Э.ӨНӨР

Шатахууны үнэ, нийлүүлэлт, “Чалко”-тай хийсэн гэрээ зэрэг олны анхаарлын төвд байгаа сэдвээр Уул уурхайн яамныхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

“РОСНЕФТЬ” ШАТАХУУНЫХАА ҮНЭ, ХЭМЖЭЭГ УРЬДЧИЛЖ МЭДЭЭЛНЭ

Ирэх сард шатахууны үнэ литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурна гэдгийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Шата­хууны үнэ, нийлүүлэлт ирэх сараас  эхлэн тогт­вортой байна. Нийлүүлэл­тийг хангахаар Ажлын хэсгийнхэн найман сар ажилласан. Энэ хугацаанд тодорхой үр дүн гарсан.  “Роснефть”-тэй олон улсын зах зээлийн үнийн томъёог баримтлахаар тохирсон. Бид ОХУ-аас нийлүүлэх шатахууны үнэ, хэмжээг сарын сүү­лээр гэнэт мэддэг байсан. Харин олон улсын зах зээлийн үнийн томъёог хэрэгжүүлснээр ирэх сард хэчнээн тонн нефтийг хэдэн төгрөгөөр өгөх гэж байгаа мэдээллийг урьтаж авч эх үүсвэрээ сонгох боломж бий болж байгаа юм” хэмээлээ. Мөн Монгол Улс шатахуунаа ганцхан эх үүсвэрээс авч, түүний­хээ эрхэнд захи­раг­даж үнэ тогтоодог байдал үгүй болж байгааг тэд дуулгасан. Шатахуун  импортлогчид ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Белорус зэрэг улсаас шатахуун оруулж ирэхээр гэрээ байгуулж эхэлжээ. БНХАУ-ын “Чайна ойл” компанитай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг НИК, “Магнай трейд”, “Шунхлай” ком­паниуд байгуулсан байна. Ингэхдээ “Чайна ойл”-оос авах бүтээг­дэхүү­ний үнийг Монгол Улсаас БНХАУ-д экспор­толж байгаа түүхий тосны үнийг баримтлан тогтоо­хоор болжээ. Өөрөөр хэл­бэл, Сингапурын хөрөн­­гийн биржид “Дачин-33” нэрээр худалдаалж буй Монголын газрын тосны үнэ өсвөл манайд ний­лүүлж буй шатахууны үнэ өсч, буурвал адилхан дагаж хямдрах юм. “Дачин-33” газрын тос одоогоор дэлхийн зах зээлд нэг тонн нь 700 гаруй ам.долларын үнэтэй бай­на. Манай улс Белорус улсаас “Евро-4” стандар­тын А-92 авто­бензин ний­лүүлэх гэрээг хийжээ. Энэ шатахуун нь чанар, үнийн хувьд бусад эх үүсвэрээр давуу талтай юм.

 

“ОЮУТОЛГОЙ” ТӨЛӨВЛӨСНӨӨСӨӨ БАГА БАЯЖМАЛ ГАРГАХ НЬ

“Оюутолгой” компани ирэх зургадугаар сараас баяжмалаа экспортолж эхлэх юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд сар тутам нэг сая тонн баяж­мал гаргаж байхаар заасан ч эхний ээлжинд 300-500 мянган тонныг экспортлох тооцоололтой байгаа юм. Экспортын баяжмал төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа нь тухайн компаниас шалтгаалаа­гүй гэнэ. Баяжмал зөөх зам, нэвтрүүлэх гаалийн боомтын ачааллаас болж Оюутолгой төлөвлөснөөс нэг дахин бага баяжмал гадагш гаргахаар болжээ. Тус компанийн бүтээн байгуулалтыг яаравч­лахын тулд шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, уурхайгаас Гашуунсухайт хүрэх автозамын ажил болон гаалийн бүрдүүлэлт, хөндлөнгийн хяналтын лабораторийг ойрын хугацаанд бий олгохоор ажлаа эхлээд байгаа аж. Мөн Зам тээврийн яам, “Оюутолгой”, “Эрдэнэс Оюутолгой” компани хамтран ирэх он хүртэл одоогийн сайжруулсан хайрган замаар баяж­малыг зөөвөрлөхөөр тохиролцсон байна.

 

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ҮНЭ ГУРВАН АМ.ДОЛЛАРААР ӨСӨВ

“Эрдэнэс-Тавантол­гой” компани энэ сарын 22-ноос нүүрсээ экспор­толж эхэлсэн. “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу энэ ордын нүүрс өнгөрсөн нэгдүгээр улиралд нэг тонн нь 53 ам.доллар байсан. Харин уг гэрээг дахин хэлэлцэх явцад энэ ханш 56 ам.дол­лар болжээ. Мөн Таван­толгойн нүүрсийг Цагаан хад гаалийн бүсээр дам­жуулан Хятад руу гаргаж байсан бол одоо уурхай дээр гүний гааль байгуулж Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэхээр “Чалко”-той тохирчээ. Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэхийн тулд Хятадын талтай 10 гаруй удаа уулзсан гэдгийг салбарын яамныхан хэллээ.