Д.ОЮУНЧИМЭГ

 

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Эдийн засаг маань хүнд байдалтай байгаа энэ үед төсөвт суулгасан сан­хүүжилт хийгдэж чадахгүй байгаагаас асуудал үүсээд байна. Төсөв одоог хүртэл гүйцэд бүрдэж чадахгүй байгааг юу гэж та үзэж байна?

-Төсвийг өгдөг, бүр­дүүлдэг ажил олгогч, бизнесменүүдтэй дарга нар ярилцахгүй байна. Тэдэнтэй дээрэмчин шиг л харьцдаг. Харин бизнес эрхлэгчид алт, зэс, бараа бүтээгдэхүүнээ нууцаар гаргахыг л оролдож байна. Учир нь тэдгээр татвар төлөгчдийн мөнгийг юунд хэрхэн зарцуулахаа огтхон ч тайлбарладаггүй. Эндээс хоорондын харилцаа дутаг­далтай байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хамтын гурван талт хэлэлцээр огт яриг­дахгүй юм. Төсвийг хэдэн сайд нар хээрээс хэдэн төгрөг олж ирсэн мэт дураараа зарцуулах юм. Үүнийг зогсоох цаг бол­сон. Энэ бүхэн ил тод байх ёстой. Төсвийг зохиохдоо хөндлөнгийн бие даасан эрдэмтдийн дүгнэлтийг сонсож бас хэрэглэж бай­маар. Улстөрчид өөрсдөө бүгдийг мэдэгч мэт аашил­дагаа болих хэрэг­тэй. Зарчим нь алдагдсан учраас асуудал үүсч бай­гаа юм. Төсөв бүрдээгүй тухай ярих гэхэд түүнд хамааралтай мэдээллүүд нь хүртэл нууц байна. Төсөв бүрдүүлдэг бизнес­менүүд болон баялаг бүтээж байгаа хүмүүстэй ярилцахгүй байгаагаас энэ байдал үүсч байна.

-Манай улсын нэг ир­гэнд ногдох өр 3-5 мянган ам.доллар бол улс маань 750 тэрбум төгрөгийн өрөнд уначихжээ. Яагаад ийм байдал үүсэв?

-Үүний цаад мөн чанар нь улстөрчид ард түмнийг басамжилж байгаагаас үүдэлтэй. Яагаад гэвэл бэлэн мөнгө амалснаас байдал ийм болж байгаа юм. Ийм бодлогоор олон жил явж байна. Бодитоор иргэдийн амьдралд нөлөөлөх, үйлдвэр барих, ажлын байр бий болгох бодлого маш бага хэрэгж­сэн. Үүний хор уршгийг иргэд үүрч байгаа. Тий­мээс иргэд шахалт, шаард­лага тавьж ажиллахыг хүсч байна.

-Хөгжлийн банк эх үүсвэрээ ашиглаж чадах­гүй байгаа. Учир нь ТЭЗҮ нь гарсан ганц ч төсөл байхгүйгээс санхүүжилт хийгдэхгүй байна гэдэг. Гэтэл өдөрт 120 сая төгрөг төлж байгаа нь өр нэмэг­дэж байгаагийн илэрхий­лэл. Үүнийг хэрхэн тайл­барлах вэ?

-Мөнгө оруулаад ирс­нийг нь буруутгаж болох­гүй. Харин тэр хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн зар­цуулахыг төлөвлөж чадах­гүй байгаад л учир бий. Уг нь тэд алтаар өндөглөдөг нугас худалдаж авах ёстой байсан бол тэгж чадсан­гүй. Хэт улстөржиж байгаа нь эдийн засагт ямар их хохирол авчирдаг вэ гэдгийг л харуулж байна. Хөгжлийн банк 120 сая төгрөгийн өр төлж байгаа юм бол тэрхүү эх үүсвэ­рийг дор хаяж 500 сая төгрөг олж чадах төслийг санхүүжүүлэхэд зарцуу­лах хэрэгтэй. Ингэж байж л хөгжих ёстой. Мөнгө зээлснийг нь буруутгах биш олоод ирснийг нь юунд хөрөнгө оруулах вэ гэдгийг улстөрчид, биз­нес­менүүд  баялаг бүтээг­чидтэй зөвлөлдөөгүйгээс энэ байдал үүсч байгааг ойлгох ёстой. Тэд хөнд­лөнгийн бие даасан шин­жээчийн дүгнэлтгүйгээр, улстөржүүлж байгаагаас л байдал ийм болж байна.

