Ж.ЦОГЗОЛМАА
БНМАУ, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой өчигдөр тохиолоо. 1972-1997 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга, Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комисст орлогч даргаар ажилласан доктор Д.Жамбалдоржтой ярилцлаа. Тэрээр Чех улс болон ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөхийн орлогчоор ажилласан нэгэн юм.
-Юуны өмнө Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосон тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Одоо энэ харилцаа маань ямар байна вэ?
-1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд БНМАУ, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон. Эдүгээ түүнээс хойш 63 жил улиран оджээ. БНЧУ-ын Засгийн газрын дарга Вильям Широкий тэргүүтэй төлөөлөгчид 1957 оны дөрөвдүгээр сарын 6-9-нд манай улсад албан ёсны айлчлал хийж Найрамдал хамтын ажиллагааны тухай анхны гэрээнд гарын үсэг зурсан юм. 1961-1965 онд Чех улсын техник эдийн засгийн туслалцаатай Улаанбаатар хотод жилд 1.2 сая хос гутал үйлдвэрлэх үйлдвэр, ямааны 1.2 сая арьс боловсруулах үйлдвэр, хонины 1.3 сая ширхэг арьс боловсруулах шевроны үйлдвэр зэргийн үндэс суурь тавигдаж байлаа
-Анх Эрдэнэтийн зэс молибдений орд газрыг чехүүд нээсэн гэж сонссон. Тэгээд манайх Чех улстай хамтарч үйлдвэр байгуулах асуудлыг тавихад тухайн үед зөвшөөрөөгүй учраас ОХУ-тай хамтарч “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан нь ямар учиртай юм бэ?
-1974 онд Монгол Чехсловакийн Засгийн газрын төлөөлөгчид Эрдэнэтийн орд газарт хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг Прагад тавихад тэд “Энэ том үйлдвэрийг байгуулахад үлэмж их хөрөнгө, хүч шаардлагатай учраас оролцох боломжгүй. Харин олон талаар хамтарсан үйлдвэр байгуулвал бид сонирхоно” гэсэн бичиг өгсөн. Зөвлөлтийн тал энэ ордыг ашиглахад Чехсловакийн тал оролцох эсэхийг лавлах нь зүйтэй гэсэн саналыг тавьсан. Энэ нь аль болохоор өөр орон оруулахгүй зөвхөн баяжмалыг нь ЗХУ авч байх бодолтой байсантай холбоотой байжээ.
-Одоо манай хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд ямар салбарт хамтран ажиллах боломж байна вэ?
-Чех улс хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2006 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа тусламжаа үргэлжүүлэн нэмэгдүүлэхэд туслах байх. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын ижил нэр төрлийн бүтээгдэхүүний үзэмж чанар стандартад нийцсэн Монгол Улсын нэрийн хуудас болох жинхэнээ арьсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх салбар бол хөнгөн үйлдвэр. Мөн манай улс малын гаралтай үлэмж их түүхий эдийн нөөцийг бүрдүүлэхэд Чех улстай хамтарч ажиллах нь экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлж хөдөөгийн малчдын аж амьдрал ахуйг дээшлүүлж ядуурлыг бууруулахад тууштай алхам хийнэ гэхэд эргэлзэхгүй байна.