Ж.ЦОГЗОЛМАА
ТАТВАРТ ТӨЛСӨН ЦАЛИНГИЙН ХАГАС ХААНА БАЙНА?
Дон Кихот дуурь тайзнаа амилах зуур Монгол Улс баялгийн сан байгуулснаа бас тогтворжилтын сан бүрдүүлж эхэлснээ уухайлан зарлаж байна. Гэвч “Алтан шаахай углавч алцан майга нь арилахгүй” гэгчээр хэчнээн сайхан нэр зүс оноогоод үрэлгэн төсөв байдгаараа болохоор мөнгө үүцлэх тухай үлгэр далан худалчийн яриа болоод замхрах вий хэмээх хардлага олны дунд бий. Хэдэн Засгийн газар дамжсан байгаа оноогүй хөтөлбөрүүд хаа сайгүй “тэнэж” яваа, үр дүн, ашиг шим гэхээр зүйл цаасан дээр үлдэж буй нь яах аргагүй “сүүдэр” унагачихсан юм. Иргэдийн цалингийн бараг тэн хагасыг татвар “залгичихдаг” хэр нь эргээд төсвөөс хүмүүст очиж байгаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ харьцуулшгүй бага. Өвдөөд очиход эмнэлгүүд нь оргүй гээд хүнд өвчтөнөө хувь заяанд нь даатгадаг, суръя гэхээр сургууль, цэцэрлэг нь нэг бол суудал нь хүрэлцэхгүй, нөгөө бол шал нь цөмөрчихнө. Ингэхээр хүнийхээ төлөө уриатай байгууллагууд нь аминд халгаатай гэсэн нэр зүүхэд ганц хуруу дутаад байна. Гурван сая хүрэхгүй цөөхөн монголчуудын төлсөн татварыг аваад үзвэл төрийн томчуудын үрдгээс хувь илүү байгаа.
“Төсөв яагаад бодлого зорилтгүйгээр батлагдаад байна гэвэл маш том бизнесийн зорилго бий” гэж Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал хэлсэн юм. Төрийн албан хаагч хэчнээн олон болоод, хэчнээн том байшинд суулаа гээд ажил нь сайжрахгүй, харин ч хүнд суртал, авлига цэцэглэнэ хэмээн тэрээр үзэж байна. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албыг цомхон, хурдан шуурхай болгоно гэж амласан ч бодит байдалд яамд нь олширсноос биш үйлчилгээ нь түргэссэнгүй. Захын жишээ гэхэд, Монгол хөгжлийн бэрхшээлгүй иргэдтэй улс орон, өөрөөр хэлбэл дэлхийд байдаггүй хүн амтай мэт харагдахаар байна. Яагаад гэвэл, тэдэнд зориулсан зам, гүүр битгий хэл цахилгаан шат ч байхгүй. Энэ онд төсөвт долоон их наяд төгрөг цугларах бол дөрвөн их наяд гаруй төгрөгийг нь үрэх юм билээ. Энэ мөнгө таны, миний амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх бол. Нээлттэй нийгэм форумаас энэ асуултад хариулт өгөхүйц үнэлэлт өгсөн байдаг. Үүнд “Төсвийн төлөвлөлт хийхдээ гол нэрийн түүхий эдийн үнийн эрсдлийг тооцоолоход зарчмын өөрчлөлт гарсан ч уул уурхайн салбараас хамаарах байдал буураагүй,төсвийн орлогын бааз суурь өргөжиж чадаагүй, эдийн засаг дахь татварын ачаалал нэмэгдсээр байгаа, татварын зардал хэт өндөр бөгөөд бууруулах магадлал бага, хүн амын орлогын татвар иргэдэд жигд, шударга (ижил хувь хэмжээгээр) ногдохгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэжээ. Төсвийн зарлагын тэлэлт хумигдаж эдийн засгийн бодит өсөлт болон инфляцтай уялдах эхлэл тавигдсан ч урсгал зардлын хувь хэмжээ өндөр, түүн дотроо цалингийн болон бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь жил бүр нэмэгдэж байгаа. Төсвийн дотор болон гадна олон тооны тусгай сан бий болж маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаагийн дийлэнх нь санхүүгийн хувьд үр ашиггүй, татаасаар санхүүждэг бөгөөд хаалттай, хяналтгүй байдлыг бий болгож байна хэмээн бас тэмдэглэсэн байв. Гивлүүрийн цаадах төрхийг дүрсэлж чадахгүйтэй адил өнөөдөр Монгол Улсын төсөв иргэдийнхээ эрх ашшигт үйлчлэх биш харин тодорхойгүй байдал үүсгэлээ. Өөрөөр хэлбэл, хүндээ халтай зарлагуудаа санхүүжүүлэхээр яарч байна.
ТӨСВИЙН ЭМЗЭГ ХЭСЭГ НЬ “ЭРҮҮЛ МЭНД”
Дээр дурдсанчлан тодорхойгүй байдал тэр чигтээ манай төсөвт бий болчихсон учир “дархлаагүй” эдийн засгийн хана хэрмийг байгуулж буй хэрэг юм. Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханшаас хэтэрхий хамаарсан төсөв нь улайхын даваанд ирэхээр хөрөнгө оруулагчдад найр тавьж, хуулиа өөрчлөхөөс аргагүйдэж байгаагаар үүнийг тайлбарлаж болно. “Coal world” сайтад тэмдэглэснээр энгийн нүүрс 85 ам.долларын ханштай байхад дэлхийн гангийн гал тогооны гол “хүнс” болсон Тавантолгойн илчит металаа бид 50-хан “ногоон”-оор хил давуулж буй нь эмзэг эдийн засгийн өвчлөлийн тод шинж тэмдэг. Төсвөөр дамжин дахин хуваарилалтад орж байгаа орлого улам нэмэгдэж байгаа болохоор эдийн засаг дахь төрийн оролцоо тэр хэрээр данхайж байгаа юм. Нэг үгээр бол татварт төлсөн мөнгийг төр дахин хуваарилж, ингэснээр энэ мөнгөний төлөөх шүлэнхийтэн шунахайрагсад олширч буй. Уг нь төсөв “зузаарсны” үр дүн нь ядуурал хэрхэн буурснаар илэрхийлэгдэх учиртай. Харсаар байтал орон сууцны үнэ “хадаж”, улам тэлж буй гэр хороолол, махны үнэ ганц 100 төгрөгөөр өсөхөд иргэдийн хэтэвчинд хэрхэн хүндээр тусч буй зэргээр үүнийг ойлгоход хялбархан. Төсвийн урсгал зардлын 63 орчим хувь нь нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийтийн ерөнхий үйлчилгээ гэсэн дөрвөн салбарт ногдож байгаа юм. Үүнийг Нээлттэй нийгэм форум харьцангуй сайн төсөвтэй гэгддэг Европын холбооны улсуудын 2010-2011 оны төсөвтэй харьцуулжээ. Ингэхэд нийтийн ерөнхий үйлчилгээ, нийгмийн хэв журам, батлан хамгаалах чиглэлийн зардлын эзлэх хувь нь ойролцоо, боловсролын зардлын эзлэх хувь илүү, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд болон спорт, чөлөөт цагт зориулах зардлын эзлэх хувь харьцангуй бага байжээ. Харин төсвийн хөрөнгө оруулалтад хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалд хамгийн их буюу 24.5 хувийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэтэл бэлэн мөнгө тараах, хавтгайрсан халамж нэрээр нийгмийн халамжийг ойлгоод, хэрэгжүүлж байгаа нь хуудуутай бодлогын жишээ юм.