Э.ӨНӨР
Бага хүү, урт хугацаатай орон сууцны зээлд итгэл алдарсан иргэдэд засаг нь дахин зээлийн хөтөлбөр зарлалаа. Засгийн газрын энэ сарын 13-ны хуралдаанаас шинээр ашиглалтад орсон эсвэл ашиглаж байгаа хуучин байрнаас худалдан авах хүсэлтэй иргэдийг жилийн 7-9 хувийн хүүтэй, 10-20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журмыг боловсруулж буйгаа мэдэгдсэн. Харин энэ зээлийг олонд хүргэхдээ өмнөх шигээ зөвхөн Төрийн банк, ОССК-иар хязгаарлахгүй нь. Энэ удаад арилжааны бүх банкийг оролцуулахаар болов. Ингэснээр зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууцны зээлд гарсан шиг алдааг давтахгүй гэж төр тооцоолсон юм. 100 мянган айлын орон сууц үлгэр болоход олон хүчин зүйл нөлөөлсний хамгийн хүчтэй нь арилжааны банкуудаас гаднах бодлого байсан гэдэг. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “100 мянган айлын орон сууцны зээлийн сул тал нь арилжааны банкуудыг оролцуулаагүй явдал. Ганцхан Төрийн банкаар дамжуулж хэрэгжүүлсэн нь нэг банкны цөөхөн салбарт дараалал үүсч өнөөдрийн энэ нөхцөл үүссэн” хэмээсэн. Байртай болох мөрөөдөлдөө тэмүүлж байгаа, тэр мөрөөдөл дундаа хууртаж, яваа иргэдэд дахин өөр зарчмаар, шинэ журмаар очих орон сууцны зээлийг хэрхэн олгох нь ирэх сард тодорхой болох нь. Энэ зээлийг хэзээ, хэнд, хэрхэн олгохыг зохицуулах журам боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт үүрэг авчээ. Ерөнхий сайдын даалгаснаар хоёр долоо хоногийн хугацаанд энэ журам бэлэн болох юм. Гэвч Ерөнхий сайдыг огцруулах зэрэг асуудлаас болж найман хувийн хүүтэй зээлийн журмын ажил хугацаандаа амжихгүй сурагтай. Харин банкууд найман хувийн хүүтэй зээлд хэр хамтрах бол гэдэг нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Орон сууцны зээлийг зөвхөн төрийн банк, ОССК-иар дамжуулбал арилжааны банкуудын үйл ажиллагаа хумигдана гэдгийг эдийн засагчид хэлдэг. Харин Сангийн яамнаас 2003 онд манай арилжааны банкууд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр моргейжийн зээлийг хэрэгжүүлсэн. Түүнээс хойш орон сууцны зээл тэдний бүтээгдэхүүний нэг болсон юм. Моргейжийн зээлийн хувьд арилжааны банкууд туршлагатай. Тиймээс үүнд төрийн банк, байгууллага оролцоод байх шаардлагагүй гэж үзжээ. Мөн найман хувийн хүүтэй зээл банкуудад ашигтай гэж тооцоолж буй. Харин 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт ОССК энэ удаад хэрэггүй гэдгийг төр өөрөө хүлээн зөвшөөрчээ. Орон сууцны шинэ зээлд эцэг эхийнхээ гэрээс өрх тусгаарлах гэсэн залуу гэр бүл, насаараа хөдөлмөрлөсөн дундаж орлоготой өрх, байрны төлөө гадныханд “зарагдаж” байгаа иргэд зүтгэхээр зэхэж байгаа. Найман хувийн хүүтэй зээлд найдаж байгаа иргэдийн дунд зургаан хувийн хүүнээс халширсан хүн ч бий. Тэд одоо хэр олон бичиг баримт, хэчнээн урьдчилгаа биднээс шаардах бол гэсэн асуултыг найман хувийн хүүтэй зээлээс хүлээж байгаа. Мөн ирэх өдрүүдэд төр, арилжааны банкууд хэр амжилттай хамтрах бол гэсэн горьдлого 100 мянган айлын орон сууцнаас үлдсэн болгоомжлолтой цуг тээж яваа. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар банкуудтай хамтарч орон сууцны салбарт хэрхэн шинэ салхи сэвэлзүүлэхийг харах үлдлээ.