Ч.ҮЛ-ОЛДОХ
Бурхан Халдун уулыг төрийн онцгой хамгаалалттай болгохыг уриалсан “Зууны мэдээ” сонины санаачилгыг иргэд, эрдэмтэн судлаач, төрийн түшээд, салбарын яам, орон нутгийн удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагууд онцгойлон дэмжиж саналаа ирүүлсээр байна. Энэ удаад “Хан Хэнтийн ирээдүй” төрийн бус байгууллагын тэргүүн П.Эрдэнэхуягтай ярилцлаа.
-Сүүлийн үед Бурхан Халдун уул руу дуртай болгон нь очиж, зулай дээр нь гардаг болсноос эхлээд янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Таныг энэ хайрханы тухай өвөг дээдсээс тахиж ирсэн дэг, түүх эх сурвалжийн мэдээ, байгаль хамгаалах гээд тал бүрээс нь дүгнэж хэлэх хүний нэг гэж дууллаа?
-Юуны өмнө “Зууны мэдээ” сонины уран бүтээлч хамт олноос Бурхан Халдун уулыг төрийн онцгой хамгаалалтад яаралтай авах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлж байгааг талархалтайгаар дэмжиж байгаагаа хэлье.
Бурхан Халдун уулын талаар монголчууд өөрийн гэсэн бодолтой, дор бүрдээ шүтэж, сэтгэл дотроо тээж, зарим нь ганцаар болон хэсэг бүлгээр очиж янз бүрээр тахиж ирсэн. Харин сүүлийн арваад жил машин, техник ихээхэн хөгжиж, замбараагүй явдал газар авсан. Хаа хамаагүй хүн гарч л байдаг. Тэнд очиж идэж, уугаад хогоо хаяад явчихдаг. Дээр нь газар нутгийг талхалчихдаг. Юм л бол ухаж төнхөх өвчин туссан мэт адаг сүүлдээ хайрхан уулаа ухъя, Их хориг, онгоныг олно гэж байх шиг. Бүр сэтгэл сэрдхийлгэмээр зарласан тохиолдол ч бий. Тэр байтугай гаднын нөхөд оччихсон Бурхан Халдуны зулай дээр харайлгаж явдаг. Тэгээд судалгаа, шинжилгээний тайлангаа олон нийтэд цацна гэдэг. Тэр дотор нь ямар мэдээлэл байгаа нь тодорхойгүй. Гэтэл Бурхан Халдун уул нэгдүгээрт, монголчуудын ариун гал голомт, хоёрдугаарт их эзэн Чингис хааны онгон шүтээн, Гурван голын сав газар, гуравдугаарт Монгол төрийн тахилгатай их хайрхан шүү дээ. Монголчуудын ариун гал голомт учраас өнөө хүртэл монгол хүн бүр сэтгэлдээ тээж, тахиж шүтэж ирсэн уламжлалтай. Тэр нь маш нарийн дэг журамтай. Тэрхүү дэг журмыг Чингис хаан өөрөө тогтоосон. Түүнд юу гэж зарлигдсан бэ гэвэл “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай. Өдөр бүр өчсүгэй. Ургийн ураг минь ухан мэдтүгэй. Ингэхдээ нар өөд хандаж, бүсээ хүзүүндээ бэхлээд малгайгаа гартаа сэгэлдрэглээд, гараа өвчүүн дээрээ авч наран зүгт есөнтөө сөгдөн цацлаа өргөөд өчлөө өргөсүү” гэсэн бий. Монголчуудын үеийн үед санаж явах ухагдахуун тэнгэрийн зарлиг, Чингис хааны зарлигт ингэж буусан. Нөгөөтэйгүүр Чингис хаан “Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” гэж хэлсэн нь бий. Тэнд нутаглахын тулд хүн эхлээд гишгэж алхана биз дээ. Гэтэл сүүлийн үед давраад Альберт Лин мэтийн гадаадууд яваад, янз бүрийн зөвшөөрөл аваад байна. Зөвшөөрлийг ямар журмаар авдагийг би мэдэхгүй. Гэхдээ үүнээс бид өөрсдийн ариун гал голомт, Эзэн Чингис хааныхаа онгоныг гаргуунд нь гаргасантай адил эвгүй сэтгэгдэл төрж байна. Задгай, замбараагүй байдал газар авснаар хэн ч хамаагүй янз бүрийн юм ярьж, бичиж, зурж байдаг боллоо. Чингис хаан өөрөө “Ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж хэлсэн байна шүү дээ. Тэр зарлигаас өглөө бүр яаж мялаах гээд байгаа юм, өдөр бүр хэрхэн өч гэж байгаа юм бэ. Үүнийг юу гэж тайлах вэ гэвэл Монголын бүх агуу юм нууц байдаг. “Монголын нууц товчоо”-ноос эхлээд аман сургаалууд бичгийн хэлбэрт орж ирсэн нь ийм учиртай.
