цаанд  тус компанийн хувьцааны ханш 24 хувиар буурчээ. 2010 оны найм­дугаар сард гүйцэтгэх захирал Xiong Weiping “Ховор металл, нүүрс, төмрийн хүдэр зэрэг салбарт үйл ажиллагаагаа тэлнэ” гэж мэдэгдсэн юм. “Энэ зорилт нь хөнгөн цагааны бизнесийн тохи­ролцоог дахин тодорхойл­но” гэж “Sanford C.Bern­stein & Co”-ийн шин­жээч Vanessa Lau өнгөрсөн мягмар гаригт хэлжээ.

 

“ЧАЛКО” ИРЭХ ОНД Ч АЛДАГДАЛТАЙ БАЙХ УУ?

 

“2008 оны санхүүгийн хямралаас хойш хөнгөн цагааны үнийн уналттай тэмцэж буй “Чалко” ком­панийн алдагдал ойрын хэдэн жилд энэ мэтээр унавал Шанхайн хөрөн­гийн биржийн жагсаал­таас хасагдаж мэдэх юм” хэмээн өнгөрсөн баасан гаригт “Marketwatch” ца­хим хуудаст тэмдэглэсэн байв. “Дэлхийн хөгжингүй орнуудад мөнгөний сул бодлого хэрэгжиж байна. Мөн Хятад болоод АНУ-д эдийн засгийн зохистой хөгжил тасралтгүй үргэл­жилж байна. Энэ нь хөн­гөн цагааны хэрэглээнд томоохон дэмжлэг болно” гэж тус компанийн гүй­цэт­гэх захирал ярьсан байна. “Дараагийн дөрвөн жил дараалан ашиггүй ажиллавал “Чалко” нь 2016 оноос Хятадын хөрөн­гийн биржүүдийн жаг­саал­таас хасагдах эрсдэл­тэй юм” хэмээн тус сайтад тэмдэглэжээ. Шинжээч­дийн тааварлаж буйгаар дэлхийд хөнгөн цагааны үнэ сул хэвээр байх төлөв­тэй аж. Энэ онд эл түүхий эдийн үнэ 3.7 хувиар буурсан юм.

 

МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

 

“Монгол Улс нүүрсээ алдагдалгүйгээр нийлүү­лэхээр гэрээ хийчихсэн шүү дээ. Ингэхээр манай талд асуудалгүй гэж ойлгож байна. Тэгээд ч “Чалко” төрийн өмчит компани” гэж Санхүү, эдийн засгийн дээд сур­гуулийн захирал Д.Бат­жаргал хэллээ. Манай улсын “Чалко”-д нийлүү­лэх нүүрсний үнэ нэг тонн нь гурван “ногоон”-оор өсч 56 ам.доллар болоод байгаа билээ. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан тооцоогоор коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 1996 оны нэгдүгээр улиралд 46.28 ам.доллар байсан бол өнгөрсөн оны сүүлийн улиралд 191 “ногоон”-д тогтож байв. “Хятадын эрэлт буурч байгаа энэ үед коксжих нүүрсний үнийн өсөлт ширүүн тэмцэлтэй тулаад байна” гэж “Cowen Securities” компанийн тай­ланд дурдсаныг “platts.com” цахим хуудаст дурдсан байв. “Би эйч пи биллитон”-“Мицубиши Аллианс” компаниуд өн­гөр­сөн сард сайн чанарын коксжих нүүрсийг Азийн гангийн үйлдвэрлэгчдэд нэг тонныг нь 173 ам.дол­лараар худалдах гэрээ байгуулсныг тус сайтад мөн тэмдэглэжээ.