-Эдийн засгийн хямрал үргэлжилнэ гээд байна. Манайд энэ хямрал нөлөө­лөхгүй гэж байсан нь саяхан. Гэтэл олон зүйл дээр мэдрэгдэж байгаа. Тэгэхээр энэ байдлаас бид яаж гарах вэ, гарах боломж бий юу?

-Хямрал болно, бас түүнээс гарч чадна. Гэхдээ гарах ганцхан арга зам бий. Хамгийн гол нь чин сэтгэлийн тунгалаг, яриа хэлэлцээр манай улсад дутаад байгаа юм. Засгийн газар нь “Чи зүгээр л сууж бай, би чамд мөнгө өгнө” гэдэг бол ард, иргэд нь “Намайг зүгээр л тэжээх ёстой” гэдэг болж. Ийм байдлаар харж болохгүй. Мөн бизнес эрхлэгчид нь хоорондоо эвлэлдэн нэгдэж чадахгүй уралдан байж улстөрчдийн халаа­санд орж нэг тендер авч амьдрахсан гэж бодож болохгүй. Тиймээс сайн цаг ирж байгаа гэдгийг ухамсартаа шингээх хэ­рэг­тэй. Зөвхөн гурвуулаа гурван талаасаа уулзаж ямар бүтээгдэхүүн гаргаж болох вэ, яаж ашигтай ажиллах вэ, мөн ажлын байрыг хэрхэн нэмэг­дүүлж болох вэ гэдэг гарцаа ярилцах ёстой. Цаашилбал хүнд суртал, хээл хахууль, авлигын системийг бууруулахын тулд бидэнд олон дүрэм журам, заавар хууль хэрэггүй. Тэгэхээр сайн бодитой хууль, дүрэм журамтай болох ёстой. Үүний тулд бид хамтарч ажиллах хэрэгтэй байна.

-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургал­тын төлбөрийн асуудал хурцаар яригдаж байна. Их, дээд сургуулиуд багш нарынхаа цалинг нэмэхийн тулд төлбөрөө нэмсэн гэсэн тайлбар өгч байна?

-Тэгвэл сургуулийн төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхын тулд багш нарын цалинг нэмэхгүй байх нь зөв байж гэж ойлгож болох нь. Гэхдээ багш нарын цалинг нэмнэ, сургалтын төлбөрийг тодорхой болгоно. Харин үүнийг хамтын хэлэлцээрт ил тодоор тусгаж өгөх хэрэгтэй. Нэг ажлыг нөгөө ажлаар үгүйсгээд байж болохгүй шүү дээ. Их, дээд сургуулиудад нийт 400-500 багш багшилдаг. Харин 13 мянга орчим оюутантай. Гэтэл багшийн цалинг 200 мянган төгрөгөөр нэмсний төлөө сургалтын төлбөрийг 500 мянгаар нэмэгдүүлж байгааг судлах хэрэгтэй. Хөндлөнгийн ямар ч дүгнэлтгүйгээр, ухвар мөчид юм хийж болохгүй. Асуудлын гол нь энэ. Их сургуулиудад 10-20 тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Харин энэ санхүүжилтийг аудитаар шалгасан тайланг үзэх ёстой. Тэгж байж үнэхээр оюутны сур­галтын төлбөр нь багшийн цалинд зарцуу­лагдаж байна гэдэг баталгаа болох юм. Хий хоосон хардаж суухаар төлбөр төлж байгаа эцэг, эх, оюутнууд өөрсдөө хяналт тавьж байх хэрэгтэй. Багш нарын цалинг нэмэх нь МҮЭХ-ны асуудал. Харин сур­галтын төлбөрийг нэмэг­дүүлэхгүй байхыг “Оюут­ны холбоо”, “Хэрэглэг­чийн эрх ашгийг хамгаа­лах нийгэмлэг” хариуцаж ажиллах ёстой. Гэвч тэд­гээр байгууллагууд ажлаа хийхгүй л байна даа. Нэн түрүүнд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” муу ажиллаж байна гэж үзэж байна.