-Сүүлийн үед улс орон хөгжиж байна, дэлхийтэй хөл нийлүүлнэ гэж ярих хүн олширлоо. Өмнө явж ирсэн уламжлалаа өөрчилж шинэчилнэ гэцгээж байна. Тэгэхээр энэ цаг үед гэж ярьж байгаа хүмүүст та юу хэлэх вэ?
-Өнөөдөр хэт ил тод байдал, даяарчлагдаж байгаа 21 дүгээр зуун зэргээр юу ч гэж тайлбарласан бид гал голомтоо, Чингис хааныхаа зарлигийг зөрчих эрхгүй. Яагаад гэвэл, зарим юмыг хатуу хэлэхгүй бол болохгүй байна, шийдвэр гаргахын тулд. Ийм учраас “Монголын нууц товчоо”-нд “мэдтүгэй” гэсэн бол Чингис хаан өөрөө “ухаж мэд” гэж айлдсан байна шүү дээ. Тэгэхээр бид ухаж мэдэх ёстой байхгүй юу. Үүний тулд хүүхдийг багаас нь сургаж, дэргэдээ байгаа уул овоондоо наран өөд харж тахил өчлөө өргөж сургах хэрэгтэй. Энэ нь бид сэтгэл дотроо Бурхан Халдунаа тээж байна гэсэн үг. Түүнээс бүгдээрээ тийшээ давхиж очоод, зулай дээр нь гараад байх утгагүй. Ариун дагшин, онгон юм гэдэг бол шүтээн байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр монголчууд шүтэж чадахгүй, шүтээн гэдэг зүйл нь ч алга болоход хүрээд байна. Нөгөөтэйгүүр, манайхан айж эмээх, сүрдэхээ больчихож. Үүнээсээ болж ахас ихэсээ хүндэтгэхээс эхлээд буурлын сургаалыг дагахаа байсан. “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гээд аман сургаалуудыг бид мэднэ. Эцсийн эцэст тэр чинь буруу юм бүү хий гэж сургасан байна шүү дээ. Тэр бол эх болсон дэлхий алтан нар, мөнх хөх тэнгэр гэж байгаа юм. Үүнийг хүмүүс мэддэг төдийгүй ярьж, бичиж байх шиг байна. Гэхдээ жирийн иргэн хүний ердийн сэтгэхүйд шууд буух хэмжээний зүйлүүдийг хийх шаардлагатай юм. Монголчууд дээд удмаасаа эхлэн жудагтай, соёлтой, даруу, аливаад нухацтай ханддаг, үр удамдаа гарал үүсэл, туулсан амьдрал, цаашдынх нь амьдралын тухай хэлж сургаж байсныг дамжуулсаар ирсэн. Тиймээс ардын аман зохиол шавхагдашгүй, дуусашгүй баялаг. Цаашид гол анхаарах зүйл бол ардын аман зохиол. Харин үр хүүхдээ багаас нь эхлэн эзэмшүүлэх нь бидний өнөөдрийн гол зорилго юм.
-Монголчууд өөрсдийгөө нүүдэлчин удмынх гэж ярьдаг. Орчин үед байдал өөр болж байна. Тэгэхээр тэр соёл ахуй, зан заншлыг цаашид хэрхэн уламжилж явах ёстой вэ?
