Ж.ЦОГЗОЛМАА

 

АНУ болоод ОХУ, Бразилд коксжих нүүрс, төмрийн хүдрийн орд, гангийн үйлдвэрлэл эрхэлдэг “Северстал” группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Томас Верасто “Steel first” сайтад ярилцлага өгчээ.

 

-Энэ онд гангийн үйлдвэрлэлд тулгарч буй сорилт нь юу байна. Энэ нь үнэд хэрхэн нөлөөлөх бол?

-Юуны өмнө эрэлтээс давсан нийлүүлэлт байна. 2003-2008 онд Хятадаас Европ хүртэлх улс орнууд энэ зах зээлийг тодорхойлж, эрэлтийг зохицуулж байлаа. Тиймээс эрэлт цаашид “сэргэг” байна гэдэгт итгэж байна. Ялангуяа, дараагийн хэдэн жилд ч энэ нь хадгалагдах байх. Гэвч гангийн үйлдвэрлэлийн олон компани алдагдал хүлээж зах зээлд нэлээд дарамтан дор үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр “Северстал” зэрэг томоохон компаниуд энэ зах зээлд уян хатан байдлаар ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Ер нь дэлхийн гангийн хэрэглээнд өсөлт гарна гэж бид ажиглаж байна.

-Тэгвэл энэ онд таны харж буйгаар дэлхийн гангийн хэрэглээ ямар байх бол?

-Энэ онд ОХУ-ын гангийн хэрэглээ дөрөв, харин дэлхий дахинд гурван хувиар өсөх төлөвтэй байна. Энэ жил зах зээлд ямар нэг байдлаар уруудах эсвэл өсөх байх гэсэн илэрхий шалтгаан евро бүсийн өрийн хямралаас бусдаар бол харагдахгүй байна.

-Европын болоод АНУ-ын гангийн үйлдвэрлэгчид энэ онд ямар байна?

-Европыг бодвол АНУ-ын зах зээл илүү хурдан хөлөө олно. АНУ-д гангийн хэрэглээ ойрын хэдэн жилд 1-2 хувиар өсөх байх.

-Энэ жил төмрийн хүдрийн үнэ буурна гэж та бодож байна уу?

-Илэрхий харагдах зүйл алга. Бид урт хугацааны төсөөллөө нэг тонныг нь 107 ам.доллар байхаар Хятадын мэдээнд тулгуурлан гаргасан. Зарим шинжээч хэдэн жилд инфляциас шалтгаалан үнэ маш бага байх болов уу гэж төсөөлж байгаа юм. Харин өнгөрсөн хэдэн жилд бид юу гэж төсөөлж байсан бэ гэвэл, нэг тонн төмрийн хүдрийн баяжмалыг үйлдвэрлэх зардал өсөх нь бодит байдал юм.