-Наад асуултад чинь нэмж нэг зүйлийг онцлоод хэлчихье. Монголчууд нүүдлийн соёл, ёс суртахуун, зан заншлаасаа хазайх л юм бол дандаа буруутдаг. Учир нь байгалийн хуульд захирагдаж явдаг ард түмэн юм. Монгол хүн оюун ухаанаа хөгжүүлж, түүгээрээ бүхнийг ухаж мэдэж авч зөв шийдвэр гаргаж, үр дүнтэй ажиллаж явахгүй бол нэг газраа нэг юмаа ярьсаар тэр нь улиг болж сүүлдээ хэн ч тоож сонсохгүй болж байна. Би түрүүнд хэлсэн, өвгөдийнхөө сургаалыг дагаж, ухаж ойлгох, түүнд насан туршдаа суралцах, тэр дотроо хэдээс хэдэн насанд ийм зүйлийг мэдсэн байх ёстой гэсэн зааг байх ёстой. Алтан нар, мөнх хөх тэнгэрээ сүслэн байгаль дэлхийтэйгээ харилцдаг байх учиртай. Ийм л хоёр зүйлийг зарчмаа болгосон байхад монгол хүн бусдаас ялгарч, үндэстэн болон оршин тогтносоор байгаагийн гол шалтгаан юм.
-Чингис хааны зарлиг дахь “ухаж ойлго” гэдгийг тодруулахгүй юу. Одоо цагт тэр талаар ярьж, бичиж буй хүн ховор болж?
-Чингис хааны зарлиг дахь тэр үг аливаа юм бэлэнчлэх сэтгэлгээнээс ангид байх ёстой гэсэн утгатай. Юмыг амарчлах, магадгүй онгоцоор нисч очоод Бурхан Халдуны зулай дээр буух юм уу, сансраас зургийг нь авчихна гэсэн үг биш. Бэлэнчлэх гэдгийг өнөөдөр маш олон утгаар ойлгож байгаа. Тэгвэл ухаж ойлгох гэдэг нь агуу утга санаатай юм. Ухаж ойлгож байгаа хүн ч цөөнгүй бий. Тэр болгоныг ярихаар монгол ухаан гарч ирж байгаа юм. Их хааны зарлиг, гал голомтоо бид хайрлаж, хамгаалж явах учиртай. Гадаадын судлаачтай хамт судална гэдэг бол гал голомтоо самарч байна гэсэн үг. Иймд Бурхан Халдуны хамгаалалтыг чангатгаж, агуу их монгол ухаан, арга билэгт захирагдсан онцгой хууль гаргах шаардлагатай. Ялангуяа танай сониноос явуулсан хэлэлцүүлэгт зарим хүний дэвшүүлсэн цэрэгжүүлсэн хамгаалалттай болгоё гэсэн саналыг дэмжүүштэй. Цэрэгжүүлсэн хамгаалалт нь ч, байгаль орчны хамгаалалт нь ч байх хэрэгтэй, нутаг усны хүмүүс нь ч харж хамгаалж байг. Ийм хосолсон маягаар хамгаалахгүй бол манайхан нэг зүйл хийхээрээ туйлширдаг. Дээр нь гадаад, дотоодын хүмүүс судалж байгаа нэрээр эргэн тойрныг нь ухаж төнхөж, бусармаг үйл ажиллагаа явуулж байгааг нэн даруй зогсоох ёстой. Үүний тулд хууль, зарлиг хэрэгтэй юм. Хубилай хааны зарлигт “Хэн газар нүхлэнэ вэ, түүнийг цаазал” гэсэн байдаг. Өнөө цагт газар ухсан болгоныг цаазлахгүй юм гэхэд ядаж монголчуудын ариун гал голомт Бурхан Халдунаа ухаж төнхүүлэхгүй байхыг хуульчлах ёстой. Зулай дээр нь гарч байгаа явдлыг ч хориглох учиртай. Ямар ч хүн гал голомтон дээрээ гарч зогсдоггүй. Машин, тэргийг ч хол зогсоох хэрэгтэй. Чингис хаан их хурилдай хийхдээ Бурхан Халдунд цуглуулаагүй. Нутгийг нь зааж өгч сэлүүн талд хийлгэдэг. Зарим тохиолдолд Хэрлэнгийн орчим, Хөдөө аралд их хурилдай хийдэг байсан. Тэндээс монголчууд Бурхан Халдунаа мөн адил шүтэж, сүсэглэж тахиж л байсан. Тэгэхээр Бурхан Халдунд заавал биеэр очиж байж бүх юм болдог гэсэн ойлголт байхгүй байгаа биз дээ.
-Манай сониноос явуулсан хэлэлцүүлгийн үеэр зарим хүн Босго тэнгэрийн даваанаас цааш Бурхан Халдун руу явах замыг хаая гэж байсан?
-Бурхан Халдун бол Чингис хааныг өвөг дээдсийн үеэс амьдарч байсан, аварч ч байсан газар гэдэг. “Монголын нууц товчоо”-д Бурхан Халдунаас бууж ирээд Бөртэ чино, Хоо марал гэсэн байдаг. Тэр бол тэнд буга, хандгайн жим байсан гэсэн үг. Түүнээс биш тэнд үнэг, чоно, баавгай болон өөр ямар нэгэн амьтны мөр байсангүй. Чингис хаан Бурхан Халдуны оройд ганцаараа бясалгаж байсан гэдэг түүх бий. Харин олон түмэнтэйгээ наргих цэнгэх, хурилдай хийх, наадам хийхдээ талд очиж ёслолоо хийгээд уулаа тахидаг байсан байна. Уулаа үнэхээр шүтэе гээд байгаа бол хормойд нь очиж, алсаас залбирахад болно гэдгийг Чингис хаан сургасан шүү дээ. Яагаад Босго тэнгэрийн даваа гэж нэрлэв гэхээр тэр газрыг Тэнгэрийн босго гэсэн байна. Тэгэхээр ямар ч хүн айж ичих, цэрвэх, хүндэтгэх, болгоомжлохоо мэддэг, боддог байх хэрэгтэй. Гэтэл яадаг юм, би тэгнэ гээд сагах нь сагаж, эрдэх нь эрдэж байдаг. Тэгвэл цаана чинь Тэнгэрийн босго гээд хэлчихсэн байна шүү дээ. Олонхи хүн тэрнээс цааш яваад хэрэггүй гэдгийг анхааруулсан байна. Яагаад тэгж нэрлэв гэдгээс эхлэн ухаж ойлгох юм бол аливаа юм баяжаад явдаг.
-Судалгаа, шинжилгээг хэрхэн явуулах ёстой юм. Бүр хорих ёстой юу, эсвэл ялгаа заагийг гаргаж өгөх ёстой юу?
-Шинжлэх ухааны судалгаа гэж юуг хэлэх вэ, яг юуг нь судлах гээд байна вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Миний ойлгосноор тэнд барагцаа тойм зураг л гаргахад болмоор. Археологийн судалгаа бүр болохгүй. Битгий ухаж төнх гэж их хаан гэрээсэлсэн байна. Нөгөөтэйгүүр манайхан хэтэрхий яараад байна. Түүнээсээ болж гал голомтоо самарчих гээд байх юм. Их хааны шарилыг эрнэ, хайна, олно, судална гэдэг монгол ухагдахуунд байж болохгүй, орох ёсгүй зүйл. Бид ингэж яваагүй ард түмэн. Хэрэв тийм байсан бол дэлхийн талыг эзэлж, өөрийн соёлыг үлдээсэн ард түмэн аль нэг их хааныхаа булш бунхныг үлдээчих л байсан. Тэгэлгүй аман сургаал үлдээж, үеийн үед ухаж ойлго гэж гэрээслэсэн байна. Дэлхийд нь шингээж, тэгшлээд орхилоо гэдгээс үзэхэд ямар ч байсан газар нутагтаа шингээсэн байна. Тэрийг нь бид онгичих том хүмүүс биш. Өөрсдийнхөө өчүүхнийг хааяа ч гэсэн бодож байх хэрэгтэй. Харин төрийн тахилгатай уул учраас тэрийгээ төр нь мэднэ биз. Гэхдээ монголчуудын ярьдаг “Буяндаа бузар оруулахгүй” гэдгийг санаж их л бодож хийх учиртай байх. Ганц Бурхан Халдун ч бус газар газарт шүтээн уул бий. Нутгийн иргэд тэр уул усаа тахиж шүтэж, харж хамгаалж байх хэрэгтэй юм. Дахин хэлэхэд, ямар ч том албан тушаал, байгууллагын нэр хэлсэн бай гадаадуудтай нийлж бусармаг юм хийх ард түмэн биш гэдгээ хэлж, мэдрүүлж өөрсдөө бид эзэн байя л даа. Харамсалтай нь манайхан янз бүрийн жижиг төсөл хэрэгжүүлэх нэрээр мөнгөнөөс болж яахаас ч буцахгүй болж байгаа нь айдас төрүүлж байна.
-Одоо асуултаа жаахан өөрчилье. Танай ТББ байгуулагдаад хэр удаж байна. Ямар ажил явуулж байна?
-“Хан Хэнтийн ирээдүй” ТББ байгуулагдаад таван жил болж байна. Бид